• Эхлэл
  • "Тун фарм" эмийн үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдлээ

"Тун фарм" эмийн үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдлээ

2020/02/19

"Мөнхийн тун" ХХК-ийн харьяа "Тун фарм" эмийн үйлдвэр нь өнөөдөр GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлын гэрчилгээгээ Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гардан авлаа.

Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524:2014) нь ДЭМБ-ын GMP стандарт буюу эм үйлдвэрлэлийн зохистой дадлын удирдамжийн түвшинд боловсруулагдсан үндэсний стандарт юм. Энэхүү шаардлагыг хангаснаар эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, түүний чанарын шалгалт, баталгаажилт нь олон улсын стандартын дагуу явагддаг онцлогтой аж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал уг гэрчилгээг гардуулж өгөх үеэрээ “"Тун фарм" эмийн үйлдвэрийг Монгол улсын GMP стандарт MNS 5524-ийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр болсонд баяр хүргэе” хэмээн онцлосон юм.

"Тун фарм" эмийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ: “Манай үйлдвэр GMP стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр, тэр дундаа капсултай эмийн хэлбэрээс антибиотик эмийн хэлбэрийг тусгаарлан, тусдаа агааржуулалтын систем бүхий цех бий болгосон анхдагч үйлдвэр болж байна. Бид шахмал болон капсултай эмийн үйлдвэрлэл гэх 2 төрлөөр GMP батламж авч байгаа нь бидний бас нэг томоохон амжилт юм” гэлээ.

"Мөнхийн тун" ХХК нь 2004 оноос эмийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд өнөөдөр эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээг гардан авч байгаа нь тус компанийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн нотолгоо болж байна. 

"Мөнхийн тун" ХХК-ний Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг: “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээ нь биднийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг нотлох нотолгоо юм. Үүний ард маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бий тул "Мөнхийн тун" ХХК, тэр дундаа "Тун фарм" эмийн үйлдвэрийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Бид цаашид олон улсын стандартад нийцсэн чанартай эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ, уг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бий болж байна гэж үзэж байна” хэмээлээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин