Эмгэнэл

2018/05/11

Дамбийнямын Жанчив

Монголын орчин цагийн урлагийн нэрт зүтгэлтэн, гарамгай сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн онолч, дуун хөврүүлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёл, урлагийн их сургуулийн хүндэт доктор Дамбийнямын Жанчив 2018.05.09-ний өдөр таалал төгслөө.

Д.Жанчив 1940 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 1949-1957 онд бага, дунд сургууль, 1957-1962 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Консерваторийн дэргэдэх Хөгжмийн дунд сургуулийг найрал дууны удирдаач-багш, 1966-1971онд ЗХУ-ын Ленинград хотын /хуучнаар/ Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг дуурь- симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр тус тус суралцаж төгссөн билээ.

Д.Жанчив 1962-1966 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд дуу, хөгжмийн багшийн салбарын эрхлэгч, 1971-2000 он хүртэл  Хөгжим, бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, БНМАУ-ын Соёлын яаманд /хуучнаар/ Уран бүтээлийн хэлтсийн дарга, Монгол Улсаас ЗХУ-д суух Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга, Төв аймгийн Хөгжимт драмын театрт дарга, Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал зэрэг ажил алба хашиж байжээ.

Д.Жанчив нь орчин цагийн уран сайхны боловсролын үндэсний уламжлалт тогтолцоог бий болгох их үйлсэд хүчин зүтгэж ерөнхий боловсролын сургуулийн дуу, хөгжмийн багшийн мэргэжлийн сургалтын шанг татан удирдан чиглүүлж олон зуун шавь нарыг төрүүлсэн гавьяатан юм. Түүний авьяаслаг шавь нараас Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүх, Ч.Сангидорж, Ё.Цэрэндолгор, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, Д.Цэцэрлэг зэрэг орчин цагийн монгол үндэстний хөгжмийн хэд хэдэн үеийн томоохон зүтгэлтэнүүд төрөн гарчээ.

Д.Жанчив эх орныхоо урлаг, соёлын байгууллага, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж үндэсний шилдэг бүтээл туурвих, дэлхийн сонгодог урлагийг эзэмшихэд нь мэдлэг чадвар, удирдах авьяас билгээрээ хошуучлан хөтлөгчийн нэг байлаа. Түүнийг Соёлын яаманд Уран бүтээлийн хэлтсийг удирдан ажиллаж байх цаг үед манай орны ихэнх аймгийн соёлын ордон мэргэжлийн театр, чуулгад дэвшин орж чадсан юм.

Хөгжмийн зохиолч Д.Жанчив Харандаа, Сампин зэрэг 30 гаруй хүүхдийн дуу, Анхны хайр, Эх орондоо хайртай зэрэг олон арван иргэний уянгын дуунууд, төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдэд зориулсан дан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд, Чимгээгийн төрсөн өдөр, Мартагдашгүй намар, Зуслангийн найзууд, Говийн зэргэлээ зэрэг 10 гаруй баримтат болон уран сайхны киноны хөгжим, Хөх торгон дээл дуурь, Ховорхон бэр жүжиг зэрэг тайзны хөгжмийн бүтээлүүд туурвиж Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн сан хөмрөгийг баяжуулсан юм.

Д.Жанчив хөгжмийн урлагийн онолын шат шатны сурах бичиг туурвин бүтээж, хөгжим судлалын сонгодог бүтээлийн дээжсээс монгол хэлнээ орчуулан, монголын шинэ цагийн хөгжмийн үндэсний шилдэг бүтээлүүдийг задлан шинжилж онол, судлалын арвин баялаг өв үлдээжээ.

Д.Жанчивын авьяас билиг, бүтээлч үйлсийг Монголын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.

XX зууны хоёрдугаар хагасын монголын уран сайхны соёлыг хошуучлан түүчээлж шинэ зуунд өргөн дэвшүүлсэн нэрт зүтгэлтний нэг Дамбийнямын Жанчивын гавьяат үйлс мөнхрөн дуурсах болно.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газар,

Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр,

Улсын Филармони, Үндэсний урлагийн их театр, Төв аймгийн

Монгол туургатан театр, Соёл, урлагийн их сургууль,

Монгол Улсын Консерватори, МУБИС-ийн Багшийн сургууль,

Монгол кино нэгтгэл, Монголын урлагийн ажилтны холбоо,

 Монголын хөгжмийн зохиолчдын холбоо,  үр хүүхэд,

төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар

 

2018.05.11       

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна