Өнгөрсөн оны эцсээр буюу 29-ний даваа гарагт хамгийн өргөн хэрэглэгддэг металлуудын нэг болох зэсийн үнэ нэг тонн нь 13 мянган ам.долларт хүрэх тун дөхлөө.
Лондонгийн металлын биржид болсон гурван сарын дараа нийлүүлэх фьючерс арилжаагаар зэсийн үнэ 6,6 хувиар өсөж, 12 960 долларт хүрчээ. Энэ нь уг металлын үнэ 2025 он гарснаас хойш даруй 30 гаруй хувиар өссөн дүн юм. Мөн 2009 онд дэлхийн эдийн засаг хүнд хямралаас гарч байх үед үнэ 2 гаруй дахин өсөж байснаас хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Түүнчлэн коронавирусний ид тархалтын үед буюу 2020 оны 3 дугаар сард 4600 долл/тн болтлоо унаж байсантай харьцуулахад даруй 2,8 дахин өсжээ.
Үнэ өссөний үндсэн ба дагавар шалтгаанууд
Ингээд шинэ он дөнгөж гармагц 6-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон 3 сарын дараа нийлүүлэх фьючерс арилжаагаар үнэ 2,65 хувиар өсөж, 13 390 доллар/тн-д хүрлээ. Энэ нь америкчууд Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, Н.Мадурог олзлон авчирсны дараа геополитикийн нөхцөл байдал хурцдаж, өнгөт металлын хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй байв.
Гэхдээ олборлолт саарсан нь үнэ огцом өсөхөд голлон нөлөөллөө. Саатлын гол шалтгааныг дурдвал, дэлхийд хоёрдугаарт ордог, дэлхий даяар жилд олборлож буй нийт зэсийн 3 хувийг дангаараа гаргадаг Индонезийн Грасберг уурхайд хөрсний нуралт үүсэж, уурхайчид амиа алдсан нь давагдашгүй хүчин зүйл байв. Үүнээс үүдэн Грасберг-Блок-Кейв уурхайн зарим хэсэг нь 2026 оны II улирал хүртэл зогсохоор байна. Мөн үйлдвэрлэлийн график төлөвлөгөө алдагдсаны улмаас Чилийн Кебрада-Бланка уурхайн олборлолт буурч, дэлхий даяар нийлүүлэлтийн хомсдол улам нэмэгдэв. Түүнчлэн Чилийн Тениенте уурхай /дэлхийн олборлолтын 2 хувь/, БНАКонго улсын Какула уурхайд /1,5 хувь/ осол гарсан нь нийлүүлэлтэд нөлөөллөө. Үүнээс үүдэн зах зээл дээр сандрал үүсэж, биржийн трейдерүүд нөхцөл байдал улам муудахаас урьтаж хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэхийг эрмэлзэх болжээ.

зураг дээр: Грасберг уурхай
Нөгөөтэйгүүр, улс төрийн шийдвэрүүдээс шалтгаалж, тухайлбал, Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-д нийлүүлж буй цэвэршүүлсэн зэсийн импортод татвар ногдуулж магадгүй гэсэн цуурхлаас үүдэн шинэ оны өмнө Америкийн компаниуд худалдан авалтаа эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой. Одоо АНУ-д илүүдэл нөөц бий болоод байгаа бөгөөд дахин импортолж магадгүй байна. Үүнээс шалтгаалан зах зээл тогтворгүйжиж, үнэ өслөө.
Эдгээр гурван гол шалтгаан ба эрэлт, нийлүүлэлтийн динамик үзүүлэлтүүдийг тооцоолсны үндсэн дээр Morgan Global Research судалгааны хүрээлэнгийн хийсэн таамаглалыг үзвэл, 2026 онд дэлхий даяар 330 мянган тонн цэвэршүүлсэн зэсийн хомсдол үүсэх төлөвтэй байна. Мөн Wood Mackenzie компанийн шинжээчдийн тооцоолсноор, 2030 он гэхэд зах зээлд 6 сая тонн зэс дутагдахаар байгаа тул шинээр 20 уурхай, эсвэл Оюу Толгой шиг 12 том уурхайг нээх шаардлагатай болно. Гэтэл ийм боломж огт харагдахгүй байгаа бөгөөд 2023 онд гэхэд Оюу Толгойгоос гадна Чилид ганцхан уурхай нээгдсэн байна. Учир нь, компаниуд шинээр орд илрүүлэхэд хөрөнгө оруулах сонирхолгүй байгаа бөгөөд уурхай нээх зөвшөөрөл авах, уурхайг ашиглалтад оруулахад 10-20 жилийн хугацаа шаардагддаг тул хөрөнгө оруулагчид залхан няцаж байгаа бололтой.
Үүний сацуу хиймэл оюун ухааны салбарынхан өгөгдөл боловсруулах дата төвүүдийг олноор барьж байгаа нь хомсдолыг нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан болж байна. Хиймэл оюун ухааны зах зээлийн багтаамж 2025 онд 38 хувиар өсөж, 200 тэрбум долларт хүрснээр сүүлийн 5 жилд 5 дахин тэлжээ. Улмаар 2030 он гэхэд 1.5-2 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. Үүнийг дагаад дата төвүүд барихад шаардлагатай зэсийн хэмжээ энэ онд 475 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос даруй 110 мянган тонноор илүү байна.

Ерөнхийдөө зэсийн хэрэглээ өнгөрсөн онд 5 хувиар өссөн бол энэ онд 8-10 хувиар өсөх төлөвтэй байгаагаас шалтгаалан 2026 онд хомсдол 549 мянган тоннд хүрнэ гэсэн таамаглал бий. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрчээр хуримтлуулсан зэсийн нөөц 1-2 жилийн дотор шавхагдаж дуусна гэсэн үг. Өнгөрсөн 2025 онд гэхэд дэлхийн нийт эрэлтийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний хомсдол үүссэн бол энэ онд 3 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Үүнтэй зэрэгцээд хүдэр дэх зэсийн агууламж жил бүр 2 хувиар буурч байгаагийн улмаас олборлолтын өртөг нэмэгдэж, ихэнх компани нэг тонн зэсийг 7000 доллароор олборлож байгаа юм.
Нөгөөтэйгүүр, хомсдолын уг шалтгааныг том зургаар харвал, 2023 оны сүүлчээр Дубайд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP28 бага хурлаар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжсэний дараа зэсийн үнэ хурдацтай өсөж эхэлсэн хэмээн дүгнэж болно. Хэрвээ хангалттай хэмжээний зэс олборлохгүй бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт тусгагдсан эрчим хүчний шилжилтийг хийх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Ганцхан жишээ дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс шаардлагатай байдаг.
Үүний сацуу сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн эрэлт ойрын 15 жилийн хугацаанд үнэ өсөх нь гарцаагүй болжээ. Тухайлбал, S&P Global компанийн хийсэн тооцоогоор, 2040 он гэхэд дэлхий даяарх зэсийн жилийн хэрэглээ 42 сая тоннд /одоо 28 сая тн/ хүрнэ. Учир нь, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагатай гэх мэт.
Үнийн өсөлтийн өгөөж Монголд
Өнгөрсөн 2025 оны сүүлчийн өдрүүд, айлчлан ирж буй шинэ оны эхний өдрүүд монголчууд бидэнд таатай сайхан мэдээг дуулгалаа. Учир нь, манай улсын экспортын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ огцом өсөж, 2026 онд нэг тонн нь 15 мянган долларт хүрнэ гэсэн таамгийг дэлхийн банк санхүүгийн голлох байгууллагууд, шинжээчид дэвшүүлж байна.

Энэ 2026 онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, Оюутолгой, Эрдэнэтээс орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах чухал хүчин зүйл мөн. Тодруулбал, зэсийн ханш 15 мянгад хүрсэн тохиолдолд зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарынхаас давна. Жишээ нь, зэсийн ханш 7500 доллар байх үед улсын төсөвт зэсээс орох орлогыг 1 их наяд 700 тэрбум төгрөгөөр тооцож байв. Үүнтэй харьцуулбал, Монгол Улсын 2026 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 9700 ам.доллар/тонн байхаар тусгасан нь “даруухан тоо” юм. Учир нь, энэ онд зэсийн дундаж үнэ өмнөх оныхоос 24 хувиар илүү байна гэсэн таамаглалыг дүн шинжилгээний “Эйлер” компани дэвшүүлжээ. Үүнийг тодруулбал, 2026 онд дундаж үнэ 11–12 мянган долларт хэлбэлзэж, зарим тохиолдолд 12 300 долларт хүрч өсөх магадлалтай. Америкийн Citigroup банкны таамаглалаар, оны эхээр 13 мянган долларт хүрсэн зэсийн үнэ II улирлын эхлэх үед 15 мянгад хүрэх ажээ. Хэдийгээр дэлхийн зэсийн талыг хэрэглэдэг Хятад улсад эрэлт буурах боловч үнэ өндөр хэвээр байна гэж ихэнх шинжээчид үзэж байна.
Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 697 мянган тонн зэс /баяжмал хэлбэрээр/олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 800 мянган тонноос давна. Ингэснээр дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2.8 хувийг эзлэх Монголын өнгөт металл дэлхийн зах зээлд жин дарж эхэлнэ.
Ер нь бол, ойрын хэдэн жилдээ манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6-гаас дээш хувьтай байна гэсэн таамаглал бий. Өнгөрсөн 2025 онд гэхэд 6 хувиар өссөн бөгөөд энэ нь нүүрсний үнэ унасан үед аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханш өссөнтэй холбоотой.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Лондоны металлын бирж дээр баасан гарагт буюу нэгдүгээр сарын 9-ний өдрийн арилжааны дундаж ханш 13 039 долл/тн байлаа.
Зах зээлд түр зуурын шинжтэй үнийн бууралт ажиглагдах нь тодорхой боловч энэ оны ерөнхий хандлага нь эерэг буюу үнэ өсөх нь гарцаагүй гэсэн өөдрөг дүгнэлтэд хүргэж байна.
ЭХ СУРВАЛЖ МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Б АДЬЯАХҮҮ


Сэтгэгдэл байхгүй байна