• Эхлэл
  • Аав ээжийн жагсаал 12 цагт эхэлнэ

Аав ээжийн жагсаал 12 цагт эхэлнэ

2016/12/26

Энэ сарын 26-нд буюу өнөөдөр ээж аавууд төв талбайд жагсах гэж байна. Юун жагсаал билээ гэж гайхах хүн цөөнгүй байгаа байх.

Тэгвэл ээж аавууд утааны эсрэг жагсаал хийх гэж байна. Тодруулбал, эцэг, эхчүүд нэгдэн утааны эсрэг тайван жагсахаар болжээ.

Энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд болох уг жагсаалыг “Утааны эсрэг ээжүүдийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа аж.

Энэ талаарх мэдээлэл сошиал ертөнцөд “давалгаалж”, эцэг эхчүүдэд жагсаалд нэгдэхийг уриалж эхэлжээ.

Жилийн жилд утааны асуудал хурцаар тавигдаж, өвөлд нь томуу, томуу төст өвчин хурдацтай тархаж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа талаар халагладаг.

Бүр цаашилбал, хүүхэд төдийгүй том хүмүүст ч утаа ханиад томуу төдийгүй үхлийн аюул тарих болсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

Тэгвэл хамгийн их хордож байгаа хүүхдүүдийн ээж аавууд ийн эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Уг жагсаалыг зохион байгуулж эцэг эхчүүд нэгдэн дөрвөн ажлын хэсэг байгуулан ажилалж байгаа аж. Үүнд,

1. Шаардлагаа боловсруулах баг, 

2. Зохион байгуулалтын баг

3. Мөнгө босгох баг; жагсаалд шаардагдах 1 сая орчим төгрөгийг босгох зорилготой. Энэ мөнгийг микрофон өсгөгч генератор түрээслэх, лоозон самбар бэлтгэх, тэдгээрийн тээвэрлэлтэд зарцуулж үлдсэнээр нь маск худалдаж авч жагсаалын үеэр тараахыг зорьж байгаа.

4. Мэдээлэл түгээх баг  гэсэн хэсэгт ажиллаж байгаа юм.

Тэдний энэхүү санаачилгыг иргэд ч их дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр мөн ажил хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдийн хувьд жагсаалд оролцоход нь тухайн албан байгууллагаас нь чөлөө олгохыг хүсч, дэмжихийг уриалжээ. Үүнд,

АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:

Байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн хүмүүс өөрийн ажилтан албан хаагчид нартаа 12 сарын 26 ны өдөр албан чөлөө өгч “Эрүүл амьдрах эрх”-ийнхээ төлөө жагсах, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь олгож өгөхийг Жагсаал зохион байгуулагчдын зүгээс хичээнгүйлэн хүсч байна. Тус өдөр даваа гараг ажлын өдөр учир ажлаасаа болоод талбай дээр ирж амжихгүй, чадахгүй олон хүмүүс байгаа мөн дээрх саналыг ихээр ирүүлж байгааг анхааралдаа авна уу гэсэн уриалга гаргасан байна.

Тэд мөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж дээрх жагсаалд оролцохыг уриалж “Утааны эсрэг ээж, аавууд нэгдэн жагсаал хийх шийдвэр гарснаас хойш богино хугацаанд бид олон нийтийн дэмжлэгийг авсаар байна. Бид энэ эрчээ алдалгүй, хүрээгээ улам бүр тэлсээр хүүхдүүдийнхээ төлөө жагсаалаа амжилттай хийх үүрэг хүлээсэн хүмүүс. Хүүхдээ гэсэн ээж аавын хайраас илүү хүчтэй, үнэн зүйл гэж үгүй.

Хэн ч бидний хүүхдүүдэд бидэн шиг чин сэтгэлээсээ хандаж, ирээдүйнх нь төлөө бодит үйлдэл хийхгүй. Энэ бодит үйлдлийн нэг бол "УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУДЫН ЖАГСААЛ"-д идэвхитэй биечлэн ирж оролцох явдал юм. Бидний хүүхэд өвдөж, суурь эмгэгтэй өссөнөөр Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн зовж шаналахгүй. Зөвхөн бид сэтгэлээрээ шаналж, нялх үрс минь биеэрээ мэдрэх болно.

Улаанбаатарын утаагаар амьсгалж байгаа хүн бүр 2016 оны 12-р сарын 26ны даваа гаригт 12 цагаас Сүхбаатарын талбай дээр ирж жагсах ёстой. Утаа ийм гамшгийн хэмжээнд хүрсэнд бидний буруу бас бий. Утаа Гамшиг болоод 15 жил өнгөрөхөд нэг ч удаа эсэргүүцлээ зохион байгуулалтад орж илэрхийлээгүй эс үйлдлээрээ бид буруутай. Тиймээс хорт утааг арилтал ээж аавууд тэмцэх ёстой” хэмээсэн байна.

Одоогийн байдлаар 20 гаруй мянган эцэг эх жагсаалд оролцох байх гэсэн мэдээлэлтэй байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин