Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-нд саатуулан шалгаж байгаа. Хуулийн дагуу тэдгээрийг үргэлжлүүлэн хорих эсэх тухай асуудлыг маргааш хэлэлцэх ёстой. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол прокуророос тэднийг дахин 30 хоног үргэлжлүүлэн хорих хүсэлтийг өнөөдөр гаргасан бөгөөд үүнийг хэлэлцэх шүүх хурлыг маргааш /2018.05.10/ 09.00 цагт товлоод байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хойшлуулшгүй ажиллагааны дагуу баривчилсан гэж хуулийн байгууллагаас тайлбарласан бөгөөд 72 цагийн дотор үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой журмын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд 30 хоногоор саатуулах шийдвэр гарсан.
Энэхүү хугацаа дуусгавар болж байгаа учраас үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хуулийг хүндэтгэн дуудсан цагт мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа Ч.Сайханбилэгийг хамгаалагчийн хамт баривчилсан, оргон зайлах болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэхээс бусад тохиолдолд саатуулан шалгах шаардлагагүй атал Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчин баривчлан хорьж байна гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан. Мөн С.Баярын эмгэг өвчин сэдрэн, биеийн байдал хүнд байгаа ч тэрээр хэнтэй ч уулзахгүй, саатуулах хугацаандаа шалгуулна гэж буйгаа мэдэгдсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Маргааш болох шүүх хурлаар тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм.
Дашрамд сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал Н.Мөнхжаргал, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нарыг саатуулан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд шалгаж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгах хугацааг 15 хоног, Н.Мөнхжаргалыг саатуулан шалгах хугацааг 1 сараар сунган, Т.Ариунсаныг батлан даалтад гаргасан. Харин "Жаст" компанийн захирал Ш.Батхүү Жаст компанийн хууль ёсоор итгэмжлэх боломжтой эсэхийг тавдугаар сарын 17-нд болох шүүх хурлаар тогтоохоор болоод байгаа билээ.
Нэмэлт мэдээллийг дор дарж уншина уу
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын шүүх хурал болж байна
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацааг 30 хоног сунгав
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, Т.Ариунсаныг батлан даалтад гаргахаар боллоо
Сэтгэгдэл байхгүй байна