Жорж Орвелийн тэртээ 1944 онд зохиогдсон “Амьтны фирм” хэмээх энэ ном тухайн цаг үедээ жинхэнэ үзэгдэл болж байв. Гайхаж, эгдүүцэж, бас шоглож... Өнөөдөр ч гэсэн “Амьтны фирм”-ийг хүмүүс янз янзаар хүлээн авдаг. Өнөөдөр ч гэсэн магадгүй зарим нь гайхалта танил дүр зургийг харж магадгүй. Тиймээс уншигчдадаа зориулан орчуулагч Бат- Очирын Эрдэнэцэцэг орчуулан 1999 онд хэвлэснийг хэсэглэн хүргэж байна. Үүний өмнө зохиогчийн талаар товчхон.
Жорж Орвелын тухай:
Эрик Арфур Влейр ( Жорж Орвелл ) эцгийгээ Энэхтхэгт төрийн алба хашиж байхад нь 1903 онд төржээ. Тэдний гэр бүл 1907 онд Англид буцаж ирж, Орвелл 1917онд Итоны коллежид элсэн орж сургуулиас нь эрхлэн гаргадаг төрөл бүрийн сэтгүүлд нийтлэлээ тогтмол хэвлүүлж байжээ. Коллежээ төгссөнийхөө дараа жил, 1921 онд Бирм дэх Энэтхэгийн эзэнт улсын цагдаагийн албанд орж 1928 он хүртэл ажиллав. Энэ үед тэрээр империализмийг үзэн ядах болсон бөгөөд энэ тухайгаа “ Бирмд өнгөрүүлсэн өдрүүд” (1934 он) хэмээх анхныхаа романд өгүүлсэн юм.
Үүний дараа нилээд хэдэн жил ядуу хэрмэл амьдралаар амьдарсан нь “Парис, Лондонгоор өгсөж уруудахуй” романаа бичихэд нь туршлага болсон байна. Тэр хэсэг хугацаанд дунд сургуульд багшилсан боловч эрүүл мэндийн улмаас ажлаа орхиж Хампстидын номын дэлгүүрт хагас цагаар туслахаар ажиллажээ. Хожим нь Орвелл “Английн шинэ долоо хоног” хэвлэлийн газарт роман бичиж өгөх замаар амьжиргаагаа залгуулах болж, 1947 он хүртэл ажиллажээ. 1936 онд ажилгүйдлээрээ алдаршсан Ланкашайр, Еркшайр хотуудад очиж борчуул ядуусын арчаагүй дорой амьдралыг нүдээр үзэж энэ тухай “Виган Пиер хүрэх зам “ (1937 он) роман бичив.
1936 оны сүүлээр Орвелл Испанид бүгд найрамдахчуудын талд байлдаж яваад шархдажээ. Түүний иргэний дайны тухай бичсэн “Каталинад үзүүлэх хүндэтгэл” роман нь уран бүтээлийнх нь оргил нь гэж үнэлэгдэх нь олонтай. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд “Өрхийн хамгаалалт“ нийгэмлэгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ 1940-1943 онуудад ВВС-ийн Дорнын мэдээллийн газарт алба хашжээ. Орвелл “Трибюни“ сонины редактороор ажиллаж байхдаа улс төр, уран зохиолын нүүр тогтмол бэлтгэж байв. 1945 оноос “ Обзервер “ сонины цэргийн сурвалжлагчаар ажиллаж, хожим нь “ Манчестер ивенинг нювс “ сонины байнгын бичигч болжээ.
Орвелл сүрьеэ өвчнөөр хүндээр өвчилж 1947 онд эмнэлэгт хэвтэж, хэвтэрт байсаар 1950 онд 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Уран бүтээл туурвисан хугацаандаа нилээд олон ном бичсэн боловч тус бүрдээ хоёр сая гаруй хувиар борлогдсон “ Амьтны Ферм", “1984 онд“ хэмээх номуудаа хэвлэгдсэний дараа нэрд гарсан юм. Орвеллийн бүх номыг зөвхөн “Пингвин“ (“Оцон шувуу“) хэвлэлийн газарт хэвлэдэг. Ингээд зохиолоо амтархан уншина уу.
БҮЛЭГ I
Эзэмшлийн Фермийн эзэн ноён Жонес шөнөдөө тахианыхаа байрны хаалгыг түгжсэн боловч онгорхой нүх сүвийг нь хаасан эсэхээ санахгүй боптлоо их уусан байлаа.Тэрээр дэнлүүнийхээ гэрлийг тал тал тийш нь цацруулан гуйвсаар хашааг хөндлөн огтолж, гарах хаалгыг өшигчин гарч хоолны шүүгээнд байсан торхноос сүүлчийнхээ шар айргийг аягалан ууж аваад хатагтай Жонесын аль хэдийнэ хурхирч хэвтээ газарруу очиж унтахаар зүглэв.
Унтлагын өрөөний гэрэл унтрангуут фермийн цогцолбор барилга тэр чигээрээ хөдөлгөөнд орж бужигнаад явчихав. Цайвар зүстэй.нэр хүнд бүхий хөгшин Мажор хэмээх бодон урьд шөнө хачин зүүд зүүдэлснээ бусад амьтдад сонсгохыг хүсэж байгаа тухай яриа өдөржингөө тархсан юм. Ноён Жонес замаас аятайхан шиг зайлаад өгөнгүүт бүгдээрээ том саравчинд цуглархаар тохиролцоцгоосон байв. Хөгшин Мажор ( хэдийгээр түүний албан ёсны нэр нь “Сайхан Виллингдон” боловч түүнийг дандаа ингэж дуудна) ферм дээрээ өндөр нэр хүндтэй нэгэн.
Том саравчны нэгэн буланд өндөрлөж зассан тавцан дээр, дэнлүүнээс цацарч буй гэрлийн доорх сүрлэн орон дээрээ Мажор аль хэдийнэ тухлан хэвтжээ. Тэрбээр арванхоёр настай, нилээд хожуу биерхэг болсон боловч одоо хүртэл сүр жавхлантай харагддаг, соёогоо хэзээ ч тайруулж байгаагүйг нь эс тооцвол ухаалаг, уужуу сэтгэлтэй гахай байлаа. Удалгүй бусад амьтад хүрэлцэн ирж элдэв ааш авир гаргасаар дор бүрнээ байраа эзэлцгээв, Эхлээд Блуебелл.Жессие.Пинчер хэмээх гурван нохой ирж, дараа нь гахайнууд өндөрлөсөн тавцангийн урд талын сүрэл дээр тэр даруйдаа хэвтээд өглөө. Тахианууд цонхны янз дээр байраэ эзлэхэд тагтаанууд саравчны нуруу модон дээр далавчааоаа алгадан бууж, хонь, үнээнүүд гахайнуудын ард хэвтээд хивж эхлэв. Боксёр.Кловер хэмээх тэрэгний хоёр морьд алгуур алхалсаар хамт орж ирэн, сүрлэн дотроос харагдахгүй жижиг амьтадыг гишгэчих бий гэж эмээн үсэрхэг далбан туурайгаа их л болгоомжтой өргөж буулгана. Кловер бол дөрөв дэхь жилдээ унагаласнаас хойш галбир төрхөндөө огтхон ч эргэж орж чадаагүй хязаалан насны биерхэг гүү болно. Боксёр бараг арваннайман сөөм өндөр, жирийн хоёр морийг нийлүүлсэн шиг тэнхээтэй асар том амьтан. Хамар доорх цагаан зураас нь түүнийг тэнэгдүү төрхтэй болгодог ч тэрбээр тэргүүн зэргийн ухаалаг, соёлтой нэгэн биш гэлээ гэхэд түүнийг төлөв төвшин зантай, ажиллах асар их чадвартаид нь бүх нийтээрээ хүндэлдэг байлаа.Морьдын араас нь Мюриел нэрт цагаан ухна, Бенжамин нэрт илжиг ирлээ. Бенжамин фермийнхээ хамгийн настай, хамгийн ааш муутай амьтан. Тэр хааяа нэг ярина. Ярихлаараа голдуу утгагүй юм ярина.Жишээлбэл: бурхан түүнд ялаа үргээ гэж сүүл заяасан, удахгүй сүүл ч үгүй, ялаа ч үгүй болно гэх мэтээр ярина. Фермийн амьтадаас тэр ганцаарханаа инээдэггүй байлаа. Хэрэв түүнээс яагаад инээхгүй байгааг нь асуувал инээх юм юу ч олж харсангүй гэнэ. Хэдийгээр нийтэд ил мэдэгдээгүй ч тэр Боксёртой үнэнчээр дотносоно.Тэр хоёр жимсний бутны арын хашаанд бөөр бөөрөөрөө шүргэлцэн хоорондоо нэг ч үг дуугарахгүйгээр ням гаригыг хамт өнгөрөөнө. Эхээс өнчирсөн нугасны дэгдээхэйнүүд саравчинд жагсаалаараа орж ирэн гишгүүлчихгүй байх газар хайн сулхан дуугаар ганганаж тал тал тийшээ ханарч байх зуур хоёр морь хэвтэрээ оллоо. Кловер аврага том хаагаараа тэдний дэргэд хана босгоход нугасны дэгдээхэйнүүд түүний нөмөрт тухлаж төдөлгүй зүүрмэглэцгээв. Эцсийн мөчид ноён Жонесын тагнуул хөөрхөн цагаан тэнэг гүү Моллие дөрвөлжин ёотон зажилж цэмцэгнэн гунхсаар орж ирлээ. Тэр урдуур суудлаа эзэлж бусдын анхаарал татахын тулд улаан тууз зүүсэн цагаан дэлээ сэгсэрч эхэллээ. Хамгийн сүүлд муур орж ирээд дулаан газар олох гэж ердийнхөөрөө ийш тийш харсаар эцэст нь Боксёр.Кловер хоёрын дунд орж тухаллаа.Тэгээд тэндээ Мажорын ярианаас нэг ч үг үл сонсон сэтгэл хангалуун хүржигнэн хэвтэнэ.
Яг одоо гарах хаалганы ар талын шургааган дээр унтаж байгаа тэжээмэл хэрээ Мозесоос бусад бүх амьтад цугларчээ.Тэд бүгдээрээ тухлаж анхаарлаа төвлөрүүлсэн байхыг Мажор хараад, хоолойгаа засаж ийн ярьж эхлэв:
'Нөхөд өө, та нар урьд шөнө миний зүүдэлсэн сонин зүүдний тухай аль хэдийнэ сонссон биз. Гэвч би зүүднийхээ талаар хойно ярина. Эхлээд өөр юм хэлэх хэрэгтэй байна. Нөхөд өө, би та нартай олон сар хамт амьдарна гэж бодохгүй байна, би бээр, миний үүрэг бол амьдралдаа олж авсан ур ухаанаа та нарт дамжуулах явдал гэдгийг ухамсарлаж байна. Би урт насаллаа, хэвтэртээ ганцаараа хэвтэж байхдаа надад юм бодох цаг их байсан бөгөөд одоо амьтдын амьдарч байгаа энэ ертөнцийн амьдралын үнэнийг ойлгосон гэж хэлж чадна гэж бодож байна. Энэ тухай л би та нарт хэлэх гэсэн юм.
“Тэхлээр одоо, нөхөд өө,бидний амьдрал гэж хэрэг дээрээ юу юм бэ? Улаан нүүррүү нь эгцлэн харья л даа: бидний амьдрал ядуу, хүнд хүчир, мөн богинохон. Бид төрөөд барагдтал албадан хөдөлмөр эрхлэдэг. Бидний ашиг шим дуусах мөчид бид жигшүүрт харгислалд өртдөг.Английн ямарч амьтан аз жаргал гэж юу байдгыг, мөн настай болхоороо амар тайван амьдрал гэж юу байдгыг ерөөс мэддэггүй. Англид эрх чөлөөтэй амьтан гэж байхгүй. Амьтад аз жаргалгүй, боолын амьдралтай. Энэ бол энгийн үнэн.
“Гэвч үүнийг бурхнаас заяасан золгүй хувь заяа гэх үү? Манай газар нутаг өөрийнхөө хөрсөн дээр идээшлэгчдээ аятай тохитой байлгаж чадахааргүй ядуу юу? Үгүй шүү нөхөд өө, мянган удаа үгүй. Английн хөрс үржил шимтэй, цаг агаар нь сайхан, газар нутаг маань одоо хөрсөн дээрээ идээшилж байгаагаас хавьгүй олон амьтдыг цадтал нь хооллож чадна. Манай ганц энэ ферм л гэхэд зургаан морь, хорин үнээ, зуу зуун хонь тэжээх чадалтай бөгөөд тэд бүгдээрээ бидний санаанд оромгүй тав тух, нэр төртэй нөхцөлд байх бололцоотой. Тэгвэл яагаад бидний хувьд энэ ядуу амьдрал үргэлжилсээр байна вэ? Яагаад гэвэл бидний хөдөлмөрийн үр дүнг бараг бүгдийг нь хүн төрөлхтөн биднээс хулгайлж авдагаас л тэр. Нөхөд өө, энд л бидний асуудлын хариулт байгаа юм. Ганц үгээр хэлвэл, энэ бол ХҮН гэдэг амьтнаас болж байна! Хүн бол үнэндээ бидний цорын ганц дайсан. Хүнийг л замаасаа зайлуулчихвал өлсөх болон илүү цагаар ажиллах явдал үгүй болно.
“Өөрөө юу ч үйлдвэрлэхгүй байж идэж үгүй хийдэг цорын ганц амьтан бол хүн! Тэр, сүү гаргадаггүй, өндөг дардаггүй, бие нь хэтэрхий сул тул анжис чирч чадахгүйн дээр бүжин гүйцэхээр хурдан гүйж ч чадахгүй. Ийм байж бас бүх амьтдын эзэн гээд байгаа юм аа. Тэр, амьтдыг ажиллуулаад тэднийг өлсгөж үхүүлэхгүйн тулд хөдөлмөрийнх нь үр дүнгээс өчүүхэн бага хэсгийг л хоол тэжээлд буцааж өгөөд үлдсэнийг нь өөртөө авдаг. Газар хагалж үр дүн гаргах нь бидний ажил атал биднээс нэг нь ч нүцгэн арьснаасаа өөр ямар ч өмчгүй. Миний өмнө хэвтэж байгаа үнээнүүд та нар гэхэд л ноднин жил хэдэн мянган галлон сүү өгсөн бэ? Эрүүл чийрэг тугал төллөхөд зориулагдсан байх ёстой тэр сүү хаачсан бэ? Тэр сүүний дусал бүр манай дайсны хоолой руу орсон, тахианууд та нар ч гэсэн,энэ жил хэдэн өндөг дараад, хэд нь дэгдээхэй болов оо ? Үлдсэн өндгийг бүгдээрэнг нь Жонес ажилчиддаа мөнгө болгож өгөх гээд захруу аваачсан. За тэгээд та, Кловер, таны гаргасан нөгөө дөрвөн унага чинь хаана байна аа? Хөгшин болохоор тань хэн таныг асарч тав тухтай байлгах юм бэ? Ойндоо хүрэхээр нь унага бүрийг худалдчихсан, та тэднийхээ нэгийг нь ч дахин хэзээч олж харахгүй. Дөрвөн удаа унагалж бүхий л амьдралынхаа туршид талбайд ажилласаныхаа төлөө та өчүүхэн бага хоол, зүчээнээс өөр юутай байж үзсэн юм бэ?”
“Тэр ч байтугай, өнөөгийн бидний энэ ядуу амьдралаас илүү ядуу амьдрал байдаг гэж үзэх боломжгүй. Миний хувьд бол өөрийгөө азтай нэгэн гэж хэлэхгүй. Би арван хоёр настай, дөрвөн зуу гаруй төлтэй. Энэ бол гахайн амьдралын жинхэнэ дүр төрх. Гэвч ямар ч амьтан эцэстээ ирт хутганаас зайлж чаддаггүй. Миний урд сууж байгаа залуу гахайнууд та нар боддоо, та нарын хэн нь ч ганц жилийн дотор л амьдралаасаа уйдах болно. Үнээ, гахай, тахиа, хонь, ер нь амьтан бүр бүгдээрээ тэр аймшигийг үзэх ёстой. Тэр ч бүү хэл морь, нохой ч дээрдэхээр хувь заяатай биш. Тухайлбал, Боксёр та, таны хүчирхэг булчин шөрмөс хүч харих үед Жонес таныг үнэг барьдаг нохойнд чанаж өгөх гэж хоолойг тань огтлох нядлагч руу явуулчихна. Нохдын тухайд бол тэднийг хөгшрөөд шүд нь унах үед Жонес хүзүүнд нь туйпуу дүүжлээд хамгийн ойролцоох худаг руу түлхчихнэ.
“Ингэхээр нөхөд өө, бидний энэ амьдралын хамаг зовлон бэрхшээл хүн төрөлхтөний түрэмгийлэлээс шалтгаалдаг нь тов тодорхой биш байна гэж үү? Гагцхүү хүнийг л зайлуулчихвал бидний хөдөлмөрийн үр дүн бидний өөрсдийнх болно. Бараг нэг шөнийн дотор бид баян бөгөөд эрх чөлөөтэй болж чадна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тийм ээ, хүмүүний дарангуйлалыг устгахын төлөө өдөржин шөнөжин бие сэтгэлээрээ ажиллах хэрэгтэй байна. БОСЛОГО! Нөхөд өө, энэ бол миний та нарт захих гэсэн зүйл юм. Энэ Бослого хэзээ гарахыг би мэдэхгүй, долоо хоногийн дараа ч юм уу, эсвэл зуун жилийн дараа ч гарч болзошгүй, гэвч хөл доороо сүрэл байгааг харж байгаа шигээ эрт орой алин боловч шудрага ёс тогтно гэдгийг би харж байна.Үлдсэн амьдралынхаа богинохон хугацаанд нөхөд минь, энэ асуудал дээр хараа хяналтаа тавьж байгаарай! Хойч үеийнхэн тэмцлийг ялалтанд хүргэх хүртэл та бүхэн дээр дурдсан миний захисан бүх зүйлийг дараа дараагийнхандаа дамжуулаарай.
“Тэгээд нөхөд өө, та нар шийдвэр гаргахдаа хэзээ ч эргэлзэхгүй байх ёстойг санаж байгаарай. Ямарч нотолгоо баталгаа та нарыг замаас хазайлгах ёсгүй. Хүн, амьтан хоёр нийтлэг сонирхолтой, нэг нь цэцэглэн хөгжвөл нөгөө нь мөн цэцэглэн хөгжинө гэж тэдний хэлэхийг хэзээ ч бүү сонс. Тэгээд амьтад бид тэмцэхдээ үлгэр жишээч нэгдэлтэй, үлгэр жишээч нөхөрлөлтэй байна шүү. Бүх хүмүүс дайсан, бүх амьтад нөхөр болно”
Яг энэ мөчид аймшигтай дуу гарлаа. Мажорыг ярьж байх зуур дөрвөн том үхэр оготно нүхнээсээ гарч ирэн хойд хөл дээрээ цомцойн сууж түүний хэлэхийг сонсоно. Гэтэл ноход тэднийг гэнэтхэн олж харсанд, оготнууд маш хурдан хөдөлж нүхэндээ орсоныхоо ачаар амиа аврав. Мажор дуугай болохын дохио болгож урд хөлөө өргөлөө.
Тэр, “Нөхөд өө, энд шийдвэл зохих нэг асуудал байна.Үхэр оготно, бүжин мэтийн хээрээр амьдардаг амьтад бидний нөхөр үү, эсвэл дайсан уу? Энэ асуудлыг хэлэлцүүлэхийг зөвшөөрнө үү. Үхэр оготно нөхөр мөн үү? гэдэг асуудлыг би хурлаар хэлэлцүүлэхийг санал болгож байна” гэв.
Хэлэлцэх асуудлыг шууд хүлээн авч олонхийн саналаар үхэр оготныг нөхөр мөн гэж тогтов. Гурван нохой, муур гэсэн дөрөвхөн амьтан эсэргүүцэхэд хоёр чиглэлээр санал хураах нь зүйтэй гэлээ. Мажор:
“Надад бас хэлмээр бага сага зүйл байна. Та нарын дайсагнах зүйл чинь бол ХҮН ба түүнтэй холбогдсон бүх юмс гэдгийг үргэлж санаж байвал зохино гэдэг ганцхан зүйлийг давтаж хэлье. Хоёр хөл дээрээ яеагч бол дайсан шүү. Дөрвөн хөл дээрээ явагчид хийгээд,мөн жигүүртнүүд нөхөр шүү.Мөн түүнчлэн хүний эсрэг тэмцэхдээ бид түүнтэй адил болох ёсгүй гэдгийг санаж яваарай. Хүнийг ялчихсан үедээ ч муу муухай зуршлыг нь бүү аваарай. Ямар ч амьтан хэзээ ч байранд амьдрах, оронд унтах, хувцас өмсөх.архи уух, тамхи татах, мөнгөтэй харьцах,худалдаа эрхлэх ёсгүй. ХҮНИЙ бүх зуршил бол нүгэл юм. Дээр хэлсэнчлэн ямар ч эмьтан өөрийнхөө төрх, зан чанарыг алдаж болохгүй. Дорой ч бай, хүчтэй ч бай, ухаантай ч бай, тэнэг ч бай, бид бүгдээрээ л ах дүү нар. Ямар ч амьтан өөр бусад амьтнаа хэзээ ч егүүтгэх ёсгүй. Бүх амьтад тэгш эрхтэй” гэж үргэлжлүүлэн хэллээ.
“Одоо би та нарт урьд шөнийнхөө зүүдний тухай ярья. Би та нарт тэр зүүдээ дүрслэн хэлж чадахгүй байна. Энэ зүүд бол ертөнц дээр Хүн устаж үгүй болох цагийн тухай зүүд байсан. Гэвч энэ зүүд надад мартаад удаж байгаа нэг зүйлийг минь санагдуулсан юм. Олоон жилийн өмнө намайг жижигхэн торой байхад миний ээж бусад мэгжнүүдийн хамт зөвхөн аяыг нь эхний гурван үгтэй нь мэддэг байсан нэгэн хуучны дуу дуулдаг байлаа. Би торой байхдаа энэ дууны аяыг мэддэг байсан боловч олон жил өнгөрч ой ухаанаас минь арчигджээ. Сонирхолтой нь энэ дуу урьд шөнө зүүдэнд минь орж ирдэг юм байна. Тэр ч бүү хэл, үг нь хүртэл орж ирсэн гээч. Олон жилийн өмнө амьтад дуулж байсан боловч хойч үедээ дамжуулж чадалгүй алдарсан дууны үг байсан гэдэгт би итгэлтэй байна. Нөхөд өө, одоо би та нарт тэр дууг дуулж өгье. Би хөгшин болохоор хоолой маань сөөнгө шүү, гэвч би та нарт аяыг нь зааж өгөхөөр та нар өөрөө өөрсөддөө зориулж сайхан дуулах болно. Энэ дууг” Английн амьтад” гэдэг юм.
Хөгшин Мажор хоолойгоо засаад дуулж эхлэв. Түүний хэлсэнчлэн хоолой нь сөөнгө байсан боловч дажгүй дуулчихав. Харин ая нь “Энэрэл”, “Ла Кукарача” гэдэг дуунуудын холилдсон ая байв. Үг нь:
Английн амьтад,Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Аяа, миний цоглог дууг түрнэ.
Эрт орой хэзээ нэгэн цагт
Эзэрхэг түрэмгий хүн хөөгдөх тэр үед
Английн үржил шимт хөрсөн дээгүүр
Амьтад бид дангаараа алхлах болно.
Хонх, дөр хамраас минь салж
Тэрэг тоног нуруунаас минь ховхорч
Амгаа хошуувч хог дээр хаягдаж
Ташуур туйван тасхийхгүй болно.
Санасан бодсоноос илүү эд баялаг
Сайхан арвай, овъёос, өвс хадлан
Хошингор, буурцаг, тэвш дүүрэн хоол
Тэр цагт бүгд биднийх болно.
Бид эрх чөлөөтэй болох тэр өдөр
Английн газар шороо гялалзан гэрэлтэж
Мөрөн голын ус ариусан цэвэршиж
Сайхан хоолны үнэр салхиар тархана.
Өөрчлөлт гарахаас өмнө
Эрх чөлөөтэй болох өдрийн төлөө
Бүгдээрээ бид зүтгэх ёстой.
Үнээ, морь, галуу, хяруул хэн ч бай
Эрх чөлөөний төлөө эцэж цуцахгүй зүтгэе!
Английн амьтад, Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Миний дууг сонсуут түгээнэ
Дууг дуулаад амьтадын сэтгэл асар их догдоллоо. Бараг л Мажорыг дуулж дуусахаас нь өмнө тэд дуугаа хар аяндаа эхэлж байв.Хамгийн мулгуунууд нь хүртэл аяыг нь хэдэн үгтэй тогтоочихоод байхад гахай, нохой мэтийн сэргэлэн амьтад хэдхээн мөчийн дотор дуугаа бүтнээр нь сурчихав.Тэгээд хэдэн мөч бэлтгэсэний дараа ферм даяараа “Английн амьтад”ыг сүр жавхлантайяа түрэн дууллаа. Үнээнүүд мөөрөн, ноход хуцан, морьд баяртайгаар янцгааж, галуунууд ганганан дууллаа.Тэд дуугаа таван удаа амжилттай дуулсандаа баяртай байсан бөгөөд хэрэв тэдний дуулахыг тасалдуулаагүй бол шөнөжин ч дуулж чадах байв.
Харамсалтай нь, чимээ шуугиан ноён Жонесийг сэрээж тэрбээр хашаан дотор үнэг явж байна гэж бодон орноосоо үсрэн бослоо.Тэр унтлагынхаа өрөөний буланд үргэлж бэлэн байдаг буугаа шүүрэн авч харанхуйруу зургаа буудав. Сумнууд саравчны хананд туссанаас хурал яаралтай тарав. Амьтан бүр тус тусын унтдаг газар руу явлаа. Шувуунууд нуруу модон дээрээ үсрэн гарч, амьтад сүрлэн дээрээ хэвтэж энэ мөчид ферм тэр чигээрээ нойронд автлаа.
Үргэлжлэл бий.
Үргэлжлэлийг дор дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна