• Эхлэл
  • МЗХ Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ

МЗХ Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ

2021/07/10

Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр Монголын Залуучуудын Холбооны хамт олон Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн болон өнөөгийн МЗХ-ны тугаа мандууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оноос хойш Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй. Мөн энэ өдөр МЗХ өөрийн тугандаа хүндэтгэл үзүүлдэг. Анх Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулагдаж, 70 жилийн турш МХЗЭ нэртэйгээр, сүүлийн 30 жилд МХЗ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй, Азийн анхны залуучуудын байгууллага энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа.

Энэхүү түүхт 100 жилийн ой болон Төрийн далбааны өдөрт зориулан МХЗ-ын Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од баяр хүргэн үг хэлж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд МХЗ-ны тугийг, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны тэргүүн Монгол Улсын Ардын багш, академич, профессор Д.Дашжамц МХЗЭ-ийн тугийг өргөн мандуулсан юм.

Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын хэлсэн үгийг хүргэж байна.

 

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од:

Та бүхэндээ Монгол төрийн далбааны өдрийн мэндийг хүргэе.

Улс даяар баяр наадмын жавхаа орж, гийнгоо хадаадаг энэ өдрүүдэд Монгол Улсынхаа төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Хэдийгээр Монгол даяар төдийгүй дэлхий даяар цар тахлын хүнд хэцүү цаг үе тохиож, уламжлалт баяр наадам болон бусад уламжлалт арга хэмжээг хойшлуулаад байгаа хэдий ч цөөн хүний хүрээнд Халдвар хамгааллын дэглэмийг сахин өнөөдөр бид Монгол Улсын төрийн далбаа, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гал улаан туг, Монголын Залуучуудын холбооны билэгдэлт тугныхаа өмнө хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна.

Мянга, мянган жилийн түүхэн уламжлалтай Монголын төр түүхэн уламжлалаа дээдлэн, төрийнхөө далбаанд сүслэн мөргөдөг эртний сайхан уламлжлалтай билээ. Тийм учраас бид төрт ёсоо дээдлэн хүндэтггэж Төрийнхөө далбаанд хүндэтгэл илэрхийлж байна.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу монголчууд 2008 оноос хойш ийнхүү Төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлэх ёслол хэзээ ч үл тасалдах учиртай билээ. Энэхүү зарлагын дагуу Монголын залуучуудын холбоо ч мөн өөрийн тугандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.

Та бидний өмнө тэртээх хувьсгалын өдрүүдэд жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын биечлэн байгуулсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гал улаан туг, түүний үргэлжлэл болгон Монголын шинэ үеийн залуучуудын байгуулсан Монголын залуучуудын холбооны туг хүндэтгэлтэй залрах гэж байна.

Үе үеийн залуучууд эдгээр тугны дор нэгдэж, хувьсгалт тэмцлийн гал дөлөн дунд, дайны утаа тоос, исгэрэх сумны эсрэг, энх цагийн бүтээн байгуулалт болгонд энэ туг дэрвэн мандаж, үе үеийн залуучуудын итгэл сэтгэл, манлайллын билэг тэмдэг болсоор ирсэн билээ. Энэ тугны дор бидний ээж аав, эмээ өвөө, үе үеийн хамгийн мундаг манлалайлагч залуучууд нэгдсээр ирсэн билээ. Энэ жил түүхэн 100 жилийнхээ ойг тэмдэглэж буй Монголын залуучуудын төв байгууллага өөрөө Монголын шинэ үеийн түүх, түүчээ нь билээ. Тийм ч учраас үеийн үед манлайлагч залуучуудын туг болсон МХЗЭ, МЗХ- ны туганд хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоё.

Уламжлал үгүй шинэчлэл гэж үгүй, шинэчлэл манлайлал үгүй хөгжил гэж үгүй. Тийм ч учраас Монголын залуучууд 100 жилээр үргэлжилж ирсэн залуучуудын манлайллаа улам өндөрт өргөн, Монголын хөгжлийг түүчээлж байх болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе. 

 

  


Сэтгэгдэл байхгүй байна