• Эхлэл
  • Т.Батцогт: Дугаараар хязгаарлаж, бордюртай зууралдсанаар асуудал шийдэгдэхгүй

Т.Батцогт: Дугаараар хязгаарлаж, бордюртай зууралдсанаар асуудал шийдэгдэхгүй

2024/09/29

Нийслэлийн автозамын түгжрэл сүүлийн жилүүдэд утгаа алдаж нийслэлчүүд зам дээрээ тэг зогсолт хийх нь хэвийн үзэгдэл болсон. Улаанбаатар хотын иргэд жилийн 12 сарын 1 сарыг зам дээр түгжрэлд өнгөрүүлж байгаа судалгаа гарсан байна. Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн автомашины тоог удахгүй 720 мянгаар хязгаарлана” гэж бодлогогүй мэдэгдсэн нь тээврийн хэрэгслийн тоог огцом нэмэгдүүлэхэд нөлөөлж, ченжүүд машины үнийг тэнгэрт тултал нэмж байна.

Эрх баригчид тусгайлсан сайд томилж, замын бродуюр өөрчилснөөс өөрөөр бодитой ажил хийгээгүйгээс дорвитой үр дүн гаралгүй, ид хүйтний улиралд тэгш сондгойгоор явуулахаас өөр шийдэлгүй өнөөг хүрлээ.

НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа энэ үед нийслэлийн гол асуудал болоод байгаа түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн АН-аас хэрхэн ажиллах талаар мөрийн хөтөлбөртөө тусган зорьж буйг сонирхлоо.

Нийслэлийн АН-ын дарга, БЗД-ийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Батцогт “Ганц нүхэн гарц, ганц гүүр барих гэж хэдэн зуун тэрбумыг үрж, хэдэн жил удааширч байгааг хотоороо харж байна. Яст мэлхийн хурдаар нийслэлийн түгжрэлийг хэзээ ч шийдэхгүй. Манай хот дүрэмгүй хот болчихсон. Дүрэм зөрчсөн хүмүүсийн толгойг илдэг, өөгшүүлдэг, хүндээ, хүүхэддээ ээлгүй хот болон хувирсан. Суррон, скүүтер, мопед, мотоциклоос үүдэлтэй осол нэмэгдээд ирэхээр ганцхан хориглох саналаас өөр шийд гаргаж чадахгүй дэндүү үхээнц арчаагүй байна. Яагаад унадаг дугуй, суррон, скүүтер, мопедод зориулсан замыг нь барих тухай хэн ч ярихгүй байгаа юм. Тийм замтай болчихвол явган хүндээ ч аюулгүй, автомашиныхаа хөдөлгөөнд ч тээргүй, түгжрэлийг багасгахад нэмэртэй. Өнөөдөр УБ хот дүрэмгүйгээс, бас дүрэм зөрчигчдөд хариуцлага тооцож чадахгүй байгаагаас болж түгжирч байгаа юм. Өнөөдөр УБ хот машиндаа ч, явган хүндээ ч зориулагдсан шаардлагатай хэмжээний гудамж зам байхгүйгээс түгжирч байгаа юм. 1.6 сая хүнтэй хот атлаа Туул Сэлбэ гол дээрээ 10 хүрэхгүй гүүртэй. Хоёр түвшний огтлолцолтой замтай. Түгжрэлийг шийдэх шийдэл нь хангалттай хэмжээний замтай, хангалттай хэмжээний нийтийн тээвэртэй, хангалттай хэмжээний зогсоолтой байх асуудал. Нийтийн тээврийн автобус нь тусгай замаар огт түгжрэхгүй зорчдог байх, иргэд нь унадаг дугуй, скүүтер, сурроны тусгай замаар явган хүндээ тээг садаа болохгүйгээр явдаг байх, машин тэрэгтэй хүмүүс аль болох түгжрэл багатай дуртай замаа сонгоод явдаг байх тэр сонголт, тэр нөхцөл бололцоог нь бүрдүүлэх учиртай. Түүнээс биш түгжрэлийг түгжиж, хориглож, лоозогнож, бордюртай зууралдсанаар асуудал шийдэгдэхгүй” гэж үзэж байгаа тухай асуудал болон шийдлийн тухай тодорхойлж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин