• Эхлэл
  • Хууль бус тээвэрлэлтээс татгалзахыг уриаллаа

Хууль бус тээвэрлэлтээс татгалзахыг уриаллаа

2016/12/22

Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас “Хууль бус тээвэрлэлтээс татгалзъя” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн замд 334 хүн нас баржээ. Эдгээрийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд “2016 онд авто тээврийн салбарт зорчигч тээврийн хэмжээ 18 хувиар өссөн байна.

Улс хоорондын тээвэр нэмэгдсэн ч хот хоорондын нийтийн тээвэр буурсан үзүүлэлттэй байгаа.

Монголд хууль бусаар тээвэрлэлт хийдэг нийт 3,000 орчим тээврийн хэрэгсэлтэй жолооч байгаа гэсэн тоо бий. Үүний дийлэнх нь Дархан, Эрдэнэтийн чиглэлд явж байна.

Манайд бүртгэлтэй, албан ёсны тээврийн хэрэгслүүд олон улсын стандартаар 70 км цагийн хурдтай явдаг. Харин хууль бус тээвэрлэлт хийж буй хүмүүс 120-130 км цагийн хурдтай явж, үүнээс болж осол аваар гарах нөхцөл бүрдэж байна.

Мөн манай авто буудлуудаас, албан ёсны кассуудаас тасалбараа худалдаж авах хэрэгтэй. Албан ёсны тээврийн хэрэгсэл үнээ нэмэх асуудал байхгүй. Харин тэрхүү үнэ ханшийг нэмж байгаа нөхдүүд бол хувиараа, хууль бусаар явж буй иргэдийн асуудал” гэв.

Харин хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь "Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм"-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа ажээ. 

Тиймээс иргэд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзахыг уриаллаа.

Ч.Болор

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин