Сар шинийн баярын өмнөхөн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудайг баривчилсан гэсэн мэдээлэл сошиалаар түгсэн. Тусгайлан бэлтгэсэн постерийг чамгүй өргөн хүрээнд тарааж байсан энэ үйлдэл хуурамч мэдээлэл гэдэг нь ерөнхийдөө тодорхой байсан бөгөөд Э.Бат-Үүл энэхүү мэдээллийг үгүйсгэсэн билээ. /Түүний энэхүү зураг "Баривчлагдсан гээд байсан Э.Бат-Үүл ингээд л ажлаа хийгээд сууж байна" гэсэн тайлбартайгаар цахим ертөнцөд тархсан юм/
Энэхүү "баривчилгаа" хэмээх хуурамч мэдээлэл цацсан нь Э.Бат-Үүлийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаатай холбоотой сөрөг PR гэж үзэх хүн олон байлаа. Гэхдээ Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр илэрхийлсэн гэсэн мэдээлэл тархаж эхэллээ.
Ардчилсан намын хувьд өмнө намын даргаа сунгаагаар өрсөлдүүлсэн шиг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг мөн сунгаагаар тодруулна гэж байгаа. Э.Бат-Үүл энэхүү сунгаанд оролцоно гэдгээ өнөөдөр намынхныхаа золголтын үеэр намын нөхдөдөө илэрхийлсэн гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан.
Одоогийн байдлаар Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Харин намын дарга асан З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Женко хэмээх Х.Баттулга мөн нэрээ дэвшүүлж магадгүй гэсэн таамаг ч байгаа.
Харин МАН-ын хувьд өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг явж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий намууд нэр дэвшүүлэх ёстой. Одоогоор хамгийн оньсого таавар шиг байгаа нь парламентад нэг суудалтай МАХН болж байна. Намынх нь цорын ганц дарга бөгөөд лидер Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй нь тодорхой боловч ялтай байдлыг тооцох тухайтад маргаантай байгаа юм.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна