Ямар ч улс орон, хотын хууль журмын биелэлт, хандлагыг замын хөдөлгөөнөөс нь харж болно гэдэг. Олон жилийн өмнө энэ үгийг сонсоход Улаанбаатар хотын зам тэр чигээрээ энхэл донхол, хотын төв цэгийн гарцаараа ч хүн малгүй, гэрэл дохиогүй сүлжилдэж, машин тэрэг нь ч замтай замгүй, дүрэмтэй дүрэмгүй давхилдаж байдаг байв даа.
Харин одоо зам харьцангуй сайжирч, ядахдаа төвийн дүүргүүдээрээ \уучлаарай захаар ч мөн ижилдүү\ хүмүүс нь гэрлэн дохио, гарцаар гарахаар хүлээн зогсдог, машинууд нь харин давхихтай үгүйтэй, түгжрэлдэнхэн шамбааралданхан мөлхдөг шахуу болсон. Нэг талаар бага ч гэсэн дэвшилттэй.
Харин өнөөдөр замын хөдөлгөөнийн “хэлэмж”-ийг сүүлд гарсан хоёр ослын хэргээс харвал:
-Айдас, хүйдэс. Хэдийгээр овоо л хууль дүрмээ мөрдөх, мөрдүүлэх гэж хичээдэг болсон ч хэзээ ч хаанаас ч хэн нэг улаан галзуу нисч гарч ирээд хэний ч амийг хөнөөж болох түгшүүр. Та ч, таны хүүхэд ч зүгээр л явган хүний замаар явж байхдаа амиа алдаж мэднэ. Зүгээр л мина зүүсэн галзуучууд дүүрэн хот гэж хэлж болно.
-Хууль дүрмэнд ч, түүнийг нь хэрэгжүүлэгчдэд огт итгэхээ больсон ”үзэгдэл”. Яагаад гэвэл “тэд” аль хэдийнэ итгэлийг нь алдсан.
-Кастын систем. Хүмүүсийн хамгийн их маргаж, эргэлзэж байгаа зүйл нь осол гаргагчийн ард нөлөө бүхий хүн байгаа учраас мэдээллийг нуун дарагдуулж байгаа хийгээд түүнд хариуцлага тооцохгүй байх гэсэн хардлага. Магадгүй хардлага биш бодит байдал. Магадгүй дээр замын хөдөлгөөний “хэлэмж”-ийн өнөөгийн нийгмийн хамгийн том илэрц, хамгийн том асуудал байж болох. Ерөөсөө л “ТЭД” хэмээх нэгэн хэсэг бусад хэмээх биднээс тэс өөр амьдралаар амьдарч, хууль журмыг нулимагчид болсныг сошиалын хурц стресс, хараал зүхлээс нэвт үнэртэх шиг. Хараахгүй гээд ч яах юм билээ. Жич:Саяхан гарсан хоёр үнэтэй машин мөргөлдсөн байгаа зургийг хүмүүс үзэн ядаж, “Больж, муу баячууд” гэж хараан загнаж байгаа нь ч Монголд кастын систем гүн гүнзгий “суурьшиж” буйн нэгэн илрэл биз.
Эцэст нь, андуу ташаа мэдээлэл сэвэгчид, юугаа ч мэдэхгүй зүгээр л хараан хашгирагчид, мэдээллээ бус мэдээлэл дамжуулагч, эсвэл мэдээлсэн, мэдээлээгүй гэж бүх хэвлэлийнхнийг хардан хараах гэх мэт өнөөдрийн сошиалын их стрессийг харуулж байгааг сануулах юун. Сошиалын стрессийн талаар тусад нь өгүүлэх нь зүйтэй байх.
Товчхондоо Монголын өнөөдрийн нийгмийн өгүүлэмжийг осол ийнхүү өгүүлж байна даа.
А.Туяа
PS:Сошиалд түгээгдэж буй зургийг ашиглав.
Сэтгэгдэл байхгүй байна