• Эхлэл
  • Ж.Цэдэнрагчаа: СХЗ үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна

Ж.Цэдэнрагчаа: СХЗ үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна

2018/11/20

-Санхүүгийн зохицуулах хороо Эс үйлдэхүйгээрээ зах зээлийн хөгжих боломжийг хязгаарлаж байна-

Монголын санхүүгийн зах зээлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Цэдэнрагчаатай ярилцлаа.

           

-Санхүүгийн зах зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод нэгдэж зөвлөл бай­гуулсан гэж сонслоо. Сан­хүүгийн зах зээлийнхэн яагаад нэгдэх болов оо?

-Санхүүгийн зах зээлийн зөвлөл гэж байгуулсан л даа. Санхүүгийн зах зээлийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоод нэгдэх болсон нь тодорхой хэдэн шалтгаантай.  Санхүүгийн зах зээлүүд  хоорондоо уялдаатай болоод эхэлчихлээ. Даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд хувьцаа гаргаад эхэллээ. Өмнө нь банкууд ч бас хувьцаа гаргаж байсан. Сүүлийн үед санхүүгийн групп компаниуд бий болж байна. Ингээд ха­рахаар  салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа яалт ч үгүй  нэмэгдэж байна.  Иймээс зах зээл дээр яаж ажиллах, үүсч болзошгүй эрс­дэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг ярих ёстой. Хамгийн гол нь ёс зүйтэй, хариуцлагатай, үйлчлүүлэгчээ хамгаалдаг зах зээ­лийг бий болгох нь чухал. Үүний төлөө хамтран ажиллах гэж хамтын үйл ажиллагааны платформ байгуулсан юм.

-Холбоод  нэгдэнэ  гэд­гийн нөгөө талд дангаараа ажил­лаад төрд үгээ хүргэх гэхээр хүчгүйдээд эхэлсэн, төр нь холбоодоо сонсохгүй яваа гэх шалтгаан байна уу?

-Тийм шалтгаан бий. Сан­хүүгийн зах зээлийг зохи­цуулах ёстой байгууллага нь мэргэжлийн хүмүүсийн үгийг ерөөсөө хүлээж  авдаггүй  ханд­лага тод анзаарагдаж байгааг нуугаад яахав. Тэгэхээр таны асуусанчлан  бодлого бо­ловс­руулагчдад  санал,  санаачилгаа яаж  хүргэх вэ гэдэг үүднээс нэгдэж байна. Өмнө нь би санхүүгийн чиглэлээр хувийн компанид ажиллаж байсан. Төрийн бус байгууллага удирдаж, Санхүүгийн зохи­цуулах хорооны гишүүнээр ажиллаж байсныхаа хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Санхүүгийн зохи­цуулах  хороо хийх ёстой ажлаа хийхгүй байна. СЗХ бол санхүүгийн тогтвортой байд­лыг хангах үндсэн чиг үүрийг хуулиар хүлээсэн байгууллага. Үүнээс гадна санхүүгийн  хэрэглэгчдийн эрх ашгийг хам­гаалах ёстой газар.

Хамгийн  гол  нь  хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хороонд зорьсон   тодорхой зорилго, үндэслэлтэй, нүдэнд харагдахуйц ажлууд алга.

-Таны ярианаас Санхүү­гийн зо­хи­цуулах хороо ха­риуц­сан салбарынхаа хөгж­лийг гацаачихаад байна гэж ойлголоо...?

-Ерөөсөө л тэгээд байна. СЗХ  зах зээ­лийнхээ хөгжлийг боомилчихоод байна л даа.

-Сан­хүү­гийн зах зээлийн мэргэжлийн холбоод асуудлаа тавьж очдоггүй юм биш үү?

-Холбоод нь санал тавиад, ийм зүйл хэрэгжүүлье гээд очдог. Харамсалтай нь хороо хүлээж авдаггүй. Санхүүгийн зах зээл томрохын хэрээр эрсдэл үүсч эхэлсэн. Хамгийн наад зах нь бид санхүүгийн үйлчлүүлэгчийн хувийн мэ­дээллийн  нууцлал, аюулгүй байдлыг хангах тал дээр цаг алдалгүй  ажиллах ёстой. Гэтэл энэ тал дээр СЗХ-ын зүгээс хийсэн зүйл алга

-Санхүүгийн хэрэглэгч­дийн ху­вийн мэдээллийг нууцлах тал дээр тийм том асуудал байдаг хэрэг үү?

-Танд илүү ойлгуулахын тулд жишээ дурдаж  ярья.  Саяхан Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо­ноос СЗХ-нд асуудал тавьсан. 100 гаруй ББСБ-д үйлчилгээ үзүүлдэг программ хангамжийн нэг ком­пани байдаг. ББСБ-ын  үйлчлүү­лэгч­дийн хувийн  мэ­дээллийн нууцлал хадгалагдаж байгаа эсэх талаар анхаа­рал тавих, зохицуулалт хийх талаар санал тавьсан юм билээ.

-Яагаад ийм санал тавьсан юм бол?

-Тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр нэг ББСБ байдаг юм байна.  Технологи хөгжихийн хэрэглэгчийн ху­вийн мэдээллийн нууцлал, хамгаалалт маш чухал болж байна. Гэтэл өнөөдөр бид тэр мэдээлэл алдагдаад байна уу, эсвэл аюулгүй байна уу гэдэгт итгэлтэй биш байна. Дээрээс нь банк бусын харилцагчийн мэдээллийг ямар нэгэн бизнесийн ашиг сонирхлоор цааш нь худалдан борлуулж болохгүй. Хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч, зээл­дэгчийн мэдээлэл үнэхээр аюулгүй  байна уу гэдгээс энэ зах зээлд итгэх итгэл эхэлнэ. Хэрвээ тэр мэдээлэл аюулгүй байж чадвал дотоодын хөрөнгө оруулагч уу,  гадаадынх  уу ялгаагүй,  бүгдэд хөрөнгө оруулах итгэл үнэмшил төрнө.  Энэ бол эхний асуудал. Бидэнд цаашаа  шийдэх  ёстой  олон  асуудал бий. Сан­хүүгийн зах зээл хоорондоо уялдаа холбоотой  болж буй учраас  мэдээллийн нууцлалтай холбоотой асуудал үүсч таарна. Мэ­дээллийг яаж тусад нь байлгах вэ гэдэг асуудал яригдаад эхэлж байна. Цаашилбал,  финтекийн асуудал яриг­даад эхэлчихлээ. Манай УИХ-ын ги­шүүд ч гэсэн ярьж байна. Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд үүнийг хийх боломжтой байгууллага. Тухайлбал, бидэнтэй “Стэптеч” гэдэг нэртэй финтекийн ком­пани ирж уулзлаа. Тэд “Блокчэйн дээр суурилсан  технологийн шинэ шийдэл бий болгочихлоо. Монголд маш хэрэгтэй. Ялангуяа үл хөдлөхийн түрээсийн зах зээлийн асуудлыг энэ технологиор шийдэх боломжтой” гэж байна. Монголд эрх зүйн орчин бий болгож ажиллах хүсэлтэй яваа юм билээ. Эрх зүйн орчин байхгүйг далимдуулж хулгайгаар ажиллаж байгаа юм шиг үйл ажиллагаа  явуулахыг хүсэхгүй байгаагаа ярьсан. Энэ асуудлын тухайд гэхэд л СЗХ хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд түр журам гаргаад ч юм уу, зохицуулаад явах боломжтой. Гаргасан журмаа тухай бүрд нь сайжруулаад явахад асуудалгүй. Манай зах зээл дээр нэг зүйл анзаарагддаг. Зах зээл дээр ажиллагсад санаачлагаараа ямар нэг шинэ зүйлийг түрүүлээд, урьтаж сэтгээд хийчихдэг. Гэтэл СЗХ ч юмуу зохицуулалтын байгууллагууд гэнэт л буруу юм хийлээ, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гээд  торгууль тавьчихдаг.

-Блокчэйн дээр суурилсан зээ­лийн  үйлчилгээ гэдгээ арай энгийнээр тайлбарлаач?

-Орчин үед Peer to peer lend-ийн асуудал яригдаад эхэлчихсэн. Зээлдэгч болон зээлдүүлэгч аль аль нь онлайн үйлчилгээ ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээг өөрөө сонгож байна. Жишээлбэл, А, B, C гэсэн зээ­лийн багцууд байлаа гэж бодъё. А ангиллын зээлийн багц нь эрсдэл багатай, өгөөж багатай ч  юм уу. В нь илүү өндөр эрсдэлтэй мөртлөө илүү хүүгийн орлоготой байх жишээний. Үйлчлүүлэгч тэр багцаас өөрөө  сонголт хийдэг ийм л технологи. Энгийнээр харвал ямар ч зээл, хадгаламжийг технологиор нь ший­­дээд өртгийг нь бууруулаад өгчихөж байгаа хэрэг л дээ.  Финтекийн хувьд  даатгалыг ч, зээлийн үйлчилгээг ч ийм болгоно. Мөн үнэт цаасны зах зээлийг ч ийшээ дагуулна. Товчхондоо зах зээл ийшээ эргэлт буцалтгүйгээр явах юм. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байх ёстой. Үүнийг  зохицуулахад СЗХ бэлэн байх ёстой.

-Санхүүгийн зах зээлийн хувьд технологийн шийдлүүдийг ашиглаад урагшлахад хөгжих боломж нь бүрдчихсэн гэцгээдэг. Хэр ортой дүгнэлт вэ?

-Эдийн засгийн хямралаас хойш энэ зах зээлд хөгжих таатай нөхцөл байдал үүсээд байна.  Эдийн засгийн үзүүлэлтүүд сэргээд эхэллээ. Зээлжих зэрэглэл сайжирлаа. Энэ бүгд  санхүүгийн зах зээлд маш эерэгээр нө­лөөлж байна. Санхүүгийн зах зээл  хөгж­­сөнөөр бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг илүү өргөн сонголттойгоор, илүү боломжийн өртөгтэйгээр, илүү сайн технологи ашиглан үйлчилгээг хурдан шуурхай хүргэх орчин бүрдүүлэх боломж үүсч байна.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр  хувьсгалтай  холбоод  харахаар технологи  нүд ирмэхийн зуур өөрч­лөгдөж  байна.  Тэр утгаараа яалт ч үгүй хурдтай мэдэрч, хурдтай өөрч­лөгдөх шаардлага танай сал­барынх­ны өмнө ирчихсэн. СЗХ энэ өөрчлөлтөд бэлэн болохын тулд яах ёстой вэ?

-Төрийн байгууллагын ажилтнууд уг нь тогтвор суурьшилтай ажиллаж, салбартаа мэргэшсэн байх ёстой. Мэргэжлийн туршлагатай хүмүүс нь СЗХ-нд байхгүй  байна.  Хороо  үүнд бэлэн байхын  тулд  мэргэжлийн   холбоодтойгоо  хамтарч ажиллах ёстой. Гэтэл хороо маань өөрийгөө холбоодоосоо тусгаарлачихаад зохицуулалт яриад байдаг. Зах зээлтэйгээ харьцахгүйгээр бодлого боловсруулна гэж байхгүй л дээ. Өмнө нь бидний үед СЗХ-ны гишүүн байхад  тухайн асуудал бүр дээр  холбоодтойгоо хамтарч ажилладаг байсан. Тухайн үед санхүүгийн зах зээлийнхэн энэ асуудалд ийм шийдэл байна, энэ асуудлыг яаж шийдэх вэ, энэ шийдэл зөв үү гэх мэт ажил хэрэгч яриа хөөрөөг СЗХ-той өрнүүлж, ажил хэрэг болгодог байсан. Хорооны  өмнөх  удирдлага Д.Баярсайхан даргын үед ч, З.Нарантуяа даргын үед ч тийм байсан. Гэтэл энэ даргын үед холбоод нь уулзаж ч чадахгүй, асуудлаа шийдүүлж ч чадахгүй яваад байна шүү дээ.

-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд дээрээс  ямар  нэг  заавар аваад идэвхгүй суугаад байна уу, эсвэл өөрсдөө  дотроо  учраа олохгүй сууна уу?

-Банк болон банкнаас бусад тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын гүй­цэтгэх захиралд маш өндөр шаардлага тавьдаг, гүйцэтгэх захирлаар то­ми­лох зөвшөөрлийг нь өгдөг.  Гэтэл  тэднийг зохицуулж байгаа Санхүүгийн зо­хи­цуулах хороо, Монголбанкны удирдлагуудад  тийм шаардлага тавь­даггүй. Гайхалтай байгаа биз. Нөгөө талаараа СЗХ  нэг хүний удирдлагад байдаг байгууллага биш, хуулиараа хамтын удирдлагатай. Хороо долоон гишүүнтэй, бүгдийг нь УИХ-аас томилдог. Энэ до­лоон ги­шүүний хамтын шийдвэрээр Хороо зах зээлдээ зохицуулалт хийдэг. Тэгтэл тэр гишүүдтэй нь уулзахаар “Бид наад асуудлыг чинь мэдэхгүй. Тэрийг энэ дарга л мэднэ. Хурал дээр бидний саналыг асуудаггүй. Би ийм шийдвэр гаргасан. Та нар үүнийг зөвшөөрөх ёстой гэдэг” гэцгээж байна. Ийм байж болохгүй л дээ. Бүр ноцтой нэг  асуудал бий. Хорооны гишүүн хаана, ямар асуудал үүсээд байгааг мэдэхгүй сууж байдаг. Хорооны гишүүнээсээ нуудаг юм гэж  байх  ёсгүй.  Зах зээлийн нууц гэж байхгүй шүү дээ. Шийдвэр гаргалтад оролцож байгаа л бол асуудлуудыг мэдэж байх ёстой. Сүүлийн үед нэг ноцтой асуудал үүсчихээд байгаа. Гэтэл энэ асуудлыг Хорооны гишүүнээс асуухад “Хамгийн сүүлд болсон хурлаар мэдлээ. Тэрнээс өмнө ямар ч мэдээлэлгүй байсан” гэж хариулсан. Гэтэл өнөө асуудлыг нь СЗХ  шалгаад жил гаруй болчихсон байх жишээтэй.

-Санхүүгийн  зах зээлд  үүссэн ямар  нэг  асуудал  тодорхой хүрээн­дээ яригдаад СЗХ-ны гишүүдэд  очихгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. СЗХ-ны дарга нь мэдээд байдаг, бусад хорооны гишүүдэд мэдээлэл өгдөггүй гэж байгаа. Нөгөө талаар бид энэ зах зээлийн хүмүүс учраас хаана, ямар асуудал үүссэнийг олж харах нь тодорхой.  Даатгал, ХЗХ, үнэт цаас гээд салбарууд  дээр нь   асуудлууд үүсээд байхад СЗХ хувийн хэвшлийнхний хийсэн ажлыг  гоё статистик болгож харуулаад Хороо IPO хийчихлээ гэж ярьдаг. Хороо IPO хийдэг байгууллага биш. Мэргэжлийн үнэт цаасны компаниуд, үнэт цаас гаргаж  байгаа  компаниудын  хийдэг  ажил. Харин хорооны хувьд  зах зээл хөг­жих боломжийг зохицуулалтаар хангаж өгөх ёстой. Энэ зах зээлд үүсч болзошгүй эрсдэлийг хяналт, шалгалтаар бууруулж байх  ёстой  юм. Бодит байдал дээр Хороо маш хүнд сурталтай болчихсон. Өмнө нь Хороо тухайн асуудлыг хугацаандаа шийддэг, албан бичигт хугацаанд нь хариу өгдөг, тухайн асуудал ямар байцаагч, ямар ажилтан дээр явж байгааг Хорооны удирдлагууд программаар хараад суудаг байлаа. Тийм учраас Хороон дээр асуудал уддаггүй байсан юм. Гэтэл одоо байдал тэс өөр болсон.  Хороон дээр нэг компани IPO гаргах гэж хуулийн хугацаанаас  40-100 хоног хэтэрсэн байх жишээтэй. Заримдаа бүр жил болж байж шийдэгдсэн удаа бий. Нэг талаас бизнес цаг хугацаатай уралдаж явдаг, нөгөө талаас СЗХ хуулийн хүрээнд 30 хоногийн дотор тухайн асуудалд хариу өгөх ёстой. 100 гаруй хоногийн дараа асуудлыг шийдэхээр өнөө бизнес яах вэ. Юун төлөвлөлт, ядаж л тухайн үед авах ёстой байсан хэрэгцээт санхүүжилтээ авч чадахгүй, ажил хэрэг саатаж, доголдол үүснэ шүү дээ. Ингэж бизнесийг хохироох нь  байж боломгүй хүнд суртал. СЗХ-ны хувьд  30 хоногийн дотор бүх бичиг баримтыг хянаж хуульд нийцсэн  эсэх,  тусгагдсан  мэ­дээллүүд нь үнэн зөв байгаа эсэхийг хянаж, бүртгэх, зөвшөөрөх эрх үүрэгтэй байгууллага. Ерөөсөө л ийм хоёр асуудал дээр хяналт тавьдаг. Дээрээс нь IPO гаргана гэдэг чинь хоёр байгууллагаар дамжиж байгаа асуудал. Нэгдүгээрт, Хөрөнгийн биржээр дамж­даг. Хөрөнгийн  бирж  жагсаалтад бүрт­гэх /Listing/ эсэхээ шийддэг. Хо­рооны хувьд төрийн байгууллагын  бүртгэлд авч  /Registration/ зөвшөөрөл өгдөг. Гэтэл Хороо биржийн ажлыг давхар хийгээд байгаа юм. Намайг өмнө нь СЗХ-ны гишүүн байхад энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Хувийн хэвш­лийн цаг хугацааг хэмнэхийн тулд өргөдлөө хоёуланд нь зэрэг өгөх бо­ломжийг бүрдүүлсэн. Гэтэл өнөөдөр Хөрөнгийн бирж нь зөвшөөрчихөөд СЗХ  руу шилжүүлдэг, Хороон дээр 100 гаруй хоног алддаг болоод байна л даа.

-Хорооны энэ хүнд суртлаас салах ямар гарц байна?

-Хөрөнгийн зах зээл бол сайн засаглал, шударга хуваарилалт хоёрыг бий болгодог зах зээл. Тэгэхээр СЗХ үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Хоёр л асуудал бий. Нэг нь хуулийг дагаж мөрдөх. Нөгөө  нь сайн засаглалыг бий болгох. Хуульд бичигдээгүй ч сайн засаглалыг бий болгох ёстой. Харамсалтай нь СЗХ энэ хоёрын алийг нь ч хийхгүй байна. Өнөөдөр энэ зах зээл 2.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй болчихлоо. Үүнийг гурав, дөрвөн их наяд болгоно гэж бид ярьдаг. Энэ янзаараа бид иргэдээ яаж баян, хөрөнгөтэй болгох вэ дээ. Хэрвээ сайн засаглал, хуулийг дагаж мөрдөх гэсэн  хоёр зарчмыг субьектив байдлаар шийддэг байх юм бол энэ бүхэн бүтнэ, үр дүнгээ өгнө.

-Мэргэжлийн холбоодын зүгээс сая ярьсан асуудлуудаар СЗХ-нд  шаардлага хүргүүлэх ч юм уу, мэдэг­дэл өгч, харилцан ярилцах ямар нэгэн оролдлого хийсэн үү?

-Холбоодууд асуудал тавиад ирэхээр СЗХ-ноос дарамталж  эхэлдэг. Хорооны хариуцлагатай албан ту­шаалтан цагаан захтай санхүүгийн луйварчид гэж зах зээлийнхнийгээ хэлсэн удаатай.  Өнгөрсөн  хавар байж боломгүй зохисгүй үйлдэл хийсэн л дээ. Холбоодыг дунд нь хагалах ажил явуулсан. Даатгалын холбоог гэхэд л  хагалсан. Үнэт цаасны холбоог хагалах оролдлого хийсэн. “Танай холбооны дарга чинь болохгүй байна. Тэгэ­хээр та на­рын  ажил  явахгүй байгаа юм.  Энэ хүнээ   соль. Өөр холбоо  байгуулаач” гэсэн яриа хөөрөө хийх жи­шээтэй. Дээрээс нь СЗХ сүүлийн үед их л бодлого ярьдаг боллоо. Хороонд зохи­цуулах, хянаж шалгах үүрэг л бий. Хороо Сангийн яам шиг төсвийн бодлого боловсруулаад УИХ-д өргөн  барьдаггүй. Монголбанк  шиг  мөнгөний бодлого боловсруулж УИХ-д өргөн барих эрхтэй байгууллага биш. Гар­гасан бодлого, хууль, дүрмийн хэрэгжилтийг хангаж  ажиллах үүрэгтэй байгууллага. Зохицуулна гэдэг нь зах зээлийн тогтвортой байдал, цаашдын хөгжлийн ирээдүй, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, төрийн байгууллагуудтай харилцах ха­рилцааг зохицуулах үүргийг хэ­лээд байгаа юм. Дээрээс нь энэ зохи­цуулалтыг чангаруулж, сулруулж зах зээлийг тэнцвэртэй байлгах, хамгаалах хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлдэг юм. Энэ үндсэн чиг үүргээ хийхгүй байж том бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гээд байх юм. Хороо зах зээлийн талаар бодлого боловсруулж болно л доо. Тэрийгээ бодлого боловсруулагчдад дамжуулах боломжтой. Ийм л байгууллага. Гэхдээ үндсэн ажлаа хийхгүй юм. Зүй нь СЗХ зах зээлийнхэнтэйгээ хамтраад “Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2025” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд дагалдах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх  шийдлүүдийг гаргаад явж байх ёстой. Зах зээлийнхэнтэйгээ хамтраад гадаад зах зээлийн хөрөнгө оруулагчдад шийдэл, боломжоо санал болгоод гүйж байх учиртай байгууллага. Гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлээ танилцуулдаг, Мон­­голыг гээд сонгоод ороод ирсэн хө­рөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч­дийн санхүүгийн эрх ашгийг хохи­роохгүй байх талаас нь хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, шалгаж явах ёстой газар. Энэ ажлаа хийгээчээ л гэж хүсч байна.

-Таны ярианаас анзаарахад СЗХ хуульд санал өгөх, бодлогын ший­­дэл санал болгох, санхүүгийн зах зээлийнхний  эрх ашгийг хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хэлбэрээр төрд хүргэх гэж ойлголоо. СЗХ энэ үүргээ хир биелүүлж байна?

-Маш хангалтгүй ажиллаж байна. Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийн төслүүдэд тусгайлсан санал байхгүй гээд явуулсан байх жишээний.  Зах зээлтэй хамааралтай ийм чухал  асуудал дээр  санал байх­гүй гэж хариулж болохгүй л дээ. Үнэхээр хү­нийрхүү хандаж байгаа. Одоо зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эсэх тухай яригдаж байна. Хорооны зо­хицуулж байгаа  бас нэг сектор нь банк бус санхүүгийн байгууллага. Хэрвээ үнэхээр бодлогын асуудал ярих гэж байгаа бол зээлийн  хүүг яаж бууруулах вэ  гэдэг  дээр   бодлого боловсруулагчдад  мэргэжлийн түвшинд тайлбар өгөх ёстой. Даатгал болон үнэт цаасны зах зээл хөгжөөд ирэхээр эх үүсвэрийн сонголт бий болж эхэлнэ. Ингэж байж зээлийн хүү буурна. Ханшийн эрсдэл буурна.  Гадны хөрөнгө оруулалт нэ­мэгдэнэ.Зээлийн хүүг ингэж барина уу гэхээс биш, зүгээр дээшээ харж сууж байснаа төд болгоё гэж тогтоодог юм биш. Өнөөдөр манайд зээлийн хүү өндөр байгаа нь санхүүгийн зах зээл сайн хөгжиж чадаагүй, гадны хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотой.

-Түрүүн  хоёулаа цухас ярьсан. СЗХ ажлаа мэддэг хүн ховордчихоод ийм асуудлуудад мэргэжлийн түв­шинд хандаж чадахгүй, даргынхаа амыг харсан улс л байгаа юм биш үү?

-Шууд үгүйсгэх боломжгүй л дээ. СЗХ-ныхны 50 гаруй хувь нь солигдсон. Санхүүгийн зах зээлд нь, зохицуулж байгаа Хороонд  ажиллаж байсан ми­ний хувьд  гэхэд л тэнд таньдаг хүн ховор байна шүү дээ. Ажлын албаныхаа даргыг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь өөрчилсөн гэсэн. Өмнө нь бол Хорооны гишүүд тус бүр хариуцсан чиглэлтэй. Тэр хариуцсан чиглэлийнхээ дагуу Хорооны хурал дээр танилцуулж, хамгаалдаг байсан. Гишүүн тус бүр ту­хайн чиглэлээр бодлогын зөвлөлтэй. Зөвлөлд нь мэргэжлийн холбоод, ту­хайн салбарын судлаач багтдаг. Тэднийхээ саналыг нэгтгээд Хороондоо зөвлөмж боловсруулж өгдөг,  түүнийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байсан. Өнгөрсөн хавар  УИХ-аас Хорооны даргын үйл ажиллагаанд шал­галт хийсэн. Тэндээс Хорооны хийх, биелүүлэх үүрэг даалгаврын жагсаалт гэж өгсөн. Жагсаалтад  Хороон  даргыг  зан  харилцааныхаа  асуудлыг  зас  гэсэн зөвлөмж хүртэл бий. Манайд ЖАЙКА-гаас  Хөрөнгийн зах зээ­лийн чадавхийг бэхжүүлэх  төсөл  хэрэгжүүлж  байсан  юм. Тэр  төсөл зогсчихсон байсан, одоо эхлэх гэж байгаа сурагтай. Хорооны зүгээс энэ төслийг зогсоосон шалтгаанаа ЕСБХБ-тай  хамтарч ажиллах гэж байгаа юм гэж тайлбарласан. ЖАЙКА-гийнхантай уулзаж байхад “Хорооныхон ажил хийх гэхээр хийлгэхгүй юм” гэж гомдоллож байсан. Ярьж хэлсээр байгаад ямар ч гэсэн хэрэгжүүлэхээр болсон. Үнэт цаас­ны бодлогын зөвлөлийг хариуцаж байсны хувьд ЖАЙКА-гийн  хүмүүстэй хамтарч ажилласан үе надад бий. Мундаг туршлагатай хүмүүс ирсэн бай­сан. Бодлогын зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан япон хүн  гэхэд л одоо Японы Хөгжлийн банкны гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажил­­ладаг. Нөгөө нь Японы Хөгжлийн банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажил­лаж байгаа. Ийм мундаг хүмүүс  төслийн хүрээнд ирж ажилладаг. Бид тэр хүмүүсийн зөвлөгөөг авах ёстой биз дээ. Япончууд манай зах зээлийг үнэхээр сайн  мэддэг. Тийм учраас хамгийн сайн зөвлөгөөг япончууд л өгнө. Тэр бүү хэл Монгол Улсын эдийн засаг санхүүгийн дунд хугацааны тө­лөвлөлтийг  боловсруулахад техник туслалцаа үзүүлж байгаа. Япончуудын хувьд  манай улстай стратеги түншлэлийн гэрээтэй, үүний зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн гэрээг зөвхөн Япон­той байгуулсан. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарыг дэмжих  асуудал  Японтой байгуулсан стра­тегийн бичиг баримт, эдийн засгийн түнш­­лэлийн гэрээ аль алинд нь туссан байдаг.

ЭХ СУРВАЛЖ:"ӨДРИЙН СОНИН"

Ц.БААСАНСҮРЭН

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин