Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал Н.Мөнхжаргал, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Шүүхээс тэднийг нэг сар саатуулах зөвшөөрлийг олгосон бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусч цаашид үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Энэ дагуу шүүх хурал өнөөдөр 09.30 цагт эхэлж, одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал Н.Мөнхжаргал нарыг үргэлжлүүлэн 15 хоног саатуулан шалгахаар болоод байна. Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байгаа бөгөөд холбогдогчид хорих 461 дүгээр ангиас онлайнаар шүүх хуралд оролцож байна.
Харин Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсаныг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргахаар болж, Монгол улсын хилээр нэвтэрч, гадаад улсад явахыг хориглосон байна.
Шүүх хурал үргэлжилж байна. Дашрамд сануулахад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-нд саатуулан баривчилсан бөгөөд тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг арав хоногийн дараа шүүхээр шийдвэрлэх юм. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр С.Баярын биеийн байдал тааруухан байгаа ч тэрээр хэнтэй ч уулзахгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Нэмэлт мэдээлэл:2018.05.01-ний 14:00 цаг:
Нийслэлийн прокурорын газраас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч: 90/1-дугаартай шүүгчийн захирамжаар С.Баярцогтод өмнө авсан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, 91/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Ариунсанд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт хийх таслан сэргийлэх арга хэмжээ, 92/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Бямбасайханд өмнө авсан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоногийн хугацаагаар сунгасан болно гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын өмнө авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сарын хугацаагаар сунгасан байна.
Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын саатуулагдахаасаа өмнө өгч байсан ярилцлагыг дор дарж уншина уу.
Б.Мөнхжаргал : “Стандарт” банкны өрийг төлөхгүй байх боломж бий
Сэтгэгдэл байхгүй байна