• Эхлэл
  • Тагнуулын ерөнхий газарт хаяглах ил захидал

Тагнуулын ерөнхий газарт хаяглах ил захидал

2019/10/21

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна. 

“Бүх зүйлд итгэл алдарсан нөхцөлд ганц итгэх итгэл нь тагнуулын байгууллага байх ёстой”-г олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн харуулсан байдаг. Энэ нь тус байгууллагыг улс орны, иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилладаг сүүлчийн цайз гэдгийг тодотгосон хэрэг. 

Эдүгээ нэгэн зууны түүхийг бичин үлдээж буй Тагнуулын ерөнхий газар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах байгууллага юм. Монгол түмний амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалагч гэх энэ тодорхойлолт нь яаж ч уянгалуулах, эсвэл гуйвуулахын аргагүй цор ганц утга агуулга, үүрэг хариуцлага. 

Засгийн газрын агентлаг, төрийн байгууллага гэдгээс тэс өөр онцлогтой энэ байгууллагыг өнөөдөр бид нэг л буруу хайрцагт хийж “хадгалах” гээд байх шиг санагддаг юм. Улс төрийн салбараас, улстөрчөөс хамааралтай байлгах, даргалуулах, төсвөөр нь, томилгоогоор нь хянаж хараат байлгах гэдэг өнөөдрийнхөөр тагнуулын байгууллага, “үүрдийнхээр” Аюулаас хамгаалах байгууллагад огт тохирохгүй тогтолцоо болох нь олон фактаас харагддаг. 

Эх орныхоо л даалгавраар, өөр хэний ч үүрэг даалгавраас хазайн байж улс орны нийтлэг том эрх ашгийн төлөө ажиллах тавилантай тагнуулч хүнд эцсийн амьсгалтай нь цуг дуусах нууцууд хадгалагддаг. Өнөөдөр тагнуулын байгууллагын ажилтныг, тагнуулын байгууллагад хадгалагддаг нууцуудыг задлах ажиллагаа явагдаж байна уу гэж харагдах болсон. Энэ нь хуулийн замаар хийх өөрчлөлтүүдээс, хууль бус, ёс бус үйл явдал, үүрэг, өгөгдлүүдээс ч анзаарагдах болсон. 

Тагнуулын байгууллагыг ийм нөхцөл байдал, “хайрцагт” хаших нь тус байгууллагын үнэт зүйл болох хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр хэн тагнуулын байгууллагыг “үндсээр нь” сулруулах өөрчлөлт хийгээд байна вэ. ҮАБЗ бол төрийн бодлого боловсруулж, шийдвэр гаргахад нөлөөлдөг бол тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлдэг үүрэг бүхий байгууллага.

Тагнуулын байгууллага түүхэндээ нэрээ хэдэнтээ өөрчилж, тэр хэрээрээ үүрэг чиглэл, тухайн цаг үеийн нөхцөл байдлын онцлогтой үе шатуудыг туулжээ. Яг өнөөдрийн байдлаар Монгол төрийн дархлаа нь энэхүү Аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байгууллага уу, хамаг муу муухай бүхэн дуулдах болсон ч яахын аргагүй Төрийн эрх барих дээд байгууллага гээд Үндсэн хуулиар зааж өгсөн Улсын Их Хурал уу гэдгийг балчир хүүхэд байтугай нийгмийн түүчээ сэхээтнүүд ч ялгахаа болиод байна. 

Өнөөдөр Тагнуулын байгууллага тагнах уу, аюулгүй байдлыг хамгаалах уу? Хэнийг тагнах вэ? Аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ. Энэ бүхэн тавин жилийн байтугай таван жилийн өмнөхөөс эрс өөр болсон. Тагнуулын байгууллагын Төрийн дээд байгууллагаас ялгарах нэг онцлог нь тусгаар тогтнолоо баталгаажуулахдаа, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахдаа олон улсын харилцаанд оролцох, олон улсын гэрээ байгуулах, нэгдэн орохдоо язгуур ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хандах болдог. Үүгээрээ өөрийн орноос гадна өөрийн орны төлөө дэлхийн ёс жаяг, дүрэм журамд хүндэтгэлтэй хандах шаардлага тулгардаг. Эндээс дээр хэлсэн Төрийн дархлаанд дүн тавьж болох юм. Тагнуулын байгууллагын ажилтан бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах нь хууль, ёс зүй, бүх талаар хориотой. Үүний тулд тагнуулын байгууллагын ажилтныг Тусгай эрх мэдлээр хангадаггүй юм. Яасан гэж энэ байгууллагыг удирдлагыг аль нэг улс төрийн намын даргын санаачилгаар, үнэлэмжээр санал болгож томилж байгаа юм бэ? Тагнуулч байнаа гэдэг жирийн нэгэн “ажлын байр” огт биш. Албан тушаал ч биш. Энэ бол Төрийн дархлаа. Энэ дархлааг улстөрч, улс төрийн нам биш Төр өөрөө бий болгодог. Үүнийг иргэд эрх баригчдаас илүү мэддэг. Иргэд тагнуулын байгууллагыг хамгаалалт гэж ойлгодог. Төрийн дархлаа гэж ойлгодог. Тиймээс хүндэлдэг, улс орондоо хайртай иргэн бүр нь мэдээлэл өгөх, тагнуулын байгууллагад туслах эрмэлзэлтэй, хуулиар олгосон дуртайяа биелүүлдэг үүрэг нь байдаг. Тагнуулаас айдаг, бусдыг айлгадаг, тогтолцоог нь ганхуулах оролдлого хийж төрийн дархлааг сулруулах оролдлого, үйлдэл зөвхөн улстөрчдөөс гардаг юм. Түүнээс биш дугаар хорооны иргэн тагнуулын байгууллагаас айдаггүй, нуудаггүй, дайсагнах нь байтугай тийм байгууллага байдгийг ч таг мартчихсан ажиллаж амьдарч явдаг. 

Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь нууцлал. Яагаад нууцлалд дайсагнах болов. Энэ чинь ард түмнээс нуух нууц биш шүү дээ. Төрийг хамгаалж буй хэрэгсэл нь Төрийн нууц. Гэтэл Төрийн нууц руу хуулийн аргаар болон хууль бус аргаар халдах боллоо. Тагнуулын байгууллага нууцаа “алдчихаад” юугаар зэвсэглэж хамгаалах вэ?

Иргэнээ хортой хүнс идчих вий гэж, харийн шуналтан газрын хөрсийг хордуулчих вий гэж, мөнгө угаах гэгч янз бүрийн далд арга нарийсч жижигхэнд тооцогдож чамлагддаг эдийн засгийг маань залгичих вий гэж Тагнуулын байгууллага тагнуулын ажил, сөрөх тагнуулын үйл ажиллагаа, төр, нийгмйн аюулгүй байдлыг хангах ажиллагаа явуулдаг юм. Гэтэл Төрийн эрх барих дээд байгууллагын индрээс, хэн нэгэн өндөр албан тушаалтан Тагнуулын байгууллагыг муу муухайгаар хэлэх, алдаа дутагдлаар нь олны анхаарал татаж шоудах замаар нэр хүндийг нь гутаан доромжлох явдал газар авч байна. Өнөөдрийн Тагнуулын ерөнхий газарт нийгэмд болж буй муу муухай бүхэн сүүдрээ тусгасныг үгүйсгэх аргагүй. “60 тэрбум”, “Албан тушаалын ургийн мод”, хар тамхинаас хамааралтай этгээд хүртэл Тагнуулын ерөнхий газрыг тойроогүй. Өөр өөрийн онцлогоор “тусгалаа олсон” энэ бүхнээс ёстой л “үүлэн сүүдрээс үрээ аврах” гэж буй эх шиг хаацайлагчид нь ард түмэн юм. УИХ, Засгийн газар дээр бусад яам, агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдын нэгэн адил дуудаж ирүүлээд, сайн муугаар нь дуудаж загнах, ажлыг нь шалгах энэ ёс бус тогтолцоог улстөрчид хуулийн аргаар бий болгочихоод байна. 

Яагаад ард иргэдийн төлөө ажиллах учиртай тагнуулын байгууллага улс төрийн бүлэглэлийн “гар хөл” болж, тэдний өсийг зангиддаг, тайлдаг, тэмцлийн “зэвсэг” болчихов? Тагнуулын байгууллага улстөрчдийг мэдээллээр хангах ёстой юу? Эсвэл улс орны аюулгүй байдлыг хангах, төр, засгийн удирдлагыг үнэн, зөв мэдээллээр хангах ёстой юу? Энэ үүднээс нь харвал Тагнуулын ерөнхий газар гэгч нэр огтоос зохимжгүй мэт. Нийгмийг аюулаас хамгаалах яам гэж байлаа. Тэгвэл нийгэм гэж юу вэ? Яагаад Улсыг аюулаас хамгаалах байгууллага гэж болох гэж. Улс гэдэг бол улстөрчид биш. Миний эх орон Хаангүй улс. Тиймээс улстөрчдийн өөр хоорондоо айлгаж зэвсэглэх болсон, иргэдийн сүүлчийн итгэлт байгууллага болсон энэ байгууллагын нэрний тухай, тогтолцоо, дархлааны тухай зуун жилийн босгон дээр зурвасхан бодоход өөрийн эрхгүй огшино. 

Өөрийгөө, гэр бүлээ биш улс орноо бүтнээр нь хайрлах хэчнээн сайхан гээч. Тэгвэл энэ бүхнийг бүтнээр нь хамгаалж яваа өнөөгийн нэрээр Тагнуулын ерөнхий газар, өр зүрхэнд тусдагаараа Аюулгүй байдлын сүүлчийн цайз болсон энэ байгууллагын 100 жилийн ойд баярын мэнд дэвшүүлж, дэндүү даруухан байх тавилантай ч онцгой чухал нөр их хөдөлмөрт нь амжилт хүсч, гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлж нийт ард иргэдийнхээ өмнөөс мэхийн ёсолъё!

Нийтлэлч У.Оргилмаа. 2019.10.21 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин