Өвөл, хавар хурдан морины уралдаан зохиох нь хүүхдийн эрх ашгийг хөндөж, эрсдэлд оруулж байна гэсэн шүүмж байдаг. Гэтэл Засгийн газар хоёрдугаар сарын 22-ны хуралдаанаараа энэ гуравдугаар сард гурван ч уралдаан зохиох товыг баталсан нь мөн л шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар уг уралдаануудыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл, өвлийн уралдаан хүүхдийн эрхийг зөрчиж байгаа эсэх талаар шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн уралдаан зохион байгуулж болохгүй буюу хойшлуулж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл байхгүй байна