Өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойн асуудлаарх АНУ-Ираны хэлэлцээнд үндсэндээ ямар ч ахиц дэвшил гараагүйн зэрэгцээ хуситууд Улаан тэнгисээр дамжиж буй хөлөг онгоцууд руу дайрах нь олширсноор Ойрх Дорнодод байдал улам түгшүүртэй болжээ. Колумби, Индонез улсуудад 7-гоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж, олон хүн амиа алдлаа. Мөн сүүлийн 27 жилийн хугацаанд Европ тивд анх удаагаа нар бүтэн хиртжээ. Ингээд энэ оны 33 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ираны дэмжлэгтэй хусит босогчид Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд руу довтлох ажиллагаагаа эрчимжүүлжээ. Тэд Египетийн тээврийн хөлөг онгоц руу дайрч, зургаан хүний амийг хөнөөсөн нь хоёрдугаар сард Ираны эсрэг дайн эхэлснээс хойших хугацаанд хуситууд хөлөг онгоцууд руу довтлох явцад хүмүүсийн амь үрэгдсэн анхны тохиолдол боллоо.
Хуситууд Йеменд Саудын Арабын эсрэг байлдаж, Саудын хөлөг онгоцнуудыг бүслэн хаахыг оролдож байна. Тэд мөн Жазан боомт дахь Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэр рүү довтолжээ. Энэ үед Америкийн тал Оманы булангаар дамжин Ираны боомт руу явж байсан хөлөг онгоц руу пуужин харвасан байна. Үүний сацуу АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулах тал дээр ахиц дэвшил бараг гарсангүй.
В.Путин Курилд ирсэнтэй холбогдуулан Японы тал эсэргүүцлээ илэрхийлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт Өмнөд Курилын арлуудад анх удаагаа очсонтой холбогдуулан эдгээр арлыг өөрийн Хойд нутаг гэж үздэг Японы тал “шийдвэртэй эсэргүүцэл” илэрхийлжээ. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдэхдээ “В.Путиний энэхүү алхам нь дунд ба урт хугацаанд хоёр улсын харилцааг сэргээх үйл явцыг улам хүндрүүлнэ” гэлээ. В.Путин Номхон далайн флотын цэргийн сургуулилтын явцтай танилцсаныхаа дараа Итуруп аралд очсон юм.
Эболагийн халдвараар 2 мянга гаруй нас баржээ

БНАрдчилсан Конго Улсад эбола вирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 2060-аас давжээ. Энэ нь эбола вирусний хамгийн аймшигтай дэгдэлт байж магадгүй гэдгийг ДЭМБ анхааруулаад, дэгдлэлтийг хязгаарлахын тулд илүү хүчтэй арга хэмжээнүүдийг авах, түүний дотор эрт илрүүлэлт, хавьтлын хяналтыг сайжруулахыг Конго улсын эрх баригчдад хандан уриаллаа.
Харин Уганда улсад өвчний тархалтыг тогтоон барих тал дээр амжилттай ажиллаж буйг дурдсан байна. Тус улсад 20 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсны дараа өвчний дэгдэлт үндсэндээ зогсжээ.
Газар хөдлөлтийн улмаас кофены экспорт зогсжээ

Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 265 хүн амиа алджээ.
Тус улсын шинэ ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелля тангаргаа өргөснөөс хойш гурван хоногийн дараа энэхүү байгалийн гамшиг болжээ. Де ла Эсприелля тангараг өргөх үеэрээ, хар тамхины мафийнхан болон хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооно гэдгээ хэдэнтээ амлалаа.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас гол боомт болон чухал замууд хаагдсанаар арабика сортын кофены үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог тус улсын кофены экспорт үндсэндээ зогссон байна.
Шинэчлэгч Жү Рүнжи таалал төгсжээ

Хятадын эдийн засгийн шинэчлэлийн архитекторчдын нэг болох Жү Рүнжи 98 насандаа таалал төгсжээ.
1998 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр улс орноо дэлхийн эдийн засгийн интеграцид нэгтгэхэд чиглэсэн томоохон шинэчлэлийг урагшлуулж, Хятад улсыг 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ.
Санаагаа ойлгомжтой тодорхой илэрхийлдэг, эелдэг зөөлөн зантай Жү Рүнжи барууны албан тушаалтнууд болон эдийн засагчидтай цогц бодлогын асуудлаар байнга ярилцдаг байв.
Европт 27 жилийн дараа нар бүтэн хиртлээ

Испанийн хойд нутгийн болон Гренланд, Исландын олон сая оршин суугчид сүүлийн 27 жилийн хугацаанд Европт нар бүтэн хиртэхийг анх удаа харлаа.
Дэлхийн өнцөг булан бүрээс нарны хиртэхийг харахаар олон мянган хүн ирсэн тул Испанид орон сууцны түрээсийн үнэ огцом өсжээ. Их Британи, Франц, Португал зэрэг Европын бусад улсад нарны хагас хиртэлт боллоо.
Дараагийн бүтэн хиртэлт 2027 оны 8 дугаар сарын 2-нд болох бөгөөд Испанийн өмнөд нутаг, Хойд Африк, Саудын Арабын нутгаас харах боломжтой.
Интел компани IPO хийж 20 тэрбумыг босгожээ
Intel компани хиймэл оюун ухаанд зарцуулах хөрөнгө босгох зорилгоор 15 тэрбум долларын шинэ багц хувьцаагаа зарж байгаагаа зарлалаа. Дараагийн өдөр нь хувьцааны борлуулалт 20 тэрбум долларт хүрч нэмэгдсэн байна. Энэ нь тус компани 1971 онд хөрөнгийн бирж дээр гарснаасаа хойш анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, IPO хийж буй явдал юм.
Nvidia компани 500 тэрбумын санхүүжилт хийнэ
Nvidia компани BlackRock, Goldman Sachs, KKR зэрэг тэргүүлэгч зургаан санхүүгийн компанитай түншлэл тогтоож, "гуравдагч этгээдийн хөрөнгө"-ийг ашиглан үйлчлүүлэгчиддээ 500 тэрбум долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү мөнгийг Nvidia-ийн чипүүдийг ашиглан хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгож буй компаниудад олгоно. Alphabet, Amazon, Microsoft зэрэг хамгийн том үүлэн тооцооллын компаниуд өөрсдийн өөрчлөн тохируулсан хиймэл оюуны чипүүдийг зохион бүтээж байгаа бөгөөд цаашдаа Nvidia-тай ширүүн өрсөлдөх төлөвтэй байна. Nvidia нь асар том компаниудад чипээ борлуулж байгаагаас гадна засгийн газар болон өөрсдийн гэсэн хиймэл оюуны дэд бүтцийг бий болгохыг эрмэлзэж буй компаниудаас бизнесийн шинэ боломжийг хайсаар байгаа юм.
Панамын сувгийн төлбөр асар ихээр өсжээ

Панамын сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас авдаг төлбөр шинэ дээд түвшинд хүрлээ.
Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш төлбөрийн хэмжээ эрс нэмэгдсэн хэдий ч энэ удаагийн өсөлт бол сувгийн хаалтуудыг усаар хангадаг нуурын усны түвшин багассантай холбоотой юм. Үүнээс үүдэн хөлөг онгоцнуудын усанд суух гүний хязгаарыг бууруулсан тул тээвэрлэж буй ачааны хэмжээг багасгах шаардлагатай болжээ. Ингэснээр хөлөг онгоцнуудын дараалал уртасч, түрүүлж нэвтрэхийг оролдож буй тээвэрлэгч компаниудын санал болгож буй үнэ өссөөр байна.
Хятадын хөлөг онгоц Хойд мөсөн далайгаар Их Британид хүрнэ

Хятадын далайн тээврийн "Sea Legend" компани Хойд мөсөн далайгаар дамжин Оросын эргийн дагуу үргэлжлэх Хойд тэнгисийн замыг ашиглан анхны тогтмол тээвэрлэлтээ хийж эхэллээ.
Хятадын зүүн эрэг дэх Нинбо хот болон Их Британийн Феликстоу хотын хооронд хийж буй энэхүү тээвэрлэлт мөсний байдал тохиромжтой үед буюу зун улиралд ба намрын эхэн сард явагдах ажээ.
"Мөсөн Торгоны зам" хэмээн нэрлэгдэж буй энэхүү чиглэл нь тээврийн уламжлалт замуудыг орлох бодитой хувилбар болно гэж Хятадын тал үзэж байна.
8 дугаар сарын 17 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцид нэгдсэн Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/ даваа гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэлнэ. Тус хуралд оролцох 197 улсын төлөөлөгчид газрын доройтол, ган гачигтай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.
8 дугаар сарын 19 НҮБ-аас зарласан Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд байгалийн гамшиг, дайн дажин, хямрал тэмцэлд нэрвэгдсэн хүмүүст туслахын төлөө амь нас, эрүүл мэндээ золин зүтгэж буй хүмүүнлэгийн ажилтнуудын үйл хэргийг алдаршуулж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг.
8 дугаар сарын 21 Терроризмын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2017 онд гаргажээ.
8 дугаар сарын 23 Боолын худалдааг устгасныг дурсах олон улсын өдөр 1791 оны энэ өдөр Францын колони байсан одоогийн Хаити улсын Сан-Доминго арал дээр боолчуудын томоохон бослого дэгдсэн бөгөөд боолчлолыг халах эхлэлийг тавьсан энэ үйл явдлыг дурсах үүднээс ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 150 дугаар хуралдааны шийдвэрээр “Боолын худалдааг устгасныг дурсах олон улсын өдрийг” тэмдэглэх болжээ.
8 дугаар сарын 17-23 Дэлхийн бадминтоны холбооны /BWF/ ивээл дор болдог ДАШТ 30 дахь удаагаа Энэтхэгийн Шинэ Дели хотын "Индира Ганди Арена" ордонд болно. Энэтхэг улс 17 жилийн дараа ДАШТ-ийг зохион байгуулж байна.
8 дугаар сарын 19 Дэлхийн гэрэл зургийн өдөр
8 дугаар сарын 21-23 Мэдээллийн технологи ба компьютерийн харилцаа холбооны асуудлаарх олон улсын 8 дугаар бага хурал /ITCC 2026/ Токио хотод явагдана.
8 дугаар сарын 21-23 Инновац ба Үйлдвэрлэлийн ложистикийн асуудлаарх олон улсын 12 дугаар бага хурал Макаод болно.
8 дугаар сарын 23 Германы Аахен хотноо болж буй Морин спортын ДАШТ /FEI World Championships/ өндөрлөнө.
8 дугаар сарын 21 Италийн Таранто хотноо Газар Дундын тэнгисийн орнуудын спортын наадам эхэлнэ.
8 дугаар сарын 22 Их Британийн Премьер Лигийн 2026/2027 оны улирлын тоглолтууд эхэлнэ.
8 дугаар сарын 19-23 Хорватын Загреб хотноо эрэгтэйчүүдийн уран гимнастикийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно.
8 дугаар сарын 21-23 “Формула-1” уралдааны Хайнекен Гран При гараа Нидерландын Зандвоорт хотод явагдана.


Сэтгэгдэл байхгүй байна