• Эхлэл
  • Төрийн хос тамга атгасан анхны улстөрч С.Бямбацогтын давхар буулгатай дөрвөн сар эхэллээ

Төрийн хос тамга атгасан анхны улстөрч С.Бямбацогтын давхар буулгатай дөрвөн сар эхэллээ

2026/11/24

Морин жил Монголын улс төрд заавал нэгэн түүх үлдээгээд байдаг. “Сүрээр дарагч” гал морин жилд Монгол төрийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сонин үйл явдал боллоо. Хуульд заасны дагуу түүний орыг залгамжилж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэхээр болов.

Энэхүү анхны, онцгой тохиолдол нь Сандагийн Бямбацогт гэдэг улстөрчид тохиож буй хувь тавилан гэхээсээ илүү нийт ард иргэдэд “Бүрэн эрх гэдэг бол эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл гэдгийг ухааруулсан явдал” боллоо.

Өнөөдрийг хүртэл бид бүрэн эрхийг зөвхөн эрх гэдэг талаас нь харж, ойлгож иржээ. УИХ-ын гишүүд хүртэл тангарагт нь заасан “Ард түмний элч төлөөлөгч” гэдэг үгсийг эрхээ эдлэхдээ ашигладаг мөртлөө хуралдаа сууж ард түмнээ төлөөлөх үүргээ биелүүлэх ойлгодоггүй өдийг хүрчээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын даргад шилжих хуулийн заалтыг хараад сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилогчдын дотор өнөөдрийг хүртэл нэр нь яваа С.Бямбацогтыг бараг л Еренхийлөгчийн өрөөнд нь сууж байгаад сонгуульд өрсөлдөх нь гэсэн таамаг дэвшүүлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалыг Монголын түүхэнд анх удаа хашихаар болоод байгаа тэрбээр сонгуулийн дуулиан эхлэхийн “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгчийн тамгыг гардан авсныхаа дараа “Үндэсний эв нэгдэл, Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө онцгой анхаарч ажиллана” гэсэн товчхон тайлбарыг хэлсэн. Энэ бол эдлэх эрхээсээ илүү хариуцах үүргээ ухамсарласан хүнээс л гарах маш чухал үг.

IMG_0266

Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дарга 22 эрхтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй. Бусад хуульд зааснаар 45 бүрэн эрхтэй юм билээ. Тиймээс “Анх удаа ийм тохиолдол үүсээд буй учраас Ерөнхийлөгчийн хэрхэн үүрэг гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно” гэдгээ УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт хариуцлагатайгаар мэдэгдсэн бөгөөд “Миний бие зайлшгүй шаардлагатай бүрэн эрхийг л хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Хуульд “Бүрэн эрхийг Бүрэн хэрэгжүүлэх” гэж заасныг онцолъё. Сүрдмээр энэ том эрх мэдлийг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд” гэж өөртөө хязгаарлаж буй нь тухайн улстөрчийн Төрөө хүндэтгэх ухамсар, эрх мэдлийн салаа мөчрийг зөв ойлгох төлөвшил, ноён нуруу, ард иргэд хэрхэн хүлээн авах бол гэдгийг мэдэрсэн торгон мэдрэмжийг харууллаа.

Ирэх хаврын сонгуулийн үеэр ард иргэд үнийн өсөлтийн “зуд”-нд хэрхэн зүдэрч болзошгүй, тэр нь улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтайг хамгийн бодитой таамаглаж буй ийм цаг үед УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөр Монгол Төрийн хамгийн өндөр хоёр суудал эзгүйрч, Үндсэн хуулийн хямралд ч хүргэж мэдэхээр нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тиймээс УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд улс орны эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж, Үндсэн хууль, бусад бүх хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахад хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг маш өргөн хүрээнд ажиллах онцгой үүрэгтэй учраас тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн биз ээ.

Өчигдөр Их тэнгэрт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьсан байна лээ. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхийн өмнө намаасаа түдгэлзсэн байх ёстой. Харин С.Бямбацогтын хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөөгүй, өргөхгүй. Үндсэн хуульд заасан шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн учраас намын гишүүнээс түдгэлзэх шаардлага үүсээгүй гэдгийг хуульчид тайлбарлаж буй.

Ингээд улстөрчид сонгуульдаа! Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах үүргийг, Төрийн тэргүүний бүрэн эрхийн хамт хэрэгжүүлэх болсон Сандагийн Бямбацогт давхар дуулгаа үүрээд төрийн их ажилдаа үргэлжлүүлэн зүтгэх нь. Танд уншигчдынхаа өмнөөс мэргэн саруул ухаанаар шийдвэр гаргаж, мэдрэмжтэй, хариуцлагатай ажиллахыг ерөөж амжилт хүсье!

Нийтлэлч У.Оргилмаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна