“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч 'Монголын зэс корпораци”-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцийг хууль бусаар өөрчлөх гэж байгаа тухай мэдэгдэл гаргасныг бид өнөөдөр хүргэсэн. Хэдийгээр шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлсэн нь буруу гэсэн шийдвэр гарсан ч энэхүү удирдлага “Жаст” компанийн өртэй холбоотой хэргийг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа материалуудыг устгахын тулд ийн бүтцийн өөрчлөлт хийж байна гэж тэд мэдэгдсэн юм.
/Мэдэгдлийг ЭНД дарж/
Тэгвэл “Монголын зэс корпораци”-ийн удирдлагууд өнөөдөр /2018.06.07/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг өгсөн байна.
Албан бичигт 'Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх хүмүүс энэ сарын 6-ны шөнө хуралдан бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан байна. Энэ хурал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг захиргааны хэргийн хоёр ч шатны байгууллага түдгэлзүүлсэн байдаг. Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл' гэжээ.
Түүнээс гадна "Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн гишүүн М. Мөнхбаатар хэвлэлийнхэнд хандаж
-Өчигдөр /2018.06.06/ шөнө Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг Төрийн ордонд шөнө хуралдуулсан. Энэ хуралд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан дэд захирлуудыг нисдэг тэргээр шөнө авчирч оролцуулсан. Өнөөдөр ч энэ хурал үргэлжилж, нэр бүхий хүмүүсийг дэд захирал, хангамжийн захирлаар томилж байна гэсэн ноцтой мэдээлэл хүргэсэн байна.
Энэ бүхэнтэй холбоотойгоор “Монголын зэс корпораци” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байгаа аж.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг нисдэг тэргээр авчран шөнөөр, Төрийн ордонд нууцаар хуралдуулсан бол үнэхээр ноцтой асуудал хэлэлцсэн байх магадлалтай. Шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ хууль бус гэсэн шийдвэр гарсан байгаа нөхцөлд ийн бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь ч мөн ноцтой асуудал дагуулах бололтой.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
”Жаст”-тай холбоотой архивын бичиг баримтыг устгах гэж байна
Сэтгэгдэл байхгүй байна