• Эхлэл
  • Хөгжлийн банк ба МАН-ын зээл, Н.Мөнхбатын ял

Хөгжлийн банк ба МАН-ын зээл, Н.Мөнхбатын ял

2022/02/22

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон тус банкны хуучин удирдлагуудад өнгөрөгч баасан гаригаас эхлэн /2022.02.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

/Б.Батбаяр, Д.Дэлгэрсайхан, Ч.Мөнхбаярыг нийтэд нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэрэгт яллагдагчаар татаж, Б.Батбаярыг “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй", Д.Дэлгэрсайханыг “Оргон зайлж болзошгүй", Ч.Мөнхбаярыг “Өөрийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж  болзошгүй” гэдэг үндэслэлээр прокуророос 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хэлэлцээд Д.Дэлгэрсайханы “Оргон зайлахыг завдсан үндэслэл тогтоогдоогүй” хэмээн татгалзаж, харин Ч.Мөнхбаяр, Б.Батбаяр, Н.Мөнхбат нарыг 2022 оны 02 сарын 18-наас эхлэн сарын хугацаатай цагдан хорьжээ/

Үүнээс хэдэн өдрийн өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат Д.Амартүвшингийн “Liberty pub” подкастын зочноор оролцож, тус банкинд өрнөж буй үйл явдлын талаар ярилцсан байдаг. “Намайг нэг л үг дуугарвал АТГ аваачаад хорьчихно шүү дээ” гэж анхааруулсаар байсан боловч ярилцлага хийгдсэн, нэвтрүүлэг цацагдсан. “Нисэхгүй нисэхгүй гээд байхад нь нисгээд алчихлаа” гэдэг болж.

Гэхдээ Н.Мөнхбатын хувьд нэлээд өндөр “өртөгтэй” туссан энэ ярилцлага олон нийтийн хувьд нүдийг нь нээхүйц олон мэдээллийг ил болгов. “Хөгжлийн банкийг 2016 онд шалгаад 1,3 их наядыг зөрчил илрүүлсэн чинь хөөн хэлэлцэх хугацаагаар суллаад явуулчихсан шүү дээ” хэмээн намынхандаа агсан тавьж яваа “шударга гишүүн” Б.Энхбаярын үг ч бас хуудуутай болов. Тухайн үеийн УИХ-ын ажлын хэсгийн шалгаж тогтоосон гэх уг актад нь Монголбанкны удирдлагууд өөрсдөө гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл батлагдагдаж, нотлогдоогүй, албан бус мэдээлэл гэсэн үг. 

Хөгжлийн банкнаас гаргасан баримтад түшиглэн "Зууны мэдээ" сонинд мэдээлснээр 2012-2016 онд Н.Мөнхбатыг банк удирдаж байхад Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 800 гаруй төсөл, хөтөлбөрийн 98 хувь нь зээлээ эргэн төлсөн гэжээ. Мөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгогдсон чанаргүй зээлийн хувь арилжааны банкуудынхаас /10 гаруй хувьтай байгаа/ тав дахин бага гэсэн үг.

Тийм болохоор “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн 53 хувь нь чанаргүй зээл байна” гэдэг энэ тоо хаанаас гарч ирсэн, хэнтэй холбоотой вэ гэдгийг эргэж харах, судлах хэрэгтэй болж байна. Яагаад жишээ нь МАН-ын гишүүдийн авсан зээлийн төлөө АН-ын үед тавигдсан банкны удирдлагууд хариуцлага хүлээх болов? гэх мэт...

Хөгжлийн банкнаас мэдээлэхдээ чанаргүй зээлийн хэмжээ 1,6 их наяд төгрөг гэсэн. Гэтэл үүнээс 841 тэрбумыг л шүүхээр нэхэмжилсэн. Үлдсэн 800 тэрбум нь хэний, ямар зээл вэ?

Нэг зүйлийг тодруулахад, 2016 оны сонгуулиас өмнө Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-аар хэлэлцэж баталдаг байсныг 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Ундармаа хууль өргөн барьж, хүчингүй болгуулжээ. Гишүүн асны НДС болон ЖДҮХС-г хэрхэн тоносон хийгээд түүнийхээ төлөө авсан ял, сүүлд Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлийн хэмжээ дамжааг бодоод үзсэн ч энэ бол нэг хүний хийсэн хэрэг биш, бүлэг хулгай гэдэг нь шууд ойлгогдоно. 

2011 оны хоёрдугаар сарны 10-нд баталсан Хөгжлийн банкны тухай хуулийн хоёрдугаар зүйл буюу “Хөгжлийн банкны үйл ажиллагаа” хэсэгт,

-Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална. /2.8.1/

-Энэ хуулийн 8.1-д заасан төсөл, хөтөлбөрт Засгийн газраас баталгаа гаргасан тохиолдолд Хөгжлийн банк уг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж болно. Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг төсөл, хөтөлбөр дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдана. Засгийн газрын баталгааг зөвхөн даатгагдсан төсөл, хөтөлбөрийн зээлд гаргана. /2.9.1/ гэсэн байна.

МАН засгийн эрх авсны дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын шинэхэн гишүүн Б.Ундармаа Төрийн ордонд шөнө дөлөөр хуулийн төсөл өргөн барьжээ. МАН тэрийг нь 2017 оны хоёрдугаар сарын 10-нд шинэчилсэн найруулгаар баталсан байна. Хоёрхон сарын дотор шүү дээ.

Шинэ хуулиар Хөгжлийн банк нь компанийн хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийдэг, экспорт, импортыг санхүүжүүлдэг болсон байна. Экспорт, импорт... Манай үндэсний аж ахуйнуудыг хийж чаддаг ганц зүйл импорт шүү дээ. Сая Замын Үүдийн хилийн хорио тавигдаж, ачаа тээвэрлэлт эхлэхэд хамгийн түрүүнд манайд юу орж ирсэн билээ, 200 ширхэг Ланд-300... Сав баглаа боодол нь тасарсанаас болж эмийн үйлдвэрүүд нь таг зогсоод, эмнэлгүүд дуслын шингэнгүй болчихсон байхад “Таванбогд” компани ийм л импорт хийж байлаа шүү дээ. Ц.Баатарсайхан захирал Хөгжлийн банкнаас хамгийн их буюу 225 тэрбумын зээл авсан. Түүгээр “Говь” үйлдвэрийг яаж өргөтгөсөн, экспорт нь хэд дахин өссөн тухай та сонссон уу? Бид лав сонсоогүй.

Ер нь бол 2016 оноос хойш Хөгжлийн банкны зээл хаашаа орж, юунд зарцуулагдаж байгааг бид мэдэхээ больсон. Өмнө нь УИХ-аар хэлэлцэж баталдаг байсан учраас "Гудамж төсөлд тэд..., орон нутгийн ЖДҮ-т тэд..." гэх мэт хагас дутуу ч гэсэн тоотой байсан. 2017 оноос Хөгжлийн банк өөрөө, ТУЗ-ийнхээ шийдвэрээр зээл олгодог болсон. Тийм болохоор уг нь бол тэдгээр нөхдийг л барьж шоронд хийх ёсттой юм. Яагаад чанаргүй зээл чинь ийм хэмжээнд хүрсэн бэ? гэж асуух ёстой. Гэтэл хамгийн чанартай зээл олгосныг нь бариад шоронд хийчихдэг хачирхалтай хорвоо.

Хууль нь ийм юм уу гэсэн чинь нам нь тийм бололтой юм. Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг намаасаа хөөнө, гишүүнээс нь түдгэлзүүлнэ энэ тэр гэж баахан дөвчигнөсөн МАН баасан гаригийн орой ЖДҮ хуссан гишүүдээ хөөсөн гэнэ ээ. /Солтан, Батзориг, Ундармаа, Дамба-Очир, Хаянхярваа/ Хэдэн удаа ч хөөгөөд байгаа юм, бүү мэд. Нүглийн нүдийг гурилаар хуурах аа гэж...

Өөр бас нэг хошин ч гэх үү баримт хэлье. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, сая цагдан хоригдсон Н.Мөнхбатын тухай...

Монголын Засгийн газрын Японы зах зээлээс босгосон Самурай бондын 600 сая ам.долларыг Хөгжлийн банкинд байршуулжээ. Японы талаас шаардсан ёсоор урьдчилгаа төлбөрийг /бондын хүү/ 10 жилээр нь урьдчилан төлсөн юм байна. Түүнийг нь Японы талтай хуйвалдаж мөнгө завшсан хэмжээн АТГ-аас Н.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, сонгуулийн дараа шууд цагдан хорьсон. тухайн үед Н.Мөнхбатын ээж Японы ЭСЯ дээр очоод “Энэ учраа манай хуулийн байгууллагынханд хэлээд өгөөч ээ” гэж гуйхад ЭСЯ “Бид албан ёсны мэдээллүүдээ танай УИХ, Засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлсэн. Өөрөөр харьцах боломж байхгүй ээ” гэсэн байдаг. Японы талын хувьд ч гэсэн тэр үеийн манай УИХ, Засгийн газартай харьцах нь “хар нүх рүү хашгирах”-аас өөрцгүй байсан гэсэн үг.

АТГ-ынхан ч гэсэн тэнэг хүмүүс биш учраас дараа нь Н.Мөнхбат дээр үүсгэсэн эрүүгийн хэргийг өөрчилж, "Мон лаа" компанид давуу эрхээр зээл олгосон хэрэгт яллагдагчаар татсан байна. Тэгээд “Мон лаа”-гийн захиралтай хамт шалгагдаж байтал нөгөө захирал нь хэрэг нь хэрэгсэхгүй болоод гарад явчихсан. Нэг үгээр "Мон лаа"-гийнхны оролцоогүйгээр Н.Мөнхбат өөрөө хөөцөлдөж яваад тус компанид давуу эрх олгосон хэрэг болов. Сүүлд сонсохнээ нөгөөх нь МАН-д орсон байсан гэнэ. Одоо тэр зээл нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн нэр дээр бичигдээд явж байгаа.

Ингээд Н.Мөнхбат ганцаараа яллагдагчаар шалгагдаж явсаар 2021 онд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон юм байна. Харин энэ удаа чухам ямар хэрэгт буруутгаж яллагдагчаар татсаныг таах аргагүй.

Эх сурвалж:inews.mn

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин