С.Зориг агсны гэргий Д.Булганаас мэдүүлэг авлаа гэсэн мэдээлэл тархаад байна. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг Тагнуулын ерөнхий газар дуудаж уулзсан нь ийн сэтгүүлчдийн дуранд өртсөн. Д.Булган тухайн үед “Нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зурсан учраас ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй” гэж хэлж байсан юм. Харин үүний маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэргийг шалгах явцад шинээр цугларсан нотлох баримтуудыг үндэслэн түүний эхнэр Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан" гэж энэ үеэр мэдэгдсэн билээ.
Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хоёр дахь удаагаа байцаалт авсан бололтой. Өмнө нь түүнийг энэхүү хэргийн цорын ганц гэрч бөгөөд хохирогч гэж тооцож байсан. Мөн 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн урьдчилан саатуулах төвд хоёр сар гаруй саатуулж шалгаж байсан юм. Тухайн үед хар тамхитай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч мөрдөн байцаалтын үед хуурамч мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр шалгасан гэсэн тайлбар дагалдаж байсан юм.
Харин одоо түүнийг С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Сануулахад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар үйлдсэн хэмээн 20 жил хорих ял оноогоод байгаа. Харин захиалагчийн хэргийг тусгаарлан ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм.
А.Ану
Д.Булганы ярилцлагыг дор дарж уншина уу
Д.Булган:Миний өвгөнийг хар хүч аваад явчихсан
Сэтгэгдэл байхгүй байна