• Эхлэл
  • Зөвшөөрөл авна, авахгүй-Хэнд нь итгэх вэ?

Зөвшөөрөл авна, авахгүй-Хэнд нь итгэх вэ?

2020/11/16

Хөл хорионы онцгой нөхцөл байдлыг хангах үүднээс одоогоор нэр бүхий онцгой хэрэгцээт 13 салбарын ажилтнуудыг тасалдалгүй ажлаа хийхийг зөвшөөрч байгаа. Гэтэл  хорионы хоёр дахь өдрөөс заавал тусгай зөвшөөрөлтэй машин хөдөлгөөнд орно, ажлынхаа үнэмлэхийг үзүүлээд явж болно гэсэн эсрэг тэсрэг мэдээлэл дэгдэж, дээр дооргүй бужигнаан үүсгэж байна.

Тодруулбал, УОК-оос нэр бүхий салбарын ажилтнууд үнэмлэхээр зорчиж болно гэсэн бол НОБ /Нийслэлийн онцгой комисс/ заавал зөвшөөрөлтэй машин зорчино гэсэн хэмээн хотын захиргааны гадаа ийм  бужигнаан үүсчээ. Бүр тусгай зөвшөөрлийг хуурамчаар дууриалган үйлдсэн тохиолдол ч гарсан байна.

Аливаа зөвшөөрөл бичиг шат дамжлага, ар өврийн хаалга асуудал дэгдээдэг л юм хойно яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгох аргагүй. Харин өнөөдөр буюу 2020.11.16-нд заавал тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Гэвч цагдаагийнхан зарим нь үнэмлэхээр саадгүй зорчуулж байгаа бол зарим нь хүндрэл үүсгэх, явуулахгүй байх зэрэг хоёрдмол ойлголтууд гарсаар байна. Арга ч үгүй юм, цөөнгүй машин тусгай зөвшөөрлийн хуудастай явж байхад бусдаас нь шаардах нь зүй. Гэхдээ үүнээс болоод багагүй маргаан гарч дайн дээр дажин болох нь.

Мөн НОК-ийн зүгээс өнөөдөр ийм шийдвэр гаргаагүй, УОК тусгай зөвшөөрөл тарааж байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Ингээд УОК гаргасан шийдвэр үү, НОК уу гээд бас л бөөн эргэлзээ нэмэгдэв. Тэгэхээр УОК, НОК-оо энэ асуудалд цэгцтэй тайлбар өгөөч. Шийдвэрээ нэгтгэж, нэг цонхоор хөдлөшгүй мэдээлэл өгөөч. Албаны хүмүүс тэр тусмаа УОК, НОК ингэж өөр өөр, мэдээлэл гаргаад байхаар олон нийт яах билээ.  УОК, НОК ингэж хоёр тийш харсан шийдвэр гаргаж, хоорондоо ойлголцохгүй байж болох уу, ер нь?

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин