Өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу хэдхэн долоо хоногийн өмнөөс Монгол Улсын нийгэм, улс төрд ихээхэн үймээн шуугиан дэгдээд байгаа. Улстөрчид сонгуультай холбоотой дээгүүр маргалдаж байх зуур иргэд Наймагн шарга валют арилжааны газрын орчим үймэцгээж байна.
Тэд ямар учраас ийн үймэж байгааг бид өмн нь мэдээлж байсан. Эргэн сануулбал: Иргэдийн дунд үүсээд байгаа 1072 хувьцааны асуудал хурцаар хөндөгдөж байна. 1072 хувьцааг худалдаж байгаа цуу ярианаас үүдэлтэй иргэд энд цуглаад сар гаруй хугацааг ардаа орхилоо. Гэвч энэ цуу яриаг ташаа мэдээлэл хэмээн албаныхан хэлж байгаа ч гэлээ иргэд үүнд итгэхийг ч хүсэхгүй харин худалд итгэн хувьцааг нь худалдан авах гадаад иргэдийг хүлээж сууна. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцааг гадуур худалдаж авсан эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлаар 1072 ширхэг хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэв.
Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломжгүй аж. “Урт цагаан”, “Найман шарга” зэрэг хэд хэдэн газар цугларсан зарим иргэдийн ярьсан шиг хувьцааг бараа шиг гараас гарт дамжуулан гэрээ байгуулж, зарж болохгүй юм байна.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, шалгалтыг үргэлжлүүлж байна. Мөрдөн байцаалтын явцад хувьцаагаа зарсан тохиолдол албан ёсоор тогтоогдоогүй гэдгийг ЦЕГ-аас мэдэгдсэн юм. Гэхдээ хэрэгт эрүү үүсгэх эсэхээ шийдэхээр шалгалтыг үргэлжлүүлж байгаа гэв.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг байцаах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тэд шалгагдах үедээ ЭТТ-н хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлыг идэвхжүүлэх үүднээс хувьцаа худалдаж авна гэсэн худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвөөрсөн байна.
Мөн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн ташаа мэдээллээс үүдэн Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс ихээр цуглаж, нийгмийн дэг журам алдагдан, ойр орчмын оршин суугчдаас нь цагдаагийн байгууллагад гомдол ихээр ирэх болсон бөгөөд өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 83 орчим хувийг төр, 17 орчим хувийг 2.5 сая иргэн, 0.06 орчим хуувийг 553 ААН эзэмшиж байна.
Тиймээс энэ мэдээлэл худал гэдгийг албаныхан албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Харин энэхүү мэдээлэлд иргэд итгэх үгүйг хэн ч мэдэхгүй байгаа билээ. Өмнө нь иргэдэд удаа дараа хувьцаа худалдаалах боломжгүй, ташаа мэдээлэл тарж байгаа тул олноор цуглахыг хориглож, цугласан иргэдийг тараах гэсэн цагдаа нарын хүч хүрэхээ больсон.
Тэнд цугласан иргэд “Нийгэм ядуу, эдийн засаг хямралд орж, ажилгүйдэл ихэсч байхад бид энэ хувьцаагаа зарж мөнгө болгох хэрэгтэй. Ер нь хужаад ч зарсан яадаг юм. Төр засаг нь ард иргэдээ ийн юу хийхээс буцхааргүй байдалд оруулж байгаагын буруу. Бид хувьцаагаа зарсан цагт эндээс явах болно” хэмээв. Харин зарим иргэд тэднийг буруу үйлдэл хийж байна гэж шүүмжилж байгаа билээ.
“Хувьцааг зарах ямар боломж байхгүй худалдах, худалдан авах гэрээгээр зарж байна гэнэ. Уг нь хоёрдугаар ээлжийн арилжаа хийгдэх үед л хувьцааг худалдах боломжтой. Харин энэ үйл явдал Монголын ард түмэн мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн байгааг харуулж байна. Үнэхээр ингэж хувьцаагаа хятадуудад зарвал хүүхдүүдийнхээ ирээдүйд идэх талхыг булааж байгаа хэрэг болно. Баялгаа өөрсдөө ийн үнэгүйдүйлж болохгүй шүү дээ. Хэзээ нэг өдөр энэ хувьцаа албан ёсоор олгогдох тэр үед өнөөдрийн улайрч байсан иргэд харамсах болно. Хууль бус аргаар худалдсан байсан ч тэд эргээд харамсах болно. Гэхдээ арилжаа нээгдээгүй учир худалдах боломж байхгүй гэж бодож байна. Хууль хяналтынхан энэ үйлдлийг яагаад шалгахгүй хараад суугааг ойлгойхгүй байна” гэж тэрээр ярилаа.
Гэхдээ өнөөдрийн албаныхан хийсэн хэвлэлийн бага хурлаар хэргийн учир тайлагдаж байгаа бололтой. Тиймээс иргэд гудамжинд хонож, хувьцаагаа зарна хэмээн улайрахаа болих хэрэгтэй байгаа юм.
Ч.Гэрэл
1072 хувьцаагаа бүртгүүлэхээр иргэд дугаарлаж байна
1072 хувьцааг худалдах боломжгүй гэдэгт итгэх хүсэлгүй байна
Хувьцаагаа худалдахаар Хятадуудыг хүлээж суугаа Монголчууд
Сэтгэгдэл байхгүй байна