Параной

2019/11/18

Нийтлэлч Д.Төрмөнхийн нийтлэлийг хүргэж байна. 

(Παράνοια - "галзуурал", παράνους - παρά " галзуутай ойролцоо, ойрхон" + νόος "бодол, оюун ухаан", шууд утгаараа бол  "хэтрүүлэг")

Насанд хүрсэн үеэс эхэлдэг архаг сэтгэл зүйн нэг төрөл эмгэг бөгөөд ихэвчлэн өвчтөний сэтгэлийн зовууртай холбоотой байдаг  ч  эдгэх магадлалтай…

“Сэтгэл мэдрэлийн өвчний  лавлах”-аас

 

Нийгмийн сэтгэл зүй гэсэн нэг ойлголт байдаг. Өнөө цагт энэ ойлголт нийтийг хамарсан  параной шинжтэй болж ирлээ.

Хуучин  цагт бол нийгмээ манлайлдаг шилдэг сэхээтнүүд, нийтлэлчид, зохиолчид нийгмийн сэтгэл зүйг удирдан чиглүүлж  олныг араасаа дагуулдаг байж. Үүнийг нь ч нам, төр нь зориудаар хийлгэх төдийгүй дэмждэг байлаа.

Үүний нэг тод жишээ бол дэлхийд хамгийн ихээр зарагдсан номын жагсаалт дотор Н.А.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”  роман  багтаж буйгаар нотлогдоно. 1932 оны 4-р сард анх хэвлэгдсэн энэхүү романаар нийгмийн сэтгэл зүйг хувьсгалч үзлээр бүтэн үеийг удирдан залсан бөгөөд 1991 оны 1-р сарын 1-ний мэдээллээр  75 хэл дээр орчуулагдан, 773 удаа дахин хэвлэж,  нийт 53 сая 854 мянган хувь тараагдсан байх юм.

Манайд ч ялгаагүй социализмын үед Соёлын яамтай байж үзэл суртлын олон зуун кино бүтээж, ном судар бичиж, гадаад хэлнээс ном олноор нь орчуулан тарааж тухайн үеийн  зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч хэмээгдэх Л.Түдэв, С.Удвал, Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ, С. Дашдооров, Л.Ванган, Ч.Чимид …гээд олон арван тэргүүний сэхээтнүүд  ном, кино, жүжиг бүтээж нийгмээ дагуулдаг  байлаа. Одоо ч бид тэр цагт бүтээсэн  кинонуудыг үзсээр л суугаа. Тэр цагийн кинонуудын нэг гол зүйл бол эсрэг дүрийг маш чадамгай үзүүлж тийм хүн болохоос сэргийлдэг байсныг сануулах илүүц биз. “Үер” киноны Молом, “Ардын элч”-ийн  Дүлзэн, “Хүргэн хүү”-гийн Жамц баян, “Тунгалаг тамир”-ын Итгэлт,  “Мандухай цэцэн хатан” киноны  Исмэл тайж…гээд бараг бүх кинонд даган дурайх сайн дүр, жигшин үзэх эсрэг дүрийг харуулж нийгмийн сэтгэл зүйг үлгэрлэдэг  байлаа. Гэтэл өнөө цагт нийгмийн сэтгэл зүй тэр кинонуудад гардаг эсрэг дүрийн хэв шинжтэй болчихсон мэт үзэгдэнэ.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ч С.Цогтсайхан, Баабар, Цэнддоо… тэргүүтэй нийтлэлчид нийгмийн сэтгэл зүйг чиглүүлдэг байсан ч өнөөдөр бол дээрх хүмүүсийн үгийг ч тоохоо байж  бид өөрсдөө дээр өгүүлсэн эсрэг дүрээ байг гэхэд Тунгалаг тамирын Итгэлт, Түмний нэгийн Чимэд нар  болчихсон мэтээр нийгмийн сэтгэл зүй эрс  өөрчлөгджээ.

Нүүр ном гэгч гарч ирснээс хойш тэргүүлэх зэргийн бичээч ч гэж үгүй болж нийтээрээ улам бүр  параной өвчнөөр өвчлөв. Нүүр номыг та өдөр бүр харж байгаа. Ямар их бузар булай, хэрүүл хов жив,  зовлон шаналлын халдварт тавцан гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ нүүр номонд идэвхтэй зовлон тоочиж бусдыг муулдаг иргэд бол  аз жаргалгүй, ажил төрөлгүй хэсэг зонхилж  байгаа нь үнэн бөгөөд ажил ихтэй хүнд түүнд орох зав ч хомс. Орвол бас л зовлонгоо тайлахаар ордог шиг. Мөн мань мэт шиг олны өмнө юм ярих ажилтай сэтгүүлчид, бас улс төрч гэж өөрийгөө ойлгосон бусдаас илүү гэгдгээ үзүүлэх гэсэн эготой хүмүүсийн л орц бөгөөд залуус бол өөрийнхөө зургийг л гайхуулжсуудаг газар юм даа. Параной өвчин нас ахих тусах улам хүндэрдэг бололтой.

Гэхдээ энэ нүүр ном бол нийгмийн сэтгэлзүйн өнөөгийн толь мөнөөсөө мөн бөгөөд зовлон шаналаа тайлах газар, эгоны  том саважээ. Байж байгаа царай нь л энэ. Зовлонтой хүн бусдын аз жаргалд атаархана. Өөрөөс нь дор нэгэн гараад ирвэл баясна. Тэхдээ  тэр нь их өндөр албан тушаалтай, баян чинээлэг байх тусмаа  бүр ч хөөрөн баясаж сэтгэлээ түр зогоох ажгуу.

Борхүүгийн Амархүү гэж залуусын даган дуураймаар сайхан дуучин хүү байлаа. ОХУ-ын Бурядын ардын жүжигчин. Өнөөх бидний шүтдэг Алла Пугачева энэ тэртэй эн зэрэгцэн дуулдаг дуучин байлаа.  Хүн бүр л магтаж түүний дуулахыг баясан хөөрч бахархан үздэг  байсан ч саяхан хар тамхи машин дотроо татсан “хэргээр” шоронд орлоо. Нийгмийн сүлжээгээр бүгд хөөрөн баясаж хохь нь, ингэх гээд байсан юм, ял нь хөнгөдөж, цаазал… хэмээн хашхичих юм. Тэр залуу бидэнд ямар гай тарьсан болоод ингэж нийтээрээ зүхээд байгаа юм бол? Монголын нэрийг ОХУ-д мандууллаа гэж тэрүү? Хар тамхи татаад тэр хүний л бие муудсан байж мэдэх ч ( яг хэрэг дээрээ сүүлийн үед мархиуна хорт хавдрыг эмчилдэг гэдэг нь тогтоогдоод  АНУ-ын 51 штатын ихэнх нь   мэдикал марихуна гэж тодотгоод зөвшөөрсөн. Энэ тухай их дээр цагт хууль зүйн яаманд асан хуульч О.Алтангэрэл захиалж “Хар тамхи хэмээх хар айдас”  нэртэй нийтлэл бичсэн бөгөөд шилдэг нийтлэгчдийн клубд нийтэлсэн буй ч 113915 хүн уншсан ч 0 удаа хуваалцсан байхыг харахад үнэхээр хар айдас ажээ… http://baabar.mn/article/7036 )

Мөн саяхан өмнө нэг ч удаа нэр нь дуулддаггүй байсан ҮХЦ дарга Д.Одбаяр гэх хүн Солонгосын онгоцонд стюардессийн бөгс илсэн хэрэг гэж гарч ирж одоо ч түүнийг үзэн ядсан бичвэр эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байна. Солонгосчууд дуу дуугаа авалцан уухайлан муулж ядуу орны новш… гэх мэтээр доромжлон бичихийг бид бүгдээрээ хоолой нийлүүлэн түрэн уулгалав. Монгол Монголдоо дургүй л дээ. Мэдээж тэр хүний ч зөв биш. Гэвч бие биенийхээ л мууг үзэх өнөөх параной хүчтэй ажилласаар л…

За тэгээд цааш нь ярих уу?...яахав? (энэ үг бас ямар паранойгоос үүдэлтэй гээд явж болно ) Үндэсний фронт гээд жишээ авах зүйл бишгүй ч хэрэггүй биз дээ ив ил байгаа юмыг нуршиж байхаар зүгээр л та нүүр номоо нээгээд харчихад болно доо.

Нийгмийн сүлжээ өнөөдөр нийгмийн сэтгэл зүйг тодорхойлж байгаатай хэн ч маргахгүй биз ээ.

Яг яагаад  юунаас болоод бид ийм параной өвчтэй болчхов оо? Хариулт их энгийн дээрх эмнэлгийн тодорхойлолтод дурдсанчлан   параной өвчин ихэвчлэн өвчтөний сэтгэлийн зовуураас эхтэй аж. Социализмын үед бид сайхан амьдарч байсан гэх хандлага газар авсан ч үүнтэй л холбоотой. Тэр үед бид эрх чөлөөгүй байсан ч гэлээ гэдэс цатгалан, ирээдүйд итгэх итгэл дүүрэн сэтгэл санаа тогтуун байсан болоод л тэр юм. Таван зуун төгрөгийн цалинтай ч мах кг нь 7 төгрөг 50 мөнгө байлаа шүү дээ. Тэгээд бас комунизмд орно гэсэн итгэлтэй, хүн бүр ажилтай, авдаг  цалин нь сардаа хүртээмжтэй байсан болоод л одоо тэр цагт сайхан амьдарч байсан мэт санагддаг хэрэг. Одоо бол унтаад босоход л өртэй болчихдог, уржигдар авч дийлж байсан юмаа өнөөдөр дийлхээ байчихдаг, маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй,  үр хүүхэд гэр орны ирээдүй бүрхэг болохоор яаж ч паранойдохгүй амьдрах билээ дээ. 

Гэтэл биднийг удирдана гэж сонгосон улс төрчид нь хэдэн их наяд, хэдэн тэрбумаар л  идсэн уусан тухай  ярьдаг болохоор ямар ч тэгш амгалан хүн параной өвчинд автах нь зүйн хэрэг юм.  Тэгээд тэр уураа гар утасандаа л гаргаж буй хэрэг шүү дээ. Солонгос явж махаа идэж олсон хэдээрээ жижиг дунд үйлдвэр байгуулах гэж зүдэж яваа ардад  очих мөнгийг өөрсдийнх нь сонгосон УИХ -ын гишүүдийн 70 хувь нь хуваагаад авчихсан хирнээ даапаалж буй мэт “Ардын нам” нэртэй. Ардчилал гэж гарч ирээд өөрсдөө л баяжсан хэсэг “Ардчилсан нам” нэртэй учир бид бүгд уулгалан муулах бөгөөд харамсалтай нь тэгж мууллаа гээд тэдний  үйлийн үрийг л нийтээрээ хуваалцаж, хороолцож  буй болохоор бүр ч хоржоонтой буюу.

Гэтэл өчигдөр өнөөх луйварчид маань  ард түмэнтэй байгуулах  гэрээ болсон үндсэн хуулийг өөрчилж орхилоо. Мэдээж гуч гаруй заалтад хэрэгтэй зүйл байх ч үндсэн утгыг тоймлон харвал бас нэгэн параной харагдах.

Гэвч энэ тухай ярьж бичиж санаа зовж буй хүн нэн ховор ажээ. Мөн л тэнд очихыг мөрөөдөгч улс төрчид л ярихаас биш нийт олон нэг их үл тоох ажгуу.  Ард түмэнд өнөөдрийн өрөө яаж дарах вэ гэсэн бодол л сэтгэлийг нь эзэлсэн болохоор тэдэнд  дээдсийн хуйвалдаан падгүй санагдах ч маргааш бас нэгэн шинэ параной үүсэхийг яахин мэдэх.

Олон сар зүтгүүлэн байж өнөөх луйварчид бөөнөөрөө 100 хувь баталж буй ҮХНӨ бол  Монголд дахиж "Чингис хаан" хэзээ ч төрөхгүй зөвхөн НАМ л төрийн дээр гарах үндсэн хууль хийж амжлаа. Монгол бол Модун хаан, Чингис хаанаасаа эхлээд  наймдугаар Богд хүртлээ хааны туг дор нэгдэж явсан, тэгээд ч тусгаар тогтнолоо алдаагүй өнөөг хүрсэн түүхтэй юмсан..

Ялсан намын дарга Ерөнхий сайд нь монарх, тойрон хүрээлэгчид нь олигарх ийм нэгэн шинэ систем тогтох гэж байна. Ард түмний талаас дээш хүний саналаар гардаг ерөнхийлөгч зүгээр л тэтгэврийн терминал суудалд ганц удаа 6 жил суудаг болгож буй нь ардын нам ард түмний талаас дээш хувийн төлөөллийг шууд “тэтгэвэрт” нь гаргаж буй хэрэг билээ. 

Энэ тухайгаа сүүлийн үед мөнөөх  ард олон магтаад буй Ардын намын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун Эрдэнэ;

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад, Ерөнхийлөгч Х.Баттулгад  “ Энэ түүхэн хариуцлага. Төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж ард түмнээс сонгогдсон сүүлийн Ерөнхийлөгч байхаа хүлээн зөвшөөрөв гээд бичээд өг. Ингэвэл та Хорлоогийн Чойбалсан шиг түүхэн хүн болох байх ” гэж хүртэл уулзаж хэлсэн  хэмээн ярьж сууна билээ.

Ард түмний талаас илүүгийн саналаар сонгогдохыг эсэргүүцэж “сүүлчийн ард түмний саналаар сонгогдсон ерөнхийлөгч байхаа хүлээн зөвшөөрөв гэж бичээд өг”  гэж шахаж суугаа ардын намыг параной гэхгүй бол юу гэх билээ дээ!  

Одоо энэ баталсан Ардын намын үндсэн хуулиар бол ардгүй ардын намын тэргүүн “хаан” болж ард түмнээс сонгогдсон УИХ- ын гишүүд ч хааны  зарлигийг ёсчлогч нар болох бөгөөд яг хуучин шиг нам төвтэй төр гарч ирэх томоохон ухралтын үндсэн хууль баталж орхиод баярлалдан бөөнөөрөө зургаа татуулж байх ажгуу. Улс төрийн нам манайд шууд гаднын бодлогоор, гадны санхүүжилтээр хөдөлдөг байсныг бид бүгд мэднэ. Тэгээд ч тэр орос эзэд нь  Гэндэн, Дэмид, Амар, Чойбалсан, Цэдэнбалыг  толгой дараалан хорооснийг  мартаагүй л баймаар. 

Гаднынхан яагаад  биднийг сонирхоно гэж? Маш ойлгомжтой эрдэнэсийн арлыг авах л өөрсдөдөө авах гэж сонирхоно шүү дээ. Эдийн засгийн алуурчид гэж нэг хэсэг амтай бүхэн ярьж байснаа бас л мартаад одоо өөрсдөө тэдэнд зориулсан хууль гаргаж паранойдож суугаа биш үү?  

Ингээд одоо “Нам дагавал ам тостох” цаг эргээд ирлээ . Гэхдээ хуучин бол зөвхөн үзэл суртлын нам дагадаг байсан бол одоо өнгө мөнгөний нам буюу монарх даргатай олигарх засаглал үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжин сэмээрхэн гэтэн  айсуй. 

Ийм  параной нийгмийн сэтгэлгээтэй улсад ийм л парной үндсэн хууль батлагддаг ажгуу.

Нийтлэлч Д.Төрмөнх. 2019.11.18


Сэтгэгдэл (1)

  • иргэн
    ЧИ ганцаараа дарга нарыг магтаж ном бичээд бусад нь дуугай тэр номыг уншиж дарга нарыг чинь магтаж бурханчлан тахих ёстой юу.
    2019 оны 11 сарын 19
Сонин хачин