• Эхлэл
  • 16 ААН-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

16 ААН-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

2016/12/21

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар автомат тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 25 тоглоомын газрыг шалгаж, 19 газрын 149 ширээ бусад эд зүйлийг хураан авч, битүүмжилжээ.

Уг шалгалтад хамрагдсан 16 ААН-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү.Хосбаяр "Нийслэлийн соёл урлагийн газраас автомат тоглоомын болон цахим тоглоомын үйлчилгээ явуулах нэг жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгоод байсан. Энэ зөвшөөрлийг 2016 оны тавдугаар сарын 1-нд хүчингүй болгосон байгаа.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод автомат болон цахим тоглоомын газар нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль бус гэж үзнэ.

Хууль бусаар автомат тоглоомын газар ажиллуулж байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйл ангид заасны дагуу ААН-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг" гэв.

Шинэ жилийг угтан Улаанбаатар хотын цагдаагийн газраас пиротехникийн хэрэгсэл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Чанарын шаардлага хангахгүй, стандартын бус пиротехникийн хэрэгсэл худалдан авч баярын өдрүүдэд хэрэглэж байгаад иргэд гэмтэж бэртэх тохиолдол гарж байсан учраас энэ төрлийн болзошгүй эрсдлээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар зохих зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илээргүй байгаа аж.

Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,079 ААН-ийг шалгалтад хамруулжээ. Шалгалтаар нийт 49 зөрчил илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь архи согтууруулах ундааг хууль бусаар гар дээрээс худалдсан зөрчил байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин