• Эхлэл
  • Капитал банкны эргэн тойронд-2:Нөхөн төлбөрийг 10 хоногийн дотор олгох ёстой

Капитал банкны эргэн тойронд-2:Нөхөн төлбөрийг 10 хоногийн дотор олгох ёстой

2019/04/11

Капитал банк татагдан буугдсанаар иргэдийн дунд ялангуяа харилцагчдын хувь мэдээлэл дутмагаас эргэлзэх байдал үүсч байгаа. Тиймээс Хадгаламжийн даатгалын корпорациас гаргасан зөвлөмж мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаад даатгагдсан буюу 20 сая хүртэлх хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлтэй иргэд хэрхэн мөнгөө эргүүлэн олгох талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

Харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?

20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгоно.

Шилжин очсон дансанд Хаан банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж болно.

Ямар хугацаанд даатгагдсан хадгаламжийн мөнгийг Хаан банк руу шилжүүлж дуусах вэ?

Бид БЭХА-гаас ирсэн мэдээлэлд үндэслэн харилцагч бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг аль болох хурдан хийж нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг ажлын 10 өдрийн дотор олгож эхлэх үүрэгтэй.

Даатгагдсан хадгаламжид харилцах данс орох уу?

Орно. Банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн данс даатгалд хамрагдсан байдаг.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн олгох үйл явц ямар хууль, журмаар шийдэгдэх вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалын нөхөн төлбөр олгох журам, Банкны тухай хууль зэрэг эрх зүйн актаар зохицуулагдана.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 сая хүртэл төгрөгийн хадгаламж, харилцах даатгагдсан. Даатгагдаагүй харилцах, хадгаламжийн төлбөрийг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

20 сая төгрөгийн нөхөн төлбөрт хүү, хүүгийн татварыг оруулж тооцох уу? Тооцох бол хэзээ хүртэл тооцох вэ?

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч иргэний тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, татварыг хассан дүнгээс тодорхойлно.

Өмнө нь бүх харилцах, хадгаламжийг даатгалд хамруулж байсан. Одоо яагаад 20 сая төгрөгөөр хязгаарласан бэ?

2013 онд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд даатгалд хамрах дүнг заасан.

ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ.

Хаан банкны бүх салбараар үйлчлүүлэх боломжтой юу?

Харилцагчид Хаан банкны сонгосон салбараар үйлчлүүлэх боломжтой.

Дансаа шалгахыг хүсвэл ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хэрэв харилцагч иргэн бол иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэхээр үйлчлүүлнэ.

Харин хуулийн этгээд бол:

– Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хувь,

  • Хуулийн этгээдийг төлөөлөгчийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх,
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх,
  • Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл,
  • Эсхүл тушаал, шийдвэрийг авчирна.

Гадаадад байгаа, эсвэл биечлэн очих боломжгүй бол яах вэ?

Даатгагдсан хадгаламж эзэмшигч дараах шаардлагын дагуу бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэд өөрийн нэрийн өмнөөс банкаар үйлчлүүлэх эрх олгож болно. Үүнд:

  • Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
  • Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
  • Олгосон он, сар, өдрийг заах;
  • Нотариатаар гэрчлүүлэх;
  • Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

Хаан банкинд хадгаламжаа тухайн нөхцөлөөр үргэлжлүүлэн эзэмших үү? Шинээр гэрээ байгуулах уу?

Даатгагдсан харилцагч одоо Хаан банкны харилцагч болох боломжтой. Харилцах, хадгаламжийг Хаан банктай хийх гэрээнд заасан нөхцөлөөр эзэмшинэ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Капитал банкны эргэн тойронд-1:Харилцах дансны мөнгийг ч эргүүлэн олгоно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин