“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, гэр бүлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд өнөөдөр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох нийт 36 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардуулж, сурлагын амжилт хүсэв.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал С.Баттулга “Манай жолооч нар өглөөний 05:00 цагт ажилдаа гарч, шөнийн 00:00 цагт тарах онцгой цагийн хуваариар ажилладаг учраас гэр бүлдээ цаг гаргах боломж хомс байдаг. Тиймээс бид ажилчдынхаа хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч, ээж, аавынх нь ажилтай танилцуулах, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломж олголоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа. Цаашид ажилчдынхаа гэр бүлд чиглэсэн дэмжсэн олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Эрдэнэбаяр “Би “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-т хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидний ажил иргэдийг хүссэн газарт нь аюулгүй, найдвартай хүргэж өгдөг хариуцлагатай, сайхан ажил. Гэхдээ ажлын цагийн онцлогоос шалтгаалан ар гэр, хүүхдүүддээ цаг зав гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Бидний ажлын онцлогийг ойлгож, хүүхдүүдэд маань зориулан өдөрлөг зохион байгуулж байгаад баяртай байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай танилцаж, бидний хийдэг ажлыг ойлгож мэдсэн нь тун сонирхолтой байлаа” гэлээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүд ээж, аавынхаа ажил, хөдөлмөрийн үнэ цэнэ, онцлогийг ойлгож, бахархах сэтгэл төрсөн гэдгийг хуваалцсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл байхгүй байна