• Эхлэл
  • Гэр хороолол хөдөлгөөнийнхөн пүрэв гаригт жагсаал хийнэ

Гэр хороолол хөдөлгөөнийнхөн пүрэв гаригт жагсаал хийнэ

2018/05/14

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавин майхантай жагсаал хийсэн Гэр хороолол хөдөлгөөнийнхөн өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард суун асуудлаа хэлэлцэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Өмнө тохиролцсоны дагуу Гэр хороолол хөдөлгөөнийнхөн өнөөдөр 12.00 цагт хотын дарга С.Батболдтой уулзлаа.  Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажил хариуцсан албаны хүмүүстэйгээ ирсэн байсан бөгөөд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг товч мэдээлэл хүргэв. Мэдээллийг товчилбол:

-2013-2014 онд нийт 21 газар байршилд 41 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар болсноос таван аж ахуйн нэгжийг зөвшөөрлийг цуцалсан. 2013-2016 онд 1590 өрх газраа чөлөөлж өгснөөс 957 өрх орон сууцандаа орсон. Ингээд 400 гаруй өрхийн асуудал шийдэгдээгүй байснаас түр орон сууцанд оруулах зэргээр асуудлыг шийдсэн. Одоо 138 айлын асуудал шийдэгдээгүй байгаа. Үүнийг энэ долдугаар сард шийдвэрлэнэ. Гэр хорооллыг барилгажуулах болон дэд бүтцийн асуудалд 2017-2018 онл 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хот болон улсын төсвөөс хийгдсэн. Одоо 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас Засгийн газрын шугамаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ  гэсэн мэдээлэл дамжууллаа. Гэвч хаа хол байсан Баянхошуу, Хайлааст гэх мэт газар хөрөнгө оруулалт цацаж, тооцоогүй ажилласан гэснээс үүдэн Монгол Улсын иргэдээ хаа хамаагүй газар амьдарсан гэж ялгаварлан гадуурхлаа гэсэн маргаан дэгдэв. Бас уулзалтын эхэнд хэвлэлийнхнийг оруулахгүй хаалгаа хааж, “Бат-Үүлийн хөдөлгөөнийнхэнтэй уулзах гэж байна гэж илт тохуурхан инээж байсан” гэх мэт маргаан дэгдэж байлаа.

Ингээд Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Д.Батсүх гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхаж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа үзэж буйгаа илэрхийлээд  тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Мөн Гэр хороолол хөдөлгөөнийнхөн “Батболд дарга илт басамжилсан өнгөөр ярьж, бидэнд үг хэлэх боломж олгохгүй байна” гэж бухимдаж байв.

Энэ үеэр Гэр хороолол хөдөлгөөний дэмжигчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хангардь ордны гадаа цуглаад байсан бөгөөд тэд С.Батболдыг өөрсдийнх нь шаардлагыг хүлээн авахгүй байна гэж үзэн пүрэв гаригт дахин жагсаал хийцгээе гэсээр тарцгаалаа.  

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна