• Эхлэл
  • Х.Номтойбаяр:Хэний захиалгаар хэдэн төгрөг өгсөн гээд бүх юм тодорхой болсон

Х.Номтойбаяр:Хэний захиалгаар хэдэн төгрөг өгсөн гээд бүх юм тодорхой болсон

2020/01/30

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгнө гэсэн бөгөөд өргөдлөө УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ыг үндэслэн бичжээ.

УИХ-ын тухай хуулийн 6.6-д гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болгох тохиолдлуудыг заасан байх бөгөөд 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн байна. Тэрбээр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт өчсөн.

Миний баримталдаг зарчим бол та хэдээс зугтаж бултдаггүй. Зогсож байгаад л тайлбараа өгдөг.  Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Үгэндээ туйлын хянамгай байхгүй бол болохгүй байна.

Сая гаргасан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдчихсөн. Тогтоолын төсөл уначихсан. Аливаа нэг шийдвэр гарахад түүнийг нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тогтоол болгож заавал албажуулж байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл албажуулах энэ шийдвэр нь нь  35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авлаа.

Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалтайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй. УИХ-ын чуулган дээр түдгэлзүүлэх саналыг хүлээж авах хуулийн зохицуулалт УИХ-ын тухай хуульд байхгүй. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө  өгье гэдгээ мэдэгдсэн. Мөн үүнийгээ хэвлэлийнхэнд мэдэгдэж байна.

-Яагаад та ийм шийдвэр гаргав?

-Надад үндэслэл байхгүй. Би ямарваа нэгэн шахалтад ороогүй. Одоо надад шахалт ирэх ч үндэслэл байхгүй. Сул ч гишүүн болсон, намын хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж буй олон асуудлын учир начрыг нь би тайлна. Энэ нь миний бас тэмцэх арга хэрэгслийн нэг гэж бодож байна.

-УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр дараа нь магадгүй хэлмэгдүүлэлтэд өртөх вий гэсэн болгоомжлол байна уу?

-Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна. Тэр нь одоо цагдаа дээр шалгагдаж байна. Эхнээсээ хэний захиалгаар хэдэн төгрөгийг хэзээ, хаана өгөөд юу болов гэдэг бүх  юм тодорхой болчихоод байна. Сая Хууль зүйн сайд нь хүртэл ерөнхий прокурорт нэг зүйлийг хэлсэн.  Прокурорын байгууллагаас зөвшөөрлийг нь өгөөд надтай холбогдолтой нийгэмд ойлгомжгүй байгаа хэд хэдэн асуудлыг заавал мэдээлэхгүй бол мэдээлэхгүй байснаараа өнөөдөр ийм үр дүнд хүрч байна гэдгийг Ц.Нямдорж сайд УИХ дээр хэлнэ лээ.

–Та хэд хоногийн өмнө бүрэн эрхээсээ татгалзах шаардлагагүй гэж хэлж байсан шүү дээ?

-Түдгэлзүүлэх, чөлөөлөх хоёр тусдаа өөр ойлголт. Түдгэлзүүлэх гэдэг нь гэм буруугүй нь тогтоогдоход УИХ-ын тогтоол гарч буцаж ордог.Чөлөөлөгдөнө гэдэг нь бүр мөсөн УИХ-аас явна гэсэн үг. Тэгэхээр чөлөөлөгдөнө гэдэг нь хамгийн хүнд шийдвэр. Энэ шийдвэрийг би өөрөө гаргаж байна. Надад ямар нэгэн шахалт байхгүй. Би тийм зүйлд ч өртөөд байдаг хүн биш. Энэ шийдвэрээ би аль эрт гаргачихсан байсан, одоо л хэлж байгаа нь энэ.

–Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Улстөр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү.

-Та улс төрөөс бүр гарч байгаа гэсэн үг?

-Хатуу, хариуцлагатай хэлье. Аливаа зорьсон зүйлээсээ би ухардаг хүн биш. Дунд нь хөндлөнгөөс саад болж байна уу гэвэл болж байна. Магадгүй би тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна. гэлээ гээд улс төрөөс гарч байна гэсэн үг огт биш.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин