
Сэтгүүлч Б.Даваахүүд холбогдох хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2026.11.19/ мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Олон нийтийн мэдэх эрхийг хангах, нийгэмд үүссэн мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор өнөөдөр дараах мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр цахим орчинд төрийн албан тушаалтнуудын гэрэл зургийг ашиглан, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 3 минут 45 секундын хугацаатай дүрс бичлэг нийтэлсэн, мөн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Тод хар” цахим хуудсаар улс төрийн албан тушаалтнуудын гэрэл зургийг эвлүүлэн, олон нийтэд мэдээлэл түгээсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн Д нь нэр бүхий иргэдтэй бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулахаар баримт, мэдээлэл тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Уг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэр бүхий иргэдийн орон байр, гар утас, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Энэ үеэр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй цахим хуудас, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын дүрс бичлэг, таньж олуулах ажиллагааны үр дүн, мөн нэр бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансанд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан. Эдгээр нотлох баримтад үндэслэн прокурорын байгууллагаас холбогдох санал гаргаж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн иргэн Д, М, Л нарыг дээр дурдсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар татсан. Түүнчлэн хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй иргэн М нь 100 болон түүнээс дээш үүрэн холбооны дугаар ашиглаж, бидний тогтоосноор 2,000 болон түүнээс дээш хуурамч буюу тролл цахим хаяг үүсгэн, тэдгээрт хөгжүүлэлт хийдэг, олон дагагчтай цахим хаягуудыг худалдан авч, улмаар тэдгээр хаягаар дамжуулан захиалгат мэдээлэл түгээдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн БНХАУ болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байрлах, мэдээллийн хандалтыг нэмэгдүүлэх, тухайн мэдээллийн агуулгатай холбоотойгоор нэр хүндэд халдсан сөрөг сэтгэгдлийг олноор бичих зориулалттай программ ашиглаж байсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэлээ.
Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна
Харин үүний дараа сэтгүүлчийн өмгөөлөгч болох Ч.Өнөржаргал энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ сарын 17-нд Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулж, гадуур шалгуулах хүсэлтийг тавьсан ч уг хүсэлтийг шүүх хүлээж аваагүй бөгөөд цагдан хорих хугацааг хэвээр үлдээсэн.
Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал

-Өмгөөлөгчийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчээс авсан зөвшөөрлийн хэмжээнд мэдээлэл өгөх эрхтэй. Тиймээс хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал болоод нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл хийлээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой хугацаа, ажил орно. Ингээд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ нэр бүхий дөрвөн иргэнтэй Эрүүгийн хуулийн 23.7 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоодсон гэдэг мэдээллийг олон нийтэд өглөө. Үүнийг сэтгүүлчийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж харж байна.
Өмгөөлөгчийнх нь хувьд миний үйлчлүүлэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр түүний холбогдсон хэргийг нь шалгуулах хүсэлтийг гаргасан.
Б.Даваахүүд холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь 2026 оны есдүгээр сараас эхлэн холбогдуулан шалгаж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байна. Б.Даваахүүг энэ сарын 6-нд ажлын байр дээрээ байхад нь дөрвөн албан хаагч баривчлан, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тогтоолыг харахаар Эрүүгийн хуулийн 23.7-д заасан нийтийн албан тушаалтныг заналхийсэн гэдэг заалтад үндэслэн шалгаж байгаа.
Цагдаагийн байгууллага хэн нэгний гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад гэм буруутай нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа хүний нэр хүндэд халдсан үйлдэл болж байна.


Сэтгэгдэл байхгүй байна