Олон жилийн турш эрх баригч хоёр намын сонгуулийн “нэмэх оноо” зөрүүлээд сөрөг хэрүүл болсоор ирсэн Хүүхдийн мөнгөний асуудал дахиад л хэрүүлийн бай болж байна. Энэ удаад улстөрчдийн хувьд оноо авах тоглолт болдог байсан энэ хэрүүлд насанд хүрээгүй хүүхдийн видео бичлэгийг ашигласан эсэх нь харин ноцтой сэдэв болж байна.
Ердөө л өчигдөр, уржигдраас Хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа гэж нулимс дуслуулан ярьсан Л.Бранижал охины яриа сошиал сүлжээгээр түгсэнийг та бүхэн санаж байгаа байх. Мэдээж хэрэг үзсэн хүмүүсийн өр өмөрсөн, шүүмж өрнөсөн. Ийм асуудал байгааг шийдэх хэрэгтэй гэсэн шаардлага өрнөсөн. Гэхдээ нөгөө талаас насанд хүрээгүй хүүхдийн зураг, хөрөг, нэр усыг зарлах нь өөрөө бүдүүлэг бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болохыг хэн хүнгүй мэдэх учир зохион байгуулалттай тархаасан бичлэг үү гэсэн сэжиг төрсөн.
Гэтэл өнөөдөр Орхон аймгийн Халамж үйлчилгээний газрын даргын гарын үсэгтэй Л.Бранижал охин 2012 оноос хойш Хүүхдийн мөнгө, 2017 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан гэсэн утга бүхий бичиг тархаад байна. Эндээс магадгүй зохион байгуулалттайгаар бичлэг хийн тараасан гэсэн сэжиг таамаг илүү батжиж байгаа байх.
Хүүхдийн мөнгө бол нийгмийн асуудал яалт ч үгүй мөн. Улстөрчид олонтаа ярьдаг, иргэд ч шүүмжлэх байр сууриа илэрхийлэх нь зүй. Гэхдээ энд хэн нэгэн улстөрч Таван хүүхэдтэй айл хүүхдийн 100 мянган төгрөгөөрөө амьдраад байна гэж камерын өмнө ярих, насанд хүрэгчид шаардлага тавин жагсаал цуглаан ч хийх нь өөр асуудал. Насанд хүрээгүй хүүхдийн нулимсаар харин “улстөр” хийх ямар вэ?
Наад зах нь насанд хүрээгүй хүүхдийн зураг, нэр, бичлэгийг олон нийтэд шууд цацах нь хууль ёсны хийгээд хүний ёсны хувьд ч зөвшөөрөмгүй асуудал гэдгийг Монгол Улсын иргэн бүр мэдэх ёстой.
Тийм ч учраас насанд хүрээгүй охины нулимсаар тоглосон гэсэн шүүмж хүчтэй өрнөж буй. Гэхдээ энэ удаад хамгийн гол нь олон нийтийн сүлжээгээр шаагиад өнгөрөх бус Монголд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж байдаг бол энэ бичлэгийг хаанаас тархаасан, хийсэн, эцэст нь хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тархааж болох эсэхийг хэлж өгнө үү? Энэ янзаараа явбал сонгуульд ч хүүхдүүдийн нулимсыг ашиглаж магадгүй нь.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна