• Эхлэл
  • "MNBC" хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, ТВ-8-ийн эфирийг хаажээ

"MNBC" хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, ТВ-8-ийн эфирийг хаажээ

2019/05/01

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ нь орон орны сэтгүүлчдийг хувьд маш хүндэтгэн тэмдэглэдэг баярын өдөр. Гэтэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө  олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг кабелийн суваг болох MNBC-нь ТВ-8 телевизийн эфирийг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халджээ.

Олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг MNBC компани нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хааж, үндсэн үүргээ умартлаа. Олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээний журмын 11.4 дүгээр зүйлд зааснаар  “Олон Сувгийг Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч нь тухайн орон нутагт Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй  радио, телевиз болон орон даяар нэвтрүүлгээ дамжуулах эрх бүхий үйлчилгээ эрхлэгчдийг сүлжээндээ  холбох үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэвч тус Олон сувгийн үйлчилгээ дамжуулагч  MNBC компани нь энэхүү үүргээ умартаж, ТВ 8 телевизийн эфирийг хаасан нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 1, 2-р зүйл заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, зүй бус үйлдэл юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, иргэдийн үг хэлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдсан явдал болж байна. Энэ талаар MNBC-ийн удирдлагатай холбогдож лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.

ТВ 8 телевизийн утсанд өдөрт хэдэн арван дуудлага ирдэг, энэ дагуу ард түмнийхээ хүсэлтээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Гэтэл нэг мэдээ MNBC олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн санаанд нийцээгүйн төлөө ТВ-8 телевизийн эфирийг дөрөвдүгээр сарын 26-наас хойш хааж, ТВ-8 телевизийг болон, телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Энэ нь зөвхөн ТВ 8 телевиз төдийгүй, цаашид Монголын өргөн сувгаар нэвтэрдэг телевизүүдийн эфирийг хааж, дуу хоолойг боомилох гэсэн явдал гэж үзэж байна. MNBC суваг нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хаасан нь Монголын телевизийн түүхэнд гараагүй, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл. Цаашид Монголын телевизүүдийн холбооны гишүүн бусад телевизүүдэд тохиолдохгүй гэх баталгаагүй явдал болж байна. Иймд "ТВ-8" телевизийн үзэгчдийг хүндэлж, эфирийг нь нээж өгөхийг телевиз үзэгчид шаардаж байна. Энэ явдал цаашид өргөн нэвтрүүлгийн бусад телевизийг хааж боох зүй бус үйлдэл дахин гарахаас сэргийлж Монголын телевизүүдийн холбоо дуу хоолойгоо нэгтгэж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин