АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнөөдөр албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсангүй. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэхдээ "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө" гэв.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
-АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН АЧААЛАЛ ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-
Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү ярихдаа “ Зарим хэргээс дурдвал:
-УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаархи мэдээлэл,
-Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь "Тэгш хан", "Өег гурил" ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй мэдээлэл,
-МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон, сургуулийн ойн арга хэмжээнд сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.
Нийт есөн холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой найман эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал,
-МУБИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганцэцэг нь тендерийн үйл ажиллагаа хууль бусаар зохион байгуулж бусдад давуу байдал олгож зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу худалдан авалт хийж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
-БСШУСЯ-ны Санхүү-эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай нь тус албаа хашиж байхдаа тусгай дансанд хуримтлагдсан 142.840.287 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан гэх
-Нийслэлийн бүртгэлийн газрын албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийж эд хөрөнгө эзэмших эрхэнд халдсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна