• Эхлэл
  • Баянгол ресторанд нэгжлэг хийж байна

Баянгол ресторанд нэгжлэг хийж байна

2016/04/11

УИХ-ын гишүүн Х.Баттулгын гэгддэг Баянгол ресторан руу өнөөдөр 15.30 цагийн үед тусгай тасгийнхан дайрч орж нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл гарлаа.

Цагдаагийнхан Баянгол ресторан болон оффисын хэсэгт нэгжлэг хийж байгаа бололтой. Дотор УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байгаа, хэн нэгнийг баривчилж магадгүй гэсэн мэдээлэл тархаад байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд тусгай болон цагдаагийн албаны хүмүүс шалгалт хийж байгаа аж. Тус зочид буудлын орчимд тусгай албаны болон цагдаагийнхан хамгаалалт гаргасан байгаа бөгөөд дотогш, гадагш хүн нэвтрүүлэхгүй байгаа аж. Түүнчлэн дотор нь мөрдөн байцаалт явагдаж байгаа учир дотор байгаа бүх хүмүүсийн гар утсыг унтраалгажээ.

Шинэ төмөр замын гэгдсэн хэргээс үүдэн өмнө Х.Баттулгын хамгаалагчаар ажиллаж байсан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийг дарга асан Б.Батзаяаг баривчлан хорьсон. Мөн Х.Баттулгатай хамт ажиллаж байсан гэх 4-5 хүнийг хорьж, ой гаруй настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорьсон нь олон нийтийн дунд эсэргүүцэл төрүүлээд байсан.

Мөн хоригдож байгаад суллагдсан Б.Батзаяаг Монголоос оргон зайлсан гэсэн мэдээлэл ч гарч байсан юм.

Өөрөө бол улс төрийн бүлэглэлүүдийн тэмцэл гэж нэрлээд байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга руу чиглэсэн гэх дуулиант хэргийн бас нэг үйл явц нь эрхэм гишүүний мэдлийн Баянгол рестораныг нэгжих ажиллагаа болж байгаа бололтой.

Нэмэлт мэдээлэл 17:30 цагийн байдлаар:

Баянгол зочид буудалд нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин, хүү болон жудогийн бөхчүүд, улстөрчид, их аварга Асашюүрү, олимпийн аварга Б.Түвшинбаяр ирж байна. Тэд мөн л тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд товч тайлбар хэлснийг дор хүргэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нөхцөл байдал дээр ирээд байна.

-Өнөөдрийн энэхүү нэгжлэг нь нам дотор үүсээд буй асуудалтай холбоотой юу?

- Огт тийм зүйл байхгүй.

- УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэж та үзэж байна уу?

- Халдсан, халдаагүй эсэхийг нь нөхцөл байдлыг харж байж л хэлье. Яг одоо юу болоод байгааг би мэдэхгүй байна. Төрийн ордонд байхдаа мэдээлэл аваад ирж байна. Нөхцөл байдлыг харахаар ирээд байна. 

Хотын дарга Э.Бат-Үүл

-Нэгжлэг хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой. Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр"Энэ талаар одоогоор ямар ч мэдээлэл алга байна. Би твиттерээс мэдсэн даруйдаа ирлээ. УИХ-ын гишүүнийг баривчилж байгаад санаа зовж байна. Дотогш нэвтрүүлэхгүй байна"

УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа

-Ямар учраас гэнэт ийм тусгай ажиллагаа явагдаж байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан явдал гэдгийг хэлье" гэв. Баянгол зочид буудлын гадна ирсэн хүмүүс дотогш нэвтэрч чадахгүй байгаа бөгөөд дотроос ямар нэг мэдээлэл одоогоор ирээгүй байна. Ирсэн хүмүүс ч гэсэн ямар нэгэн мэдээлэл байхгүй, зөвхөн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн сургаар санаа зовниж ирсэн гэж ярьж байлаа. Мөн УИХ-ын гишүүн М.Зоригт ирээд явжээ.

 

Харин Х.Баттулгын охин Б.Намуунаа

-Өдөр 13.00 цагаас хойш цагдаагийнхан цугларч эхэлсэн. Цэцэрлэгийн цаана ч /Баянгол зочид буудлын арын цэцэрлэг/ цагдаагийнхан цуглаад байгаа гэж байна гэж ярьж байлаа.

Ийн одоохондоо Баянгол рестораны орчимд хүмүүс цуглаад байгаа бөгөөд манай сурвалжлагчийн мэдээлснээр ямартаа ч хотын дарга Э.Бат-Үүл дотогш нэвтэрч ороод буцаж гарч ирсэн гэж байна.

Х.Баттулгын найз нөхөд, жүдо бөхийн тамирчид мөн ирээд байгаа бөгөөд “Маргааш тэмцээнд явах гэж байснаа ийм явдал болоод байгааг сонсоод сандарч л байна” гэсэн яриатай байлаа. Мөн энэ үеэр дахиад цагдаагийн нэмэлт хүч дуудаж байгаа гэнэ, 500 цагдаа бэлэн байдалд байгаа гэнэ гэсэн яриа тархаж байлаа.

УИХ-ын халдашгүй дархан эрхийн тухайд прокуророос хүсэлт гарган бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй, мөн гэмт үйлдлийн газар дээрээс шууд баривчлах тухай өмнө нь заалт байсан ч үүнийг сүүлд хассан. Тийм учраас УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлан саатуулах боломж байхгүй. Зөвхөн компанийнх нь үйл ажиллагааг шалгаж, зарим ажилтнаас нь мэдүүлэг авч байгаа гэж тайлбар хэлэх ч хүн байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Энэ шалгалт  Х.Баттулгатай холбоотой шалгалт биш. “Түмэн хишигтэн”, “Баялагийн хувь” компаниудад прокурорын зөвшөөрөлтэй хийж буй шалгалт юм. Өнөөдөр 18:00 цагт Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвд энэ тухай мэдээлэл хийнэ” гэлээ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

ЦЕГ:Бид хэнийг ч баривчлах гээгүй

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна