• Эхлэл
  • Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжинэ

Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжинэ

2016/12/20

Эрүүл мэндийн салбарын 100 гаруй эрдэмтэд өнөөдөр нотолгоонд суурилсан анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, үүнийгээ цаашдын бодлогын баримт бичигт хэрхэн тусгах талаар санал бодлоо солилцож байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын өнөөгийн байдал болоод цаашид бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсны дараа эрдэмтдийн үгийг сонслоо.

Сайд энэ үеэр хэлэхдээ, Засгийн газар 2016 онд Монгол улсын тогтвортой хөгжлийн цогц бодлого-2030 хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан.

Уг баримт бичигт салбарын хөгжлийн зорилтыг хангах зарчимд өндөр, бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин урамшуулахаар тусгасан байгаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны төлөвлөгөөнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгох гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Ийнхүү ажиллахад эрдэмтэн та бүхний оролцоо хийгээд судалгаа шинжилгээ, санал санаачилга чухал байдаг, ялангуяа хүн амыг хамрах хүрээ өндөртэй өвчлөлүүдэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллахыг эрдэмтдээс хүслээ.

ЭМЯ-ны зүгээс шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь хүртэлх түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

Монгол улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн есөн орны нэг болсон. Хэрэгжилтийн дүнд эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 49.5, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 15.3, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18.7 болж 1990 оны түвшингээс 4 дахин бууруулж чадсан. Мөн ХДХВ/ДОХ, сүрьеэгийн тархалтыг хязгаарлах зорилтуудыг хэрэгжүүлсэн.

Мөн манай улс 2005 оноос бөөр, 2007 оноос элэг,  2014 оноос чөмөг шилжүүлэн суулгах  эмчилгээний шинэ арга, эмчилгээний технологийг нэвтрүүлж эх орондоо нутагшуулж чадсан юм.

Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хот суурин газарт амьдрах нь нэмэгдсэнээр орчны нөлөөллөөс шалтгаалах өвчлөл ихсэхээс гадна энэ нь иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлэх хандлага ажиглагдаж байна.

Хүн амын төвлөрөл, хотжилт, техник технологийн дэвшил уул, уурхай, аялал жуулчлалын хөгжил зэрэг нь хүн амын эрүүл мэндийн асуудалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол, хөдөлгөөний хомсдол, стресс, тоосжилт түүнээс улбаатай өвчин эмгэг хүн амын дунд эрс нэмэгдэж байгаа юм.

Хүн амын халдварт бус өвчний шалтгаантай өвчлөл нас баралт түүний дотроос цусны эргэлтийн эмгэг, хорт хавдар, осол гэмтэл, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин, сэтгэцийн эмгэг нэмэгдсээр байна. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний зэрэгцээ өнөөг хүртэл бүртгэгдсээр ирсэн ХДХВ/ДОХ, сүрьеэ, вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэл В, С, бруцеллёз өвчний хяналтын асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.

Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, дундаж наслалтыг уртасгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөдөлмөрлөх эрхийг хангах, халдварт болон халдварт бус өвчнийг бууруулах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэргийг тэргүүлэх чиглэл болгон түүнд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, инноваци, шинэ дэвшилтэт тенхологиудыг дэмжин эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллахаар төлөвлөж байна.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цөм технологи, инновацийн төсөл, суурь судалгааны төсөл, шинжлэх ухаан технологийн захиалгат төсөл, олон улсын байгууллагуудтай хамтсарсан төслүүд хэрэгжсэн хэдий ч төслүүдийн давхцал бий болсон мөн судалгаанаас гарсан үр дүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрэн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь бага байна. Мөн шинжлэх ухаан технологи, судалгаа руу чиглэсэн санхүүжилт хангалттай бус байгаа юм. Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудын нэг байсаар байна.

Ийнхүү эрүүл мэндийн салбарын эрдэмтэд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин