ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран нийгмийн шинжлэх ухааны салбарын багш, мэргэжилтнүүдэд зориулсан ёсзүйн хичээлийг заах арга зүйг сайжруулах 4 өдрийн сургалтыг 2018 оны зургадугаар сарын 5-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү 4 өдрийн сургалт нь их, дээд сургуулийн нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах зорилготой юм. Сургалтыг ЮНЕСКО-ийн ёсзүйн хөтөлбөрийн эрдэмтэн, судлаач багш нар хүрэлцэн ирж удирдан явуулж байна. Шинжлэх ухаан, техник технологи хөгжиж дэвшихийн хирээр аливаа асуудлыг ёсзүйн үүднээс шийдвэрлэх нь нийгмийг хөгжилд хамгийн чухал үүрэгтэй билээ. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбаруудад ёсзүйн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хүрээнд ЮНЕСКО-ийн нийгмийн шинжлэх ухааны салбарын ёсзүйн хөтөлбөрийн дагуу багш нарт зориулсан ёсзүйн сургалтыг зохион байгуулахыг гишүүн орнууддаа уриалан дэмжлэг үзүүлдэг билээ. Монгол Улсад тус сургалтыг энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Анхны сургалтыг 2016 онд зохион байгуулж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна