• Эхлэл
  • Март-8-ны содон өнгөнүүд

Март-8-ны содон өнгөнүүд

2017/03/08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг монголчууд товчхондоо Мартын-8, эмэгтэйчүүдийн баяр гэж нэрлэдэг.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан гэдэг.
Харин 1975 оноос АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.  Энэ жилийн хувьд улс улсын эмэгтэйчүүд #BeBoldForChange-д нэгдэж буй юм.

Социализмын үеэс тэмдэглэж эхэлсэн энэ өдрийг монголчууд ихэнхдээ л баярын өдөр хэмээн хүлээн авч, ээж, эхнэр, охид эмэгтэйчүүдээ баярлуулдаг. Сар шинийн баярын нүргээн хараахан тасраагүй байгаа энэ өдрүүдэд Эмэгтэйчүүдийн баяр урьдын адил нүсэр хөгжөөнтэй өнгөрч, бараг “уламжлал” шахуу болоод байгаа ёсоор гуравдугаар сарын 7-ны өдөр ажлын хамт олон, найз нөхдийнхөө хүрээнд баярлацгааж, харин 8-ны өдөр гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэсэн хөөртэй өдрүүд үргэлжилж байна.

Харин энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн тэмцлийн өдрийг сануулж, хэсэг бүсгүйчүүд нийслэлийн төв талбайд хагас нүцгэн зогсч эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх мэт уриа барьжээ. Яг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, Алдарт эхийн одон гардуулдаг. Нийслэлийн төв талбайд хаврын дулаавтар өдөр Чингис хааны хөшөөний дэргэд Алдарт эх одон гардсан бүсгүйчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт дурсгалын зургаа татуулж байсан бол тэдний дэргэд хагас нүцгэн гурван бүсгүй уриа лозун барьж зогсоно.

Үүнийг зарим хүн хаврын хүйтэн өдөр ийм маягаар эсэргүүцэл илэрхийлэх нь зохисгүй гэж байгаа бол эрхийн өдрөө умартан идэж ууж, цэнгэхийн оронд ийн зоригтойгоор эсэргүүцлээ илэрхийлж буйг бахархаж байна.

Үүнээс гадна Энхтайван найрамдлын гүүрэн дээр хэсэг залуус анхааруулга бичсэн үгс барин, байр сууриа илэрхийлжээ.

Ийн олон баяр давхацсан өдрүүдийн үргэлжлэл Эмэгтэйчүүдийн өдрөөр баяртай, гунигтай, сонирхолтой өнгөтэйгээр үргэлжилсээр байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна