• Эхлэл
  • Адуунд ”харшилтай” У.Хүрэлсүхийг Ховдын малчид шүүхэд өгөхөөр болжээ

Адуунд ”харшилтай” У.Хүрэлсүхийг Ховдын малчид шүүхэд өгөхөөр болжээ

2017/03/09

Оны өмнөхөн морин эрдэний хамгаалагчаар тодорч адууг экспортлохыг хориглосон Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэрт тухайн үедээ ченж гэгдэх хэдэн наймаачид л хохирсон хэмээн шуугиж байсан. Тэгвэл жинхэнэ хохирогчид нь малаасаа өөр зарах юмгүй болсон малчид байсан нь сар шинийн өмнөхөн тодорхой болжээ.

Малыг хөлөөр нь гаргах нь зөв бодлого биш байж болно. Гэхдээ одоогийн нөхцөлд шууд хориглох нь зөв шийдвэр болсонгүй. Харин ч олон түмэнд таалагдах гэсэн улстөрчийн явцуу амбицид хөтлөгдлөгдсөн шийдэл болсон. “Шанааддаг” шадар сайдын захирамжаар ирэх дөрөвдүгээр сарын 1-нд адуу экспортлохыг хориглосон хугацаа дуусгавар болно. Харин энэ үед адуу гаргах нь бүү хэл авдрандаа мөнгөгүйн дээр айхтар өр зээлэнд улам баригдсан байдалтайгаар Ховдын малчид хавартай золгох нь тодорхой болжээ.

Тэдний дэргэд Бичигтийн боомтоор адуу нь гарсан зүүн аймгийнхан Зүүний хүчнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрт арай бага хохирсон. Энэ өвөл Ховдын Алтай, Үенч, Булган суманд өвөлжилт хүндэрч одоо ч зарим газартаа цасны зузаан 20 см-ээс буугаагүй байна. Байдал хүндрэхийг эртнээс мэдэрсэн гурван сумынхан малаа тэр тусмаа адуугаа зарж борлуулах арга саам намраас л хайж эхэлсэн. Улсын хэмжээнд адуу гаргадаг 40 гаруй компани байдгаас ердөө нэг л Ховдынх.

Таван хошуу малаас адуу зуданд тэсвэр муутайн дээр өвс тэжээл их шааррдаг тул зарах ньтухайн үед зөв шийдвэр байсан. Их цасанд зоогдон нүд анисан адуу, нэгнийхээ дэл сүүлийг идэж буй морьдыг хотын намчид зурагтаар харсан л байх ёстой. Ховдын гурван сумынхан нийтдээ 700 орчим адуугаа мал гаргах эрхтэй компанид гэрээлэн өгсөн. Энэ нь компани малаа урагшаа гаргаж зараад мөнгөтэй болсны дараа малчидтай тооцоо хийнэ гэсэн тохиролцоо юм. Нэг адууг дунджаар 400-500 мянгаар үнэлсэн нь таван морио өгсөн айл овоо мөнгөжих тооцоотой байсан. Гэсэн ч мөнгөжиж чадсангүй. 700 адуу мөнгө болох байсныг долоо ч хүрэхгүй хуудастай Шадар сайдын шийдвэр таслан зогсоосон.

Компани адуугаа гаргаагүй тул малчидтай хийсэн наймаа буцаагдсан. Зарим малчдын адуу нь үхсэн гээд бүр хоосон хоцорлоо. Компани малчин хоёрын энэ маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Ийнхүү Ховдын гурван сумынхан У.Хүрэлсүхээс болж мөнгө ч үгүй, адуу ч үгүй хоцорчээ. Адуу гаргахыг хориглохдоо Шадар сайдтан “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй" хэмээн уянгын халилтай мэдэгдсэн. Харин тэр уянгын халил нь хаврын хахир тарчиг цагт Ховдынхонд мөнгө, гурил будаа болж ирэхгүй нь үнэн юм даа.

Нэгэнт л мөнгө болж үр ашгаа өгөхгүй юм бол “сүлдэндээ залсан” мянган адууны байхгүй гэдгийг малчид энэ өвөл хатуу ойлголоо. Ойлгож бас хаширч хохирсон тул төрийн буруу шийдвэрт дээрэлхүүлээд өнгөрөхгүй гэж шийджээ. Шадар сайдын У.Хүрэлсүхийн шийдвэрээс болж хохирсон малчид нэгдэж төлөөллөөрөө дамжуулан шүүхийн шугмаар хохирлоо барагдуулахаар шийдсэн байна.

Шадар сайдтан хэзээнээс адуунд “харшилтай” хүн гэхэд болно. Адуутай холбоотой гаргасан шийдвэр бүр нь наанаа сайн сайхан мэт харагддаг ч цаагуураа хор уршгаа тарьж л явдаг.

Өмнө нь мөн л Шадар сайд байхдаа адууны 30 мянган нойтон шир гаргах ажиллагааг “ивээлдээ“ авсан. Анхан шатны боловсруулалт хийгээгүй ширийг экспортлохыг хориглосон Засгийн газрын 300, 330-р тогтоол хүчинтэй байсаар атал тухайн үеийн МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэг, Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Адъяасүрэн нарт Шадар сайд У.Хүрэлсүхээс энэ ажиллагаанд хориг тавихгүй болохыг үүрэг болгосон. Гэтэл тэр үед МХЕГ-ын даргын үүрэг түр гүйцэтгэгчээр томилогдсонШ.Раднаасэд нь хаширлаад “дээрээс “ ирсэн үүргийн дагуу шир саадгүй гаргахыг зөвшөөрсөн бичигт гарын үсэг зураагүй гэдэг.

30 мянган адууны шир гэдэг нь асар их мөнгө юм. Үүнээс болж Монголын Арьс ширний үйлдвэр эрхлэгчдийн холбоо гэдэг ТББ хоёр хуваагдаж сөргөлдөгч тал нь анхан шатны боловсруулалт хийгдээгүй шир гаргах гэж байна хэмээн матсан. Шир ачсан вагон Замын-Үүдэд саатуулагдан нэрээрээ гаргах гэж байсан “Моорс лийрэнг” компаний захиралд эрүү үүсгэсэнээр энэ ажиллагаа нурсан билээ. Хэрэг явдлын дараагаар аж ахуйн нэгжүүдэд олон тоогоор хуримтлагдсан адууны ширийг эдийн засгийн хямралын үед экспортоор гаргах зөвшөөрөл олгох нь зөв шийдвэр байсан гэсэн өөрийгөө өмөөрсөн зүйл яригдаад өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн өвлийн адуу гаргах нь мөн л үүнтэй адилхан байсан. Адууны 30 мянган шир хаягдаад дууссан бол малчдын 700 адуу ч мөн тэр замаар орсон билээ.

ЭХ СУРВАЛЖ:chingis.mn

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • сайхнаа
    шадар сайдын шийдвэр зөв өө эсэргүүцээд байх шаардлагагүй
    2017 оны 03 сарын 09
  • монгол
    битгий хуцаад бай бичсэн мал минь
    2017 оны 03 сарын 09