Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих хугацааг сунгах эсэх тухай шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Бямбацогт нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд саатуулан баривчилснаас хойш саатуулах хугацааг хоёр удаа сунган 58 хоног хориод байгаа. Өмнө эрүүл мэндийн шалтгаантай байсан С.Баяр өвчин хүндэрснээс Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин Ч.Сайханбилэгийн хувьд яаралтай хагалгаа хийлгэх болсон учраас мөн эмнэлэгт шилжүүлэн өчигдөр хагалгаа амжилттай болсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Мөн С.Бямбасайхан зүрхний өвчин хүнд өвчний улмаас ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт зүрхний хүнд оношийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Тэрээр хоригдсоноосоо хойш 13 кг жин хассан, биеийн байдал хүнд байгаа талаар түүний эхнэр хэвлэлд ярилцлага өгч байсан. Удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эхнэр нь С.Бямбасайханыг амралтын өдөр гэр бүлтэйгээ салхинд гараад ирэхэд нь яаралтай мэдүүлэг авах шаардлагатай гэж дуудан шууд баривчилсан талаар ярьсан билээ.
Ийн өмгөөлүүлэгчийнх нь эрх зөрчигдөж байгаа талаар түүний өмгөөлөгч Н.Цогт өнөөдөр 14.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн байна.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид ч мөн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан батлан даалтад гаргах хүсэлт өмнө гаргаж байсан. Тийм учраас өмгөөлөгчдийн хүсэлтийг энэхүү хурлаар хэлэлцэх бололтой.
Албан эх сурвалжийн мэдээллээр бол Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн гэсэн байна. Хязгаарлалт тогтоох гэдэг нь хилээр гарахыг хориглон батлан даалтад гаргах санал юм. Харин С.Бямбасайханы талаар прокуррорын зүгээс ямар нэгэн санал ирээгүй байгаа юм байна.
Шүүх хуралдааны эхлэх цаг хараахан тодорохой болоогүй байна.
Нэмэлт мэдээлэл:2018.06.07-ны 16.00 цаг. Хэвлэлийнхэнд мэдэгдэл хийнэ гэсэн С.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт хэвлэлийн бага хурлаа цуцалсан байна. Мөн шүүхийн зүгээс өнөөдөр шүүх хурлыг товлоогүй бөгөөд маргааш 2018.06.07-ний өдөр товлож магадгүй гэсэн мэдээлэл байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна