• Эхлэл
  • Үхэр тэргээр гэрээ бариастай нь нүүж байснаа наадмаараа рекламдъя

Үхэр тэргээр гэрээ бариастай нь нүүж байснаа наадмаараа рекламдъя

2022/07/01

Үнэмшимгүй юмаар дүүрэн хорвоо ажээ энэ. Жишээ нь эртний монголчууд арав хорин амбан шар хөллөсөн аварга модон тэргэнд эзэн хааныхаа өргөө гэрийг бариатай чигээр ачаад нүүж явах юм гэнэ. Хааны асар том гэр бариастайгаа өлхөн багтах аварга өргөн тэргэнд хорин шар хөллөн нүүх гээд түүхчид минь одоо нэг оролдоод үз дээ. Тэргэн дээр бариатайгаа зөөлгөж яваа өргөөнд магадгүй хаан хатан хоёр наргиж суух гэнэ. Тэргэн дээр нүүж яваа аварга гэртээ хаан хатан хоёр заларч буй тийм том модон сийлбэр музейд хүндэтгэлтэй залагдсан байгаа. Ингэж төсөөлсөн эртний зураг бий. Тэр нь монгол зураг биш гадаад зураг. Монгол гэр үзээгүй, гэрийг унь хана тооно хаалгаар нь салгаад бод малын нуруунд авсаархнаар янгинтал ачаад хар хурдаараа шахам хэдэн өртөө нүүдгийг мэдэхгүй гадаадын түүхч-зураач тэгж будилжээ.

Гагцхүү монгол хүн хэний ч мэдээжийн дэндүү гэнэн гадаад зургийг “үнэн” болгодог Монголын ХХ зууны түүхчдийг яалтай. Түүхчид минь наанадаж модон тэрэгнийхээ дугуйг төсөөл. Эрэг боолтгүй модон шаантагнууд нь сугараад ойчмоор, дөнгөж тогтож буй майжиг жайжиг модон дугуйтай, архангайнхны хийдэг хар модон тэрэгний тавцан дээр бариастайгаа нүүж яваа аварга гэрийн хэдэн алд лужир унинууд угчуу сугачуу унаад дотор нь эрхэлж суугаа хаан хатан хоёрын толгойг манартал дэлсэхгүй гэж үү? Хатуу хучилттай засмал замгүй энхэл донхол газраар яайжигнаж яваа модон тэрэгний донсолгоонд унинууд бөөндөө унавал аварга гэрийн нүсэр тооно цөмөрнө. Нурсан том гэрт даруулсан хаан хатан хоёр мэнд үлдэх үү. Хөллөгөнд зүтгэсэн хорин шар халуунд хандсан зүгтээ оодогнохгүй парад гишгэж буй цэргүүд шиг журамтай алхална гэж үү. 

“Баян гол” зочид буудлын автобусны зогсоолын дэргэд эзэн хааны аварга гэртэй том тэрэг үзмэр болоод бэлээхэн байж байгаа. Түүхчид тийм тэргэнд хорин шар хөллөөд засмал замаар хөдөлгөөд үзээч. Хөдөлж гэмээнэ жуулчид байтугай монголчууд мөнгөө хайрлахгүй шохоорхох үзвэр-сюрприз болох бий. Наадмаараа 10-20 шар хөллөсөн аварга тэргэнд хааныхаа өргөө-гэрийг бариатай нь ачаад ордноо гороолбол жуулчдыг татах юм биш үү. 

Орос геологч-зохиолч В.А.Обручёв монгол гэрийг хэрхэн задалж буулгадаг, 30-хан хормын дотор хэрхэн барьж амждаг, гэр ямар ямар хэсгээс бүтдэг тухай “От Кяхты до Кульджи” номондоо бичсэнийг би 1960 хэдэн онд Москвад оюутан байхдаа угсаатны зүйн семинарын хичээл дээр тайлбарлаж, ангийнхаа оюутнууд, багш нарт зурж тайлбарласан юм. Тэгэхэд оюутан багш нар монгол гэрийг байшин шиг салдаггүй бат бөх баригдсан, нүүхдээ асар том тэргэн дээр бариатай чигээр нь зөөдөг оромж гэсэн ойлголттой байсан шүү. ХХ зуунд тийм ойлголттой байгаа гадныхан дундад зуунд тийм зураг зурах нь хэр биз. Манай ангийн багш оюутнууд ханыг дэлгэж эвхдэгийг, тоононд унийг нэг нэгээр нь өлгөдгийг, унийн сагалдргыг ханын толгойд углаж, гэрийн дээд конус дотуур бүслүүрт баригдан баганагүй ч цөмрөхгүй зарчимтайг сонсож мэдээд нүүдэлчдийн ухааныг (гэрээ бариатай нь тэргэнд ачаад нүүж яваа зурагнаас) арай өөрөөр үнэлж байх шиг харагдсан. Гэрээ бариатай чигээр нь тэргэнд ачаад нүүж яваа зураг бол сууринчууд нүүдэлчдийг юу ч сэтгэдэггүй зэрлэгүүд ингэж л таарна гэж юун түрүү сайрхсандаа цээжний бангаар гэнэдсэн буй зээ. 

Гэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог. 

Гайхалтай нь өдгөө монгол түүхчид нөгөө гадаад гэнэн зураач-түүхчийн үнэнд яавч нийцэхгүй инээдэмтэй зургийг түүхийнхээ музейд дуурайлган модоор зоруулаад “Эзэн хаан ингэж нүүж явсан” гэж жуулчин зочин гийчинд гайхуулдгаа бодууштай. Бас болоогүй бариастай гэрээ зөөдөг нөгөө муухай болхи модон тэрэгнийхээ “цөн” гээд дөрвөн чихтэй лужир төмөр үзүүлнэ. Тэр төмөр цөн хэрэг дээрээ хэдий үеийн хаанахын чухам юу болохыг харин тогтоох хэрэгтэй дээ түүхчид минь. 

Урьд би орос зохиолчид хэлмэрчилж төв музейд орлоо. Музейн тайлбарлагч мунадаг төмөр цөнгөөрөө гайхуулж гарав. Орос зохиолч гайхаж, “ХIII зуунд танайх ган ширээгээд ийм лужир юм хийж байсан юм уу. Би үүнийг чинь Лихачёвын гангийн үйлдвэрт саяхан ширээсэн эд гэх юм байна” гэж ёжтойхон хошигнож билээ. Тайлбарлагч түүхийн багш хижээл эр “Бид ХIII зуунд хүдэр хайлуулж байсан. Уулын өндөр хяр дахь тавчхан ониор олгойдох ширүүн салхи тосгуулан гал өрдөж, асар том салхин хөөргөөр хөөрөгдөж, ган төмөр гарган авч байсан” гэж хөөрөхөд орос зохиолч “Юу л бол доо” гэсэн царайтай үлдсэн. 

Тайлбарлагчийн ярьсан аргаар бид яагаад үргэлжлүүлэн ган үйлдвэрлээгүй юм бол гэсэн харамсал надад төрж билээ. ХIII зуунаас уулын салхиар хүдэр боловсруулж ган үйлдвэрлэж эхэлсэн бол өдийд бид ингэж лойгоогүй. Дэлгэр зун нь өчүүхэн богино, хахир хүйтэн хавар намар өвлийн турш таван хошуу мал минь зэрлэг ан амьтан шигээ бэлчээрийн тарчиг өвсөөр хооллоно. Ган зудад ээлжлэн балбуулсан мал сүргийнхээ араас өдөр шөнөгүй ундуй сундуй хөөцөлдсөн монголчуудад хүдэр шатааж, ган ширээх зав үнэндээ гараагүй. Тэнэгтээ ухаан дутсан юм биш. Цасан шуурга, улаан шороо, хүйтэн бороонд мориноосоо буух чөлөөгүй мал малын зах руу хурдалж амьдарсан хөөрхий нүүдэлч дээдсийн минь зовлонг мэдэхгүйдээ бүдүүлэг тэнэгээр нь ямагт дуудаж сайрхдаг харийн их зантангуудад зүй нь монгол түүхчид ойлгуулах үүрэгтэй сэн. 

Нүүдэлчдэд түүхээ бичээд сууж байдаг зав гарсангүй. Соргог бэлчээр хөөж ямагт нүүж явахын хажуугаар хот байгуулах гэж мангартвал дэндүү тэнэглэл болно. Хааны өргөө-гэр нь ч бэлчээр даган нүүнэ. Түүхээ хэдэн үеэр нь дэс дараалан бичвэл нүсэр ачаа болно. Авдрандаа хадгалах уу, агуйд булах уу. Нүүхэд зориулж хөнгөн авсаар амьдардаг хүмүүс бичсэн их түүхээ ямагт тээж нүүх бололцоогүй. Түүхээ бичээд хадгалан авч явах бололцоо нүүдэлчдэд амьдрал нь олгосонгүй. Тэгээд гол төлөв сууринчуудын сурвалж бичгээс Монголын түүхийг хайх болдог. Усгүй ээрэм их говийн чанад дахь сураг төдий нүүдэлчдийн талаар мэдээ сурвалж улс гүрнүүдэд бараг сонсогдсонгүй. Монголыг нүдээр үзээгүй явган тариачдад буруу зөрүү төсөөлөл бишгүй байдаг. Хамгийн ойр Хятад, Персэд буй сурвалж бичиг нь дээрх зураг шиг гэнэн юм голдуу байдаг аж. 

Тиймээс Монголын түүх гэгчид итгэхэд хэцүү. Нэг үгээр хэлэхэд Монголын түүх нууц хэвээр үлджээ. Түүнийг хэнбугай ч шохоорхоод бүрэн нээхгүй биз. Юун Чингисийн онгон монгон. Аягүйтвал Чингисийн шарилыг өндөр сарьдгийн оргилд авч гараад эвдэж хэсэглэн хувааж, тэнгэрт эргэлдэх сүрлэг тас шувуудад шидэж өгөө биз. Тэгээд тас шувууд их эзэн хааны хэсэглэсэн мөч жацыг агаарт газар хүргэлгүй шүүрч байсныг монголчууд хараад “Эзэн Чингис минь нүгэл багатай хүн байжээ. Дээш шидсэн цогцсыг нь шонхрууд газар унагаж шороодолгүй тэнгэрт шүүрэн зооглож байна” гэж бэлэгшээж байсан ч юм билүү. 

Нотлох баримтгүй элэнц хуланцыг орхиж саяхны түүхийг аваад үзье. Бас л үнэмших аргагүй будилаан бишгүй. Ардын хувьсгалын түүх байна. Монголд нийгмийн хувьсгал гарах гадаад дотоод нөхцөл бүрэлдэж, дарлал мөлжлөгөд уур хилэн нь эцэстээ тултал бадарсан 400 морьт монгол партизан 10 мянган гаминг Алтанбулагт хиар цохьсон түүх дурайтал бичээстэй байгаа. Одоо ч сургуулиудад ингэж зааж буй.

Нэг партизан өвгөн ам халаад үг алдсан тухай зохиолч Ж.Лхагва надад ингэж ярьсан юм: хэдэн морьтой хүн нэг шөнө Алтанбулагийн ойролцоо хэний ч гэлээ (нэрийг мартаж) өвөлжөөн дээр хар үүрээр дурамчхан цугларчээ. Дурамчхан цугларсны учир гэвэл тэднийг тусгай зараар албадан цуглуулсан юмсанж. Сүрхий ч хүйтэн шөнө байж. Тэгтэл тэдэн дээр үүрийн жавраар лам хар монгол дээл давхарлаж өмссөн нэлээд хэдэн орос цэрэг пулемёт буугаа түрсээр ирж Наймаа суурин руу дөхөж очоод гал нээжээ. Монголд ардын хувьсгал эхэлж буй нь тэр. Жаахан базаахгүй нь лам хар монгол дээл өөрсдийнхөө цэрэг хувцасны гадуур давхарлаж нөмөрсөн оросууд манай домогт хувьсгалыг эхэлсэн ч юм шиг. Бас болоогүй, дотоод гадаад объектив субъектив тохироо нь бүрдсэн нийгмийн социалист хувьсгалыг шүү. 

Гамингууд оросуудын өөдөөс огт эсэргүүцэлгүй хойшоо хил даваад ундуй сундуй зугтаад арилжээ. Үүнийг орос хятад хоёр урьд нь тохирсон жүжиг ч гэдэг. Хил давж зугтсан гамингууд Оросын вагонд сууж Манжуураар харьсан юм гэнэ лээ. Октябрийн хувьсгалын шууд нөлөөгөөр бүдүүлэг харанхуй Монголыг олон зуун жилийн нойрноос сэрээсэн ардын хувьсгалын анхны буун дууны тухай нулимс мэлтэлзүүлсэн нийтлэл бичихээр догдолсон Лхагва зохиолчийн урмыг өвгөн партизаны хууч гомдмоор унтраасан тул тэр бээр,

-Оросуудыг галлаж байхад монгол партизанууд юугаа хийж байсан юм бэ гэж аягүйцахад нөгөө партизан,

-Оросууд буудаж байхад буу зэвсэггүй бид юугаа хийхэв. Пулемётоороо шүршиж байгаа оросуудын ард зогсоод тэдний яаж бууддагийг, хятадуудын яаж үхдэгийг сонирхохоор үүрийн жаварт морин дээрээ бээвийлдэж байсан гэжээ.

-Та нар зэвсэггүй ч гэсэн ядаж гардан байлдаанд ороогүй юм уу?

-Юун гардан байлдаан. Бид бүгдээрээ дах тэхдийтэй, хөдөлж чадахгүй шахам амьтад, тэгээд ч хятадууд хойшоо Оросын хил даваад арилсан юм чинь хэнтэйгээ гардан байлдах билээ гэж нөгөө партизан өвгөн гоморхжээ.

Бидний заалгасан түүхээс өвгөн партизаны яриа тэс өөр болоод явчихав. Алийг үнэн гэх вэ? Өвгөн партизанд худал ярьж, өөрсдийнхөө мандуулсан Ардын хувьсгалыг унтраах ашиг сонирхол баймгүй. Бидний заалгаж, итгэж шүтсэн түүх маань худал бол ерөөсөө түүхгүй байсан нь шулуун баймаар. Түүх нэг л жимтэй. Түүх хоёр жимээр яваагүй. Тэгэхээр түүхийн үнэн нэг л байх ёстой. Тэр үнэнийг л мэдэхсэн. Үзэл сурталжсан түүх заавал нэг өмхий санаа агуулдаг. 

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор би Сүх жанжны хөтөч явсан нэг өвгөн партизаны хөргийг зурж ярилцлага авч “Тоншуул” сэтгүүлд наадмаар нийтэлсэн нь эдүгээ архивт буй. Түүний ярьсан нь:

-Би жанжны хөтөч болохоор дэргэд нь цуг явна. Бид Да хүрээнд орж ирлээ. Бидэнтэй байлдах нь байтугай, биднийг угтах хүн ч ирсэнгүй. Биднийг хүрээнийхэн хүн гэж тоож анзаарсангүйд цөмөөрөө жаахан гомдолтой, хүрээний өндөр хог хавиар “Хаачъя даа байз хө” гэж хэсэг эргэлдсэнээ хаачихаа мэдэхгүй, хэнтэй уулзахаа оноохгүй баахан гиюүрээд сүүлдээ “Ерөөсөө Богдод бараалъя” гээд голын ногоон сүм рүү давхилаа. Бид бүгдээрээ хүүхэд. Жанжин хорь гарсан, би арван естэй байсан юм. Сүмийн гадаа очоод жанжин морио надад бариулаад өөрөө дотогш оров. Бид гадаа нэлээд хүлээлээ. Тэгтэл жанжин маань гараад ирэв. Сайхан шүдтэй хүн байсан юм. Яралзтал инээсээр гарч ирлээ. Бид ч баярлав. 

-За Богд юу гэж байна гэвэл жанжин,

-Богд надад өөрийн мутраар адис өгөөд намайг “Миний захиалгатай хүү дээ” гэлээ гээд жигтэйхэн баярлачихсан байж билээ гэж Сүхбаатарын хөтөч хуучлав. 

Түүхэнд бичсэнээр бол Хүрээг чөлөөлөх ардын хувьсгалын шийдвэрлэх их тулаан болж, Богдоос тамгыг нь хурааж аваагүйсэн биш билүү. Тийм зохиол, тийм кино ч олон бий. Сүх жанжны дайчид Хүрээг чөлөөлж буй кинонуудыг одоо ч байн байн үзүүлж нялхсын тархинд шингээсээр. Киноны диалог кадрууд маниуст бүр цээжлэгдсэн. Хүрээнд гав гинжтэй тамлагдсан эх орончид болон сөгдсөн, мөлхсөн гуйлгачид хөглөрнө. Шонгоос унжигнах дүүжлээтэй үхдэлүүд. Ерөнхийдөө аймшигт тамаас аварч буй Ардын хувьсгалын бахдам гавъяаг магтсан кинонууд.

Хамгийн гол нь кинонд гарч буй аймшиг бол зохиомол бус Их хүрээг чөлөөлөхөд кино хальсанд буусан бодит амьдрал мэтээр харанхуй монголчуудын тархинд хадагдсан юм. Хадсан юм. Урлаг нэрийн дор түүхийг гуйвуулснаа бодит байдлыг хальсанд буулгасан баримтат киноны бичлэг гэж лавшруулахаар өдгөө телевизийн сувгуудаар түүхийн үнэн болгон ухуулж, нялх үрсийг минь төөрүүлж, онгон тархийг нь бохирлосоор байна. Эргэлзээ дагуулсан энэ бяцхан намтрын чанад чимээгүй үнэн зэрэглээ, зөн совин мэт сүүтэлзэв. Түүхийн манан будангийн дундаас аав ээж шиг минь дотно үнэн намайг орхихгүй мөрдөөд ч байх шиг*.

*Итгэл төрүүлдэггүй түүхийн тухай эргэцүүллийн хэсэг.

Ц.Доржготов

Эх сурвалж:baabar.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин