• Эхлэл
  • Б.Сэрчмаа: Уран нугаралт зөвхөн циркийн урлаг биш

Б.Сэрчмаа: Уран нугаралт зөвхөн циркийн урлаг биш

2021/07/27

Монголын уран нугаралт, эртний уламжлал ба орчин үеийн циркийн урлагийн талаар Б.Сэрчмаатай ярилцлаа.

Уран нугаралтыг багаасаа хичээллэж, ясгүй мэт уян болсон хүмүүсээр төсөөлдөг байлаа. Мөн би өөрөө хүссэн ч тэсэж чадахааргүй маш хатуу дэг журамтай гэж боддог. Гэтэл уран нугаралт миний төсөөлснөөс ч агуу төдийгүй олон үе дамжин хөгжиж ирсэн эртний урлаг ажээ. Монголын уран нугаралтын төвийн үүсгэн байгуулагч, АНУ дахь Сан Франциско хотын Циркийн төвийн мастер багш, уран нугаралтын хэлтсийн захирлаар ажилладаг Б.Сэрчмаатай ярилцах боломж олдсон нь нэр төрийн хэрэг байлаа.

-Та бидэнд уран нугаралтын сургалтынхаа талаар мэдээлэл өгнө үү?
-Уран нугаралт өөрийн гэсэн сургалтын арга барилтай урлаг, циркийн акробат, гар тэнцвэр зэрэг бусад төрлүүдээс өөр. Миний багш н.Цэнд-Аюуш надад монгол уран нугаралтын уламжлалт аргыг зааж сургасан юм. Багш маань уламжлалт урлагийг циркийн техниктэй хольж, олон хүнд багшилж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжиж буй урлагийн суурийг тавьсан тул түүний нэрийг дурдахгүй байж болохгүй.

н.Цэнд-Аюуш

Н.Цэнд-Аюуш Уран нугаралт маш баялаг түүхтэй, Монголын сонгодог урлаг бөгөөд балеттай зүйрлэж болно. Хятад, Орос зэрэг бусад оронд мөн өргөн хөгжсөн ч улс бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг.

-Та хичээл заахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?
-Анхан, дунд, ахисан гэсэн гурван шатанд сургалтаа явуулдаг. Ганцаарчилсан хөтөлбөр бас бий. Анхан шатны ангиудад бид ихэвчлэн сунгалтад анхаардаг. Ингэхдээ хүчний дасгал,уян хатан байдалд тэнцүү анхаарна. Ихэнх хүн, тэр байтугай шавь нар маань ч уян хатан байдалд илүү их анхаардаг гэж боддог.

Гэхдээ дараа нь тэд “Би өөрийнхөө хүч чадал, мөрний хүч чадалд анхаарах ёстойгоо огт мэддэггүй байжээ. Би хүчээ ингэж ашиглах боломжтой гэдгээ мэдээгүй” гэдэг.

Дунд ангид мөн л хүч, уян хатан байдал дээр төвлөрч байна. Харин ахисан түвшний ангиудад тэнцвэр илүү чухал, сургалтын 60-70 хувийг эзэлдэг бол уян хатан байдал 30 орчим хувийг эзэлдэг. Шат ахих тусам хүч чадал, тэнцвэр, хяналт бий болгоход түлхүү анхаарна гэсэн үг.

Циркийн урлагт ингэж сургадаг ба бид энэ техникийг ашигладаг. Уламжлалт уран нугаралт уян хатан байдал, бүжгийг хослуулсан байдаг. Харин тэнцвэрийг нэг их авч хэлэлцдэггүй байсан. Монголын уламжлалт болон циркийн урлагийн уран нугаралтын хооронд ялгаа бий. Энэ хоёрын нэгдэл Монголын уран нугаралтын техникийг өвөрмөц болгодог. Бид бүжгийн урлагийн хэлбэр, биеийн хөдөлгөөний уламжлалтай хослуулдаг. Тийм учраас олон хүнд таалагддаг байх.

-Уран нугаралт бол илүү өргөн урлагийн хэлбэр гэж би боддог. Бид бүжиг, жүжиглэх, тэнцвэрт, уян хатан байдлыг бүгдийг нь хослуулдаг. Энэ утгаараа уран нугаралт зөвхөн циркийн урлаг биш харин дээр дурдсан бүхнийг нэгтгэсэн, урлагийн хосолсон хэлбэр юм.

Уран нугаралтыг сурахад маш хэцүү. Олон хүн сурахаар ирдэг ч тэдний бодож байгаагаас хэд дахин хэцүү байдаг. Уран нугаралт бол та өөрийгөө урлаг болгож, тэнцвэр, бүжгийн хөдөлгөөнийг илэрхийлэх явц юм. Олон хүн үүнтэй санал нийлэх байх. Манай багш ч надад ингэж заасан. Би ч сурагч нартаа ингэж хэлдэг.

-Уран нугаралтын хамгийн хэцүү байрлал юу вэ?
-Хүмүүс анх сонсоод итгэдэггүй, гэхдээ хамгийн хэцүү нь нэг гар дээрээ тогтох. Гэхдээ техникийг нь сураад, булчингаа хэзээ чангалах, суллахаа сурчихвал хэцүү зүйл байхгүй. Ихэнх хүн хамгийн хэцүү байрлалыг амаараа тогтох гэж боддог. Үүнийг сурахад нэг гар дээрээ тогтож сурахаас бага хугацаа зарцуулдаг.

-Би үүнийг Сэрчмаатай анх хоёр жилийн өмнө Японы Нагоя хотод тоглолтын үеэр танилцахдаа ойлгосон юм. Тэр биднийг тайзны ард урьсан бөгөөд бие халаалтаа хийж байсан юм. Гэхдээ Сэрчмаа уран нугаралт хийхгүй зөвхөн гар дээр тогтох бэлтгэл хийж байсан нь үнэхээр гайхалтай байсан.
-Тэгэлгүй яах вэ, мэргэжлийн хүмүүс уран нугаралтыг ямар хэцүү, ямар их хүчин чармайлт шаарддагийг сайн мэднэ. Харин мэргэжлийн бус хүмүүс, жишээ нь дөнгөж сурч эхэлж буй хүүхдүүд энэ талаар мэддэггүй, гар дээрээ зогсож сурахын тулд ямар их бэлтгэл хийх хэрэгтэйг ойлгоогүй байдаг. Энэ бол уран нугаралтын томоохон хэсэг юм. Хялбар биш учраас олон нугараач нэг гар дээр зогсох үзүүлбэрийг хийдэггүй. Гэхдээ хичээвэл боломжгүй биш. Би насанд хүрсэн олон хүнд хичээл заасан, ихэнх нь өөрсдийгөө нугарч сурахад хэт оройтсон гэж боддог. Гэхдээ уран нугаралтад насны хязгаар байдаггүй, мэдээж зарим дасгал  хэцүү ч хүн хүний онцлогоос хамаарч янз бүр.

-Уран нугараачид нэг гар дээрээ зогсох байрлалыг хэрхэн сурдаг вэ. Хамгийн эхэнд  энэ байрлалыг сурах ёстой юу?
-Бид хамгийн эхэнд гарын тэнцвэрийг заадаг. Уран нугаралтад уян хатан, тэнцвэрт байдал үргэлж хамт байдаг. Бид тэнцвэр, уран нугаралтын гарын тэнцвэрийг хоёуланг нь заадаг. Сургалтын үеэр бид үүнийг хоёр хувааж заадаг. Нуруу, хэвлий гээд бүх булчингаа удирдаж сурна, удирдаж сурах гол үндэс нь мөр байдаг. Үүнийг сурах нь гар дээр шулуун зогсох, уран нугаралтын үед гар дээр зогсохын аль алиных нь суурь болдог. Харин уран нугаралтаар хүзүү, нуруугаа сунгаж, мөрний өнцгийг өөрчилнө. Үндсэндээ биеийн жингийн тэнцвэрийг алган дээрээ янз бүрийн хэлбэрээр өгдөг гэсэн үг л дээ. Техник нь өөр боловч арга нь ижил. Би үүнийг бие махбодын тусгаарлалт гэж нэрлэдэг. Шулуун гарын байрлалыг ойлгох нь уран нугаралтын гар дээрх байрлалыг ойлгоход тусалдаг бөгөөд техник нь илүү тодорхой болдог.

Үзүүлбэрийн үеэр аль аль техникийг ашиглах нь түгээмэл. Энэ бол уран нугараачид, гар дээрээ тогтдог хүмүүсийн хоорондох хамгийн том ялгаа байх. Уран нугараачид хоёуланг нь эзэмшиж, нэгээс нөгөөд шилжих ёстой. Тиймээс тэнцвэр нь нугаралтын томоохон хэсэг юм.

-Та өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?
-Хүүхэд байхдаа өдөрт 2-3 цаг бэлтгэл хийдэг байсан. Дараа нь ахисан шатанд ойролцоогоор дөрвөн цаг бэлтгэл хийдэг байв. Заримдаа өглөө,  үдээс хойш хоёр хувааж бэлтгэлээ хийнэ. Маш их цаг хугацаа зарцуулсан. Миний бага нас сургууль, циркийн сургуульд л өнгөрсөн. Бид багштайгаа өдөрт гурван цаг хичээллээд үлдсэн дасгалууд дээрээ үргэлжлүүлэн өөрсдөө ажилладаг байв.
Найман настайдаа анх уран нугаралтын багш дээрээ очсон. Энд бол энэ их залуудаа орно. Харин Монголд хөгшиндөө орно. Анх багштайгаа уулзахад чиний нас оройтсон гэж байсан, гэхдээ миний нуруу харьцангуй уян хатан байсан болохоор намайг шавь оруулсан. Манай багш маш мундаг хүн, би үнэхээр азтай.

-Байгалиас заяасан авьяас уран нугаралтад хэр нөлөөлдөг вэ?
-Сайхан асуулт байна. Мэдээж авьяас чухал. Гэхдээ амжилтад хүрэх нь тухайн хүний хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөр дээр суурилна. Намайг бага байхад байгалиас заяасан уран байдлыг харж хүүхдүүдийг сонгодог байсан. Гэхдээ дараа нь сургуульд орсны дараа хүсэл эрмэлзэл, бие дааж хэчнээн шаргуу ажиллахаас их хамаарна. Хэрэв эрмэлзэлгүй бол хэчнээн уян хатан эсвэл авьяастай байгаад амжилтад хүрэхгүй. Надад байгалиас заяасан уян хатан, авьяастай олон шавь нар бий, гэхдээ тэд бэлтгэлээ сайн хийгээгүйгээс заримдаа амжилтад хүрч чаддаггүй. Би олон хүн байгалиас заяасан гайхалтай уян хатан биш ч амжилтад хүрч, мэргэжлийн уран нугараач болохыг харсан. Энэ бол тууштай хөдөлмөр, хүсэл эрмэлзэл юм.

 

-Та насанд хүрэгчдэд уран нугаралтын хичээл заадгийг сонсоод үнэхээр сонирхолтой санагдсан. Багаасаа суралцаагүй хүмүүсийн уян хатан байдал нь ямар байдаг вэ?
-Тухайн хүний биеийн онцлогоос их хамаардаг. Би сурагч нартайгаа нэг бүрчлэн тулж ажилладаг. Зарим хүний биеийн бүтэц хүчтэй боловч уян хатан биш байх хандлагатай байдаг.

Харин заримынх нь биеийн бүтэц угаасаа уян хатан байдаг. Заримдаа бүр хэт уян хатан байдаг нь үнэндээ хэт хөдөлгөөнт хам шинж, эмгэг юм. Ийм эмгэгтэй хүмүүс уян хатан байдлаа хянахад хэцүү.

Хяналтыг бэхжүүлэх, бий болгоход маш их цаг  зарцуулах хэрэгтэй болдог. Харин илүү хатуу биетэй хүмүүс уян хатан байдлаа нэмэхийн тулд мөн л удаан хугацаа зарцуулдаг. Тийм учраас уян хатан чанарыг хувь хүн тус бүрд тулгуурлан програмчлах хэрэгтэй болдог.

Миний хувьд насанд хүрэгчдийн сургалтын 20 гаруй жилийн туршлагатай, үүндээ үндэслээд хүн бүр хичээвэл сайжирч чаддагийг ойлгосон. Зөвхөн тухайн хүний биеийн онцлогоос хамааран зарцуулах хугацаа өөр өөр байж болно. Хүн бүр сунаж, уян хатан байдлаа сайжруулж чаддаг, гэхдээ өөрийнхөө биеийг ойлгох хэрэгтэй.

Хүүхдийн сургалтын хувьд өөр байдаг, бие нь үргэлж өсаж байдаг тул уян хатан болох нь илүү хурдан. Тиймээс циркт бага наснаас нь эхэлдэг, хүүхдүүд ямар ч урлагийн төрөл, спортоор хичээллэсэн тохиолдолд мэргэжлийн хүн болж чаддаг. Бие махбод нь ямар ч дасгалд дасан зохицдог гэсэн үг л дээ.

-Та хүүхэд, насан хүрэгчдэд хичээл заахын алинд нь илүү дуртай вэ?
-Мэдээж хүүхдүүдийн зорилго илүү том байдаг. Мөн хүүхдүүдэд зааж сургах нь их сайхан. Гэхдээ би насанд хүрэгчдэд ч хичээл заах дуртай. Би хоёр хүүхэд төрүүлсэн болохоор өөрийн биеийн өөрчлөлтийг ч харсан. Тиймээс насанд хүрэгчидтэй ажиллах нь их сонирхолтой. Өөр өөр биеийн галбиртай хүмүүст хичээл зааж, тэдний чадахаас чадахгүй хүртлээ суралцаж байгааг харах сонирхолтой байдаг юм. Нүдэн дээр л өөрчлөгдөж буй хүнийг харах нь урам зориг өгдөг.

Таны асуултад хариулахад би насанд хүрэгчдэд хичээл заах илүү дуртай. Учир нь тэд сайжрахад цаг их шаарддаг, хэцүү байдаг ч бага багаар өөрчлөгдөж байгааг нь харахад урамтай. Өдрийн төгсгөлд том ажлын ард гарснаа мэдэрч, маш их аз жаргалтай болдог доо.

Эх сурвалж: Sonja Smith-Novak, Handstand press

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин