• Эхлэл
  • Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан болов

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан болов

2016/12/21

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан /2016.12.20/ боллоо.

Хуралдаанаар,

-Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан

- Монголын ОҮИТБС-ын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төсөл, цахим тайлагналын журам, нээлттэй мэдээллийн бодлогын тухай

-Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох замын зураг, төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ОҮИТБС нь ашигт малтмал, газрын тос зэрэг байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгох замаар түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, засаглалыг нь бэхжүүлэхийг зорьж байна. Дэлхийн 51 орон ОҮИТБС-ыг 2016 онд батлагдсан стандартын дагуу хэрэгжүүлж, эрдэс баялгийн салбараа ил тод болгож байна. Манай улс ОҮИТБС-ын нэгтгэл тайлангаа 2006 оноос жил бүр, тасралтгүй гаргаж байгаа юм.

ОҮИТБС-ын нэгтгэл тайлангаар тэргүүлэх 202 компанийн төлбөрийг Засгийн газрын орлоготой тулган баталгаажуулж, олгогдсон тусгай зөвшөөрлийн ил тод байдал, эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, хайгуулын ажил, ажиллах хүний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит  аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт, хандив, компаниудын ашиг хүртэгч зэрэг стандартаар шаардсан судалгааг гаргахын хамт хөндлөнгийн дүгнэлт өгч, Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах талаар зөвлөмжүүдийг өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин