
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ Төрийн ордонд хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилохыг дэмжсэн. Учир нь өнгөрсөн Даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдэж, Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг чөлөөлсөн байдаг. Харин түүний оронд томилохоор дэмжигдсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2022 оны нэгдүгээр сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрнээс өмнө 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн байдаг. Мөн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын "Корейн Айр" компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр 2021-2025 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2025 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 76 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 28.8 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай бөгөөд нийт 450 сая төгрөгийн үнэлгээтэй ажээ. Мөн 400 м2 өмчлөх эрхтэй нэг газраа 100 сая төгрөгөөр үнэлсэн бол хувьдаа автомашингүй, мал сүрэггүй гэжээ. Дотоодын банкинд 32 сая төгрөгийн хадгаламжтай, 215 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "СЖ С энд С Корп" ХК-д хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг байна.
АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг энд дарж үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна