Улсын дээд шүүх өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намын дүрэм болон Зон Олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг сонгох хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэв. Үүнд:
Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа 2018 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.
Улсын Дээд шүүх хүсэлтийг 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, намын даргыг шинээр сонгосон Зон Олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангасан байна.
Мөн Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.
Хөдөлмөрийн Үндэсний намын 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар баталсан намын шинэчилсэн дүрэм нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрмийг бүртгэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна