• Эхлэл
  • Сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татжээ

Сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татжээ

2018/06/07

-Хохирогч Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Мураттай тохиролцсон байх магадлалтай-

УИХ-ын гишүүн Д.Муратыг Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, гэх хэрэг чамгүй дуулиан дэгдээсэн. Гэтэл энэ хэрэг хууль хяналтын шатанд бүдгэрч харин мэдээллийг дамжуулсан сэтгүүлчийг буруутгах болоод байгаа талаар бид мэдээлсэн билээ.  

Уг нь энэ хэрэгт УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа ирэх есдүгээр сард дуусах гэж байгаа. Гэтэл хохирогч хэмээгдэн өөрөө ч хэвлэлээр ярилцлага өгч байсан Б.Бахытгүл Казакстан улс руу оргон зайлсан гэх мэдээлэл байна. Түүнийг ийн Казакстан руу зугатахад УИХ-ын гишүүн Мурат нөлөөлсөн байж магадгүй гэсэн таамаг байна. Гэтэл харин энэ талаар мэдээлсэн “News Channel” телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Майцэцэгт Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 10.1, 11.1 зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ нь хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл анги юм байна.

Харин сэтгүүлч Б.Майцэцэгийг хувийн нууцад халдсан гэж үзэх аргагүй. Хохирогч гээд байгаа Б.Бахытгүл “УИХ –ын гишүүн Д.Мурат ёсгүй аашилж байна. Намайг байнга зодож, бэлгийн дарамт үзүүлж байна. Энэ мэдээллийг дэлгэж өгнө үү” гэж хэвлэлийн байгууллагад хүсэлт тавьсан. Үүнийг нь мэдээлснийхээ төлөө ийн сэтгүүлч эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдаж, удахгүй шүүх хурал нь болох гээд байж байна. Энэ талаар сэтгүүлч Д.Майцэцэг:

-Бүх бичиг баримт нотолгоог хууль хяналтын байгууллагад өгчихөөд байхад хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл заалтаар намайг яллах гэж байна. Үүнийг гайхаад байх юм. Манай өмгөөлөгч хуулийн дагуу ажиллаж байгаа. Цаашид эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон сэтгүүлзүйг нугачин дарах гэж байна. Иймээс үүнтэй цаашид үргэлжлүүлэн тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Мөн олон нийтийн сүлжээгээр хохирогч хэмээх Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Муратаас 60 сая төгрөг авч харилцан тохиролцон, хэргээ хаалган Казакстан руу оргосон гэсэн мэдээлэл тархаад байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • иргэн
    Нэг талын мэдээллийг хэвлэл мэдээллээр тараах нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Хэдэн төгрөгний төлөө хэнийг ч юу ч гэж гүтгэж болдог байж болохгүй.Ийм мэдээллийг хууль мэддэг хашир сэтгүүлчид авахгүй Энэ хүүхэд гэндсэн байна.
    2018 оны 06 сарын 08