• Эхлэл
  • Танилц: Анхаарал татах үзвэр, тоглолтын хуваарь

Танилц: Анхаарал татах үзвэр, тоглолтын хуваарь

2026/11/20

Ойрын өдрүүдэд театрын тайзнаа тоглогдох жүжгүүд болон Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах барилдааны хуваарийг сайт танилцуулж байна.

“АМЬТНЫ ФЕРМ” МЕТАДРАМЫН ЖҮЖИГ

Жорж Оруэллийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг үзэгчдийн хүртээл болоод чамгүй хугацааг ардаа үдэж байна. Тайзнаа амилсан цагаасаа эхлэн урлаг шүүмжлэгчдийн анхаарлыг ихээр татахын зэрэгцээ чадварлаг залуу жүжигчдээр багаа бүрдүүлсэн тус жүжиг үзэгчдийн хүлээлтээс давж, өндөр үнэлгээ аваад байгаа талаар цахим орчинд олон нийт сэтгэгдлээ хуваалцах болсон.

Уг “Амьтны ферм” метадрамын жүжигт МУГЖ П.Эрдэнэзаан, МУСТА Ц.Ганзориг, МУСТА Э.Намуун болон орчуулгын киноны дуу оруулагч Д.Батцэцэг нар тус тус дүр бүтээж байгаа юм.

Улс төрийн эмгэнэлт зохиолын нэг болох “Амьтны ферм” метадрам жүжгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хэзээ: 2026.11.20-23 19:00 цагт

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Насны ангилал: 16+

Тасалбарын үнэ: 40,000-80,000 төгрөг

НОРСОН ЗҮРХ МЮЗИКЛ

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг, залуу артистуудтай хамтран Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх "НОРСОН ЗҮРХ" бүрэн хэмжээний мюзиклыг үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжиж буй дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийн хамтарсан томоохон тайзны төсөл юм. Мюзикл галт тэрэгний буудал дээр аавыгаа хүлээх охины тухай өгүүлэх бөгөөд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулна.

Хэзээ: 2026.11.19 19:00 цагт

Хаана: Ug palace event hall

Насны ангилал: 6+

Тасалбарын үнэ: 80,000-400,000 төгрөг

АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ ШИНЭ УЛИРЛЫН БАРИЛДААН 2026-2027

Монголын Үндэсний бөхийн холбооноос “Алтан цом” барилдааны шинэ улирлын хоёр дахь барилдааны хуваарийг танилцууллаа. Энэ удаагийн үндэсний бөхийн барилдаанд “Увснуур” дэвжээ “Хатант интернэшнл” багтай, “Апу Скайтел” баг “Ажнай” багтай тус тус хүч үзнэ. Харин “Ховд” дэвжээ “Эв Монгол” багтай учраа таарч байгаа аж. Үндэсний бөх сонирхогчид нутаг нутгийнхаа хүчит бөхчүүдийг нэгэн дээвэр дор уухайлан дэмжиж, барилдааныг нь шимтэн үзэх боломжтой юм.

Хаана: Монгол бөхийн өргөө

Хэзээ: 2026.11.21 14:00

Насны ангилал: 5+

Тасалбарын үнэ: 10,000-90,000 төгрөг

“ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖИГ

Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсрыг сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ. Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар УГЗ Т.Ганхуяг тус тус ажиллаж байна.

Хэзээ: 2026.11.26 17:00 цагт

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Насны ангилал: 15+

Тасалбарын үнэ: 30,000-100,000 төгрөг

"ИРЭЭДҮЙГ АВАРСАН АЯЛАЛ" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэн хүн төрөлхтөн амьдрахад бэрх болсон ирээдүйгээс эрдэмтэн Ю болон гурван хүүхэд эх дэлхийгээ аврах итгэл найдвар өвөрлөн өнгөрсөн цаг хугацаа руу аялна. Тэдний адал явдлаар дамжуулан байгаль орчны доройтол, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй сонголтын үр дагаврыг харуулахын зэрэгцээ шударга, зөв хандлага, бусдын болон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийн үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулна. Энэхүү танин мэдэхүйн адал явдалт жүжиг нь эх дэлхийгээ хайрлах, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадлыг багаас нь төлөвшүүлэх ач холбогдолтой.

Хэзээ: 2026.11.21 11:00 цагт

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр

Үргэлжлэх хугацаа: 60 Минут

Насны ангилал: 5+

Тасалбарын үнэ: 20,000 төгрөг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна