• Эхлэл
  • Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэлээ

Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэлээ

2020/01/30

Улсын онцгой комисс өнөөдөр Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх асуудлаар хуралдан, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Төрийн золголт, нутгийн зон олон, ураг саднаараа, албан байгууллагаараа шинэлэхийг хязгаарлан, Цагаан сарын барилдааныг албан ёсоор цуцалсан.

Улмаар сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэр гаргав.

Хэдийгээр коронавирусийн халдвар авсан тохиолдол албан ёсоор илрээгүй ч урьдчилан сэргийлэхийн тулд дээрх арга хэмжээг авснаа тэд онцлов.

Мөн энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт,  эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв. Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин