АЯЛГУУ ШИГ СЭТГЭЛИЙН ГҮНД
/хөрөглөл/
UB Palace-н Их танхимын тайзнаа “Анир” поп оркестр байраа эзлэв. 15-р эгнээнд миний хажууд суух хөгжмийн зохиолч Т.Найданжав “Анирын Алтанхуягийн энэ поп оркестр яаж дуугарахыг сонсоорой. Дэлхийн хэмжээнд дуугарна. Алтанхуяг өөрөө Шаравын хэмжээнд түүнийг залган гарч ирж байна” гэж сандлаа чахартал налж магтан байв. Нээрээ л жинхэнэ поп оркестрийн тоглолт, дуугаралт үнэхээр өөр юм аа. Надад бол хөгжмийн шинэ найруулга, поп оркестрийн амьд тоглолт сонин байлаа. Найданжав дахиад л чанга чанга дуугарч “Алтанхуяг дууг чинь оркесторт бичсэн. Үнэхээр сайхан. Сонсоорой гэсэн” хэмээхүй дуучин Чулуунчимэг түргэн түргэн алхсаар гарч ирэв. Тэгээд дууныхаа нэр ус, зохиогчдийг нэрлэсэн ч үгүй шуудхан нэгэн дууг дуулсан нь “Чамд чам шиг дурлахсан” байв. Найданжав бид хоёрын дуу л даа. Энэ дуу хоёр ч янзын клиптэй, эдүгээ үзэгчдийн хүртээл болчихсон тул тэд даган дуулж, түрэн давалгаалж концертыг нижигнэсэн алга ташилтын дор ёстой гойд сайхан эхлүүлэв бололтой.
Тэр залгуулаад “Будант уулсын дундаас алсыг харуулдан суугаа буурал ээждээ би чинь орчлонгийн сайхан үр нь” хэмээн “Санаж явах ижий” дуугаа дуулав. Олонд түгсэн сайхан дууг ижийдээ зориулан олуулаа дуулахад бас ч огшиж байна лээ. Түүний дараа нэгэн сонирхолтой дуу дуулсан нь “Хаалгыг минь тогшоорой”. Энэ дууны нэрийг сонсоход л нэг их хүсэмжит дүр төрх, хүслэнт үйл явдал сэтгэлд тодроод ирнэ. Энд “хамтдаа сайхныг бүтээхээр хаалгыг минь тогшоорой, хайрын сайхныг мэдрүүлэхээр зүрхийг минь тогшоорой” гэж дуулдаг юм. Үзэгч түмний зүрхийг тогшсон сайхан тоглолт эхэлж байгаа нь энэ. Энэ бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Энхболдын Чулуунчимэгийн “Хайрын солонго” төрсөн өдрийн баярын тоглолт байв.
“Хайрын солонго” уран бүтээлийн тоглолтыг “Болор цом”-ын хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Ичинхорлоо хөтөлсөн юм. Тэрбээр “Бурхан тэнгэр хамгийнхаа хайртай хүүхдүүдийг дуучин хөгжимчин болгож заяадаг гэсэн. Эгшигт сэтгэлтэй энэ сайхан хүмүүс та бидний зүрх сэтгэлийг хөглөн цаг үеийн саарал давалгаан дотор гэрэлт солонго татуулж байдаг. Хүн бүрийн сэтгэлд байдаг тэр олон өнгийн солонго урлаг юм, эгшиг юм, хайр юм, бас дуу юм аа. Тийм учраас Чулуунчимэг маань төрсөн өдрийн тоглолтоо “Хайрын солонго” гэж нэрлэсэн нь учиртай” гээд ижийд нь баярын мэнд дэвшүүлж “Санаж явах ижий” дууг зарлан тоглолтыг нээсэн юм.
“Хайрын солонго” тоглолтын гол баатар нь төрсөн өдрөө тэмдэглэж буй Э.Чулуунчимэг, хүндэтгэл нь ээж, бахархал нь аялгуу, баясал нь үзэгч түмэн байлаа. Үзэгчид их танхимд багтаж ядна. Ер нь Э.Чулуунчимэгийн фенүүд аль ч тоглолтыг зарласан ч, эс зарласан ч дүүрэн л байдаг. Төрсөн өдрийн цэцгийн баглаа, уран бүтээлийн андуудын нь дуун мэндчилгээ тайзыг гоёж, орон зай бүхнийг гоо ялдам аалиар дүүргэж байв. Ямар ч үзэсгэлэн гоо дуучин юм, ямар ч сайхан найз нөхдийн хүрээлэлтэй юм, ямар ч үнэнч, дэмжигч фенүүдтэй юм. Бахархаж суулаа.
СУИС, ХААИС-д зэрэг сурч дуурийн дуучин, аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн Өвөрхангайн охин Э.Чулуунчимэг эдүгээ мэргэжлийн судлаач, уран бүтээлчид, үзэгч түмний хүлээн зөвшөөрсөн дуучин болон төлөвшиж байна. Урын сан нь өөрийн гэх дууны ай савыг бүрдүүлж, хамтрагчийн хүрээлэл буй болж, шинэ бүтээлийн цутгалан үүсч, үзэгч фенүүдийн давхарга өсөн нэмэгдэж байна. Энэ бол өөрийнхөө үеэ түүчээлж, дууны ертөнцөд цахиур хагалж буйн батламж, нотломж гэж хэлж болно. “Хайрын солонго”-ын хайрлууштай нэгэн хандлага нь түүний уран бүтээлчдийн хүрээлэл байлаа. Концертын дэд ноён нуруу нь түүний хамтрагч, дуучдын дуун талархлын цуврал байсан юм. СУИС-ийн нэг ангийнхан л гэнэ, монгол эх орноороо тойрон аялан тоглосон “Гоо ялдам”, “Бүсгүй ертөнц” багийнхан л гэнэ, Монголын нийтийн дуучдын холбоо л гэнэ, тэд төрсөн өдрийн тоглолтын баяслыг өдөөгч, бахарлыг төрүүлэгчид байлаа.
Э.Чулуунчимэгийн дууны урын сангийн гол тоглогчид нь яруу найрагч Б.Болорцэрэн, хөгжмийн зохиолч Д.Бердибек, Б.Мөнхжаргал нар юм байна гэх бодол төрж суув. Учир нь Б.Болорцэрэн, Б.Мөнхжаргалын зохиосон тус бүр 20 гаруй дуу, Д.Бердибектэй хийсэн 10 гаруй дуу Чулуунчимэгт лавтайяа буй. Түүнээс энэ удаагийн тоглолтод Б.Болорцэрэнгийн Д.Бердибектэй хамтарч туурвисан “Гучин нас”, “Монголоороо аялъя”, “Бидэн хамтдаа”, Б.Мөнхжаргалтай хамтарч зохиосон “Зүгээр л инээмсэглэ”, “Хамгийн гоё хайр” дуу энд эгшиглэв. Мөн Д.Бердибекийн “Гоо ялдам” /Б.Ичинхорлоо/, “Хаалгыг минь тогшоорой” /Л.Энхсайхан/, “Төрсөн өдөр” /Лууяа/, Б.Мөнхжаргалын “Хайрын солонго” /И.Пагмадулам/ зэрэг дуу бас дуулагдав. Зөвхөн энэ гурвын арваад дуу концертын солонгын өнгийг тодорхойлоод явчихаж байна. Энэ бол уран бүтээлийн нөхөрлөл юм. Үүнээс гадна хөгжмийн зохиолч Т.Найданжав, Д.Чулуун, Г.Мөнх-Амьдрал, А.Мөнгөншагай, Б.Пүрэвсүрэн, М.Алтангэрэл, Лууяа, яруу найрагч Б.Ичинхорлоо, М.Цэрэнтогтох, Ж.Батсайхан, Я.Отгонбаяр, Ш.Доржсүрэн, И.Пагмадулам, Л.Энхсайхан, Ү.Хүрэлбаатар нарын дуу тайзнаа эгшиглэсэн билээ. Энэ бүгд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын төрсөн өдрийн бэлэг байв.
“Хайрын солонго” төрсөн өдрийн баярын тоглолтын дуун цувралын агуулга надад таалагдлаа. Түүний нэг өнцөг нь ээж, охин, зээгийн алтан аргамжийн аялгуу байв. Э.Чулуунчимэгийн охин Б.Аялгуу “алтан гоо цэцгээр ээжийгээ би чимж явахсан, амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг яаж хариулъя даа” гэж ээждээ хандан дуулахад тэрбээр “тэнгэрийн мянган оддыг ээждээ би бэлэглэхсэн, тэнүүн уужим сэтгэлтэй ээжийнхээ ачийг яаж хариулъя даа” /”Ээжийн ач”/ хэмээн ээждээ сэтгэлийн үгээ дайж байна. Тэд бас “ээжээ та миний инээдээр будсан наран, ээжээ би таныхаа хайраас татсан солонго...үр минь чи ээжийнхээ үнсэхэд сэрдэг дэлхий” /”Хамгийн гоё хайр”/ хэмээн дуулж байна. Ямар гоё вэ?
Тоглолтын туршид нэг л ялдам гоо, яруу гуа бүсгүйн дүр нэвт шувт гэрэлтэж байлаа. “Мөрийг чинь түших солонго болъё, мөрөөдлөө наддаа бороо шиг асгаач” /“Бидэн хамтдаа”/, “Гоо сайхан, ай сайхан бүсгүй минь. Дуу шиг сайхан тун чиг сайхан, ялдамхан минь ээ, ялгуун дорно, эгэл дорно, үзэмжит дорны нүдний баясгалан” /”Гоо ялдам”/, “Бодолд урссан хайрын гол минь бороотой тэнгэрийн солонго минь” /“Хайрын солонго”/, “Хань минь наашаа суу хайрлан хайрлан ярих л гэсэн юм. Амраг минь наашаа суу аргадан аргадан хэлэх л гэсэн юм” /”Сайхан хань минь”/, “Зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай. Байгаль өөрөө миний үзэсгэлэн. Байгаараа байх нь миний гоёл юм” /“Зүгээр л инээмсэглэ”/ хэмээнэ.
Тэр бас ихэмсэг бардам ажээ. “Хаврын салхинд хормой дэрвээд хачин юм аа гучин насанд, харцны сайханд сэтгэл дэнслээд халуухан юмаа залуухан насанд” /“Гучин нас”/ гэх буюу “Шанз торгон аялгуунд сэтгэл хоргодоод байна уу даа, намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ” /“Шанз торгон аялгуу”/, “Заамныхаа товчийг задгайхан тавих чинь залуухан харц минь халуухан л байна уу даа” /“Сэмхэн дурлал”/ хэмээх тэр ихэмсэг бардамналаа “Өөрийн бүтээсэн гоёмсог ертөнцдөө өрөөлийг багтаах шалгуур өндөр л дөө. Би хэтэрхий бардам л даа, уучлаарай” /“Ихэмсэг бардам”/ хэмээн тайлж байна.
Ийм нэгэн бүсгүй дуучны тоглолтыг үзлээ. Чихэнд чийргүй зөөлөн хоолой, сэтгэлд төвөггүй намуун аялгуу, амьдралд тэмүүлсэн гэгээн хүслэн үзэгч түмний хайрыг татна. Тэр дуулах ур зүйн өөрийн дэг сургуультай болж байгаа юм байна. Монголын урлагийн тайзнаа өөрийн өвөрмөц содон өнгө төрхөө хадаглаж, хөгжүүлж, ард түмнээ баясгаж явах болтугай. Тэр “өдөр бүхэн өөр өөрийн өнгөтэй, дуусашгүй байгаасай энэ л өдөр” хэмээн төрсөн өдрөө дуулж байна.
“Үнэн шиг ганцан чамтайгаа амьдрахсан даа би
Үлэмжийн сайхан чамайгаа хайрлахсан даа
Аялгуу шиг сэтгэлийн гүнд нэвтрэхсэн дээ би
Аргагүй сайхан чамайгаа хайрлахсандаа” гэх “Чамд чам шиг дурлахсан” дуугаа ихэрлүүлэх юмсан. Ай даа, аялгуу шиг сэтгэлийн гүнд нэвтэрсэн шинэ уран бүтээл ахин хийх юмсан.
Ү.ХҮРЭЛБААТАР
2023.05.02.
Сэтгэгдэл байхгүй байна