• Эхлэл
  • ЗГ: Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр тэмдэглэхгүй

ЗГ: Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр тэмдэглэхгүй

2025/12/10

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.12.10/ танилцууллаа.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Хэмнэлтийн хууль дөрөв дэх жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийг нарийн чанд сахиж ажиллах шаардлагатай. Үлдсэн хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор зардлуудаа эрэмбэлж, цалин болон нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, салбаруудаас Онцгой байдлын ерөнхий газрын зохих зардлууд, хөрөнгө оруулалтууд, эрүүл мэндийн салбар зэрэг зардлуудыг тэргүүн ээлжинд саадгүй санхүүжүүлэх үүрэг өглөө.

Засгийн газраас Хэмнэлтийн хуулийн дагуу төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх даалгаврыг өглөө.

Мөн цахим орчинд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцож, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ жилийн тухайд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаас цэвэр 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг өвөлжилтийн цас зудтай холбоотой онцгой байдлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэж танилцуулах зардалд 2025 ондоо багтаж зарцуулах үүргийг өглөө. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 он руу шилжүүлж байна. Татвар дээр аль болох шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж болон иргэдэд туслан зөвлөх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг шат дараатай авна.

Хуримтлагдсан өрөөс харвал, уул уурхайн салбарын хэд хэдэн татварын өр хуримтлагдсан байна. Тийм учраас энэ салбарт үзүүлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зогсоох саналуудыг боловсруулж танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Эдгээр арга хэмжээг 12, 1, 2 дугаар сараас ирэх орны нэгдүгээр улиралд үргэлжилнэ гэдэг үүргийг бүх салбарын сайд нарт өглөө. 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэл ямар байгаа талаар танилцуулъя. Энэ оны төсөв эхэлснээс хойш хоёрдугаар улирлын дундаас эхлэн татварын орлого саатаж, ялангуяа гадаад худалдаан дээр нүүрсний үнэ энэ оны төсөв батлагдах үеэс 50 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлд хүндрэл үүсгэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулахад төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан. Мөн төсвийн орлого бүрдүүлэлт сарынхаараа тодорхой хэмжээнд саатаж эхэлсэн цаг үе байсан. Эндээс макро бодлогыг тэнцвэржүүлэх арга хэмжээнүүдийг авч эхэлж, шинэ Засгийн газар бүрдэж, долдугаар сард төсвийн тодотгол хийж, 2.3 их наядаар төсвийн зардлыг бууруулсан байдаг. Эдгээр мөнгөний бодлого, төсвийн бодлого дамнасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүн гарсан. Монгол Улсын валютын нөөц анх удаа 6 тэрбум ам.доллар давж, зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван агентлагаас зэрэглэлээ хамгаалж, хоёрт нь зэрэглэлээ нэмүүлж чадсан. Бид 13 жилийн өмнө хүрээд байсан өндөр зээлжих зэрэглэлдээ хүрсэн. Бид 2012 онд зээлжих зэрэглэлээ алдаж эхэлсэн.

Мөн 3650 төгрөг хүрч байсан ам.долларын ханш 3544 төгрөг болж тогтворжиж ирсэн. Он гараад нөөц буурах, валютын ханшаа алдах эрсдэл байхгүй болсон. Дээрээс нь есдүгээр сараас эхлээд сар бүрийн төлбөрийн тэнцэл 40-50 сая ам.долларын эерэг гарч эхэлсэн.

Ингээд төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сард 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 11 сарын байдлаар 144 сая ам.долларын ашигтай гарч эхэлсэн. Үүний үр нөлөөгөөр экспорт буурсан хэдий ч импортыг хумих макро бодлогууд үр нөлөөгөө өгч, нааштай арга хэмжээг авч ирсэн. Энэ маань улсын төсөв дээрээ очихоор импорт буурахаар гаалиар орж ирдэг импортын татвар буурч эхэлж байна. Мөн нүүрсний үнийн 50 хувийн бууралт уул уурхайн салбарт маш том цохилт болсон. Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар сүүлийн саруудын орлого бүрдүүлэлтийн явцыг харахад, энэ оны үлдсэн хоногуудад улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна. Тийм учраас үлдсэн хугацаанд татварын орлого бүрдүүлэлт дээр бүх хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Нийт 2.3 их наяд төгрөгийн тал буюу 1.2 их наяд төгрөг нь импортын тоо хэмжээ буурсантай холбоотойгоор гаалийн татвар буурсан. Татвартай ижил хүчилж, импортыг дуудаж авах боломжгүй байдаг. Гааль дээр үүссэн татварын өр төлбөр харьцангуй бага байгаа. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Гаалийн ерөнхий газарт ажилласан. Цаашдаа энэ байгууллага илүү эрчимтэй, ил тод ажиллаж, төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж орлого буурах эрсдэлийг хааж ажиллах шаардлагатай. Гаалийн байгууллагууд өдөрт дор хаяж 30-аас доошгүй хувийн татварын орлого бүрдүүлэх бол татварын байгууллага 100 тэрбум хүртэл өдөр бүр татварын орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгсөн.

Татварын орлого бүрдүүлэлтэд учирч байгаа эрсдэлийг харвал гурван төрлийн шалтгаантай байна. Үүнд, нүүрсний үнэ 50 хувь унасан бол импортын хувь хэмжээ буурснаас 1.2 их наяд татвар дутаж байна. Гуравт, бид мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй эрсдэл үүсч байна. Тэр нь юу гэхээр АН-ын бүлгийн хуралдааны дараагаар татварын өршөөлийн хууль санаачлан ажиллана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш татварын төлөвлөлт дээр нэлээд эргэлзээ үүссэн. Үнэхээр энэ хуулийн төсөл санаачлах гэж байгаа бол өртэй байгаа аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх сэдэл бий болсноос татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ мэдэгдлээ эргэн харж, зогсоохыг хүсч байна. Мөн нийслэл болон орон нутагт цалин урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой саатсан асуудал огт байхгүй. Өчигдрийн байдлаар төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна. Хамгийн гол нь төрийн сангийн үлдэгдэл бус татварын орлого буюу тодотгол хийснээс хойш батлагдсан алдагдлаа барьж, оноо дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, орлогоос давсан зардал гаргаж болохгүй. Тэрнээс биш төрийн сан хоосорч, улайгаагүй ээ.

Нийт 2.3 их наядаас дутах өндөр эрсдэлтэй байгаа гаалийн татварын орлого маань гадаадаас орж ирж байгаа импортын бараанд тавьдаг татварын орлого. Өөрөөр хэлбэл энэ гаальчдаас хамаарахгүй ерөнхий эдийн засгийн идэвхжилээс хамаарч байгаа юм. Макро бодлогын нөлөө орж ирж байна. Үлдсэн хугацаанд гаалиар орж ирж байгаа тоо хэмжээ ямар байхаас шууд шалтгаална. Тэрнээс биш өр барагдуулахтай адил гэж ойлгож болохгүй. Дотоод үйл ажиллагаанаас хамааралтай гаалийн бусад орлогыг дайчлан ямар боломж байна гэдэгт анхаарч ажиллана. Цаана нь үлдэж байгаа 1.2 их наяд төгрөг буюу татварын орлогын бүрдүүлэлтээ он дуустал хийхээр ажиллана. Үүний 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас орж ирэх татварын орлого ногдуулалт хүлээгдэж байна.

Ажилгүйдлын тэтгэмжийн сангийн асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд өнөөдөр танилцуулсан. Энэ оны төсөв батлагдахад ажилгүйдлын сан буюу тэтгэмжийн төсөв батлагдаагүй. Өнгөрсөн 2024 онд 2025 оны төсөв батлахад батлаагүй. Ингээд 2025 оны зургадугаар сард УИХ-аас баталсан 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тусгасан. Хэрвээ бид 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг эхэлсэн бол маш хүчтэй цохилт болно. Төсөв болон төрийн алба хаагчид дээр ч тэр. Тийм учраас 2025 онд хийсэн төсвийн тодотголоор төрийн алба хаагчдын тоог багасгах процессыг тодотголоос эхэлж хийсэн. Тэгэхээр энэ жилийн тэтгэмжийн санд байгаа хөрөнгө арай хүрэхгүй байгаа. Гэхдээ оны эцэс рүү төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гарна. Хугацаа арай болоогүй байгаа бөгөөд тэор хэмнэлтээс ажилгүйдлын тэтгэмжийг нөхөн олгоно. Өөрөөр хэлбэл, төсвийн хуваарийн асуудал юм. Тэтгэмжийн хоцрогдол төрийн сангийн орлого бүрдүүлэлттэй шууд холбоогүй.

Энэ жил бид улсын төсвийн тодотголоор 85 мянган тонн нүүрс гарган гэж тооцоолсон бол жилийн эцсээр 87 мянган тонн гарахаар байна. Харамсалтай нь экспортын нүүрсний бүтцийг задлаад харвал, эрчим хүчний нүүрс буюу бага үнэтэй нүүрс өнгөрсөн жилийнхээс илүү их гарч байна. Баяжуулсан буюу хагас коксжсон нүүрсний үнэ 70-аас өндөр байгаа ч хэмжээ нь бага байгаа учраас нүүрсний орлого бидний төлөвлөсөн  хэмжээнд хүрэхгүй байна.

ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилголр дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байна.

Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон байдаг. Харин тус газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь өдрийн 10:00–14:00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдгийг харгалзан, уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр нүүрс тээврийн зохион байгуулалт сайжирч, хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэн, нүүрсний экспортын биет хэмжээ өснө гэж үзэж байна.

Товч мэдээ

  • Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
  • Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ.
  • Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ.
  • Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна