• Эхлэл
  • Монгол авлигын төвшнөөрөө 15 байраар ухарлаа

Монгол авлигын төвшнөөрөө 15 байраар ухарлаа

2017/03/09

Олон улсын "Транспарэнси интернэшнл" байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүн гарлаа. "Транспарэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс “Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан доор 2016 оны авлигын төсөөллийн индексийг зарласан юм.

Олон улсын "Транспарэнси интернэшнл" байгууллагаас явуулдаг авлигын төсөөллийн индексийн судалгааг анх 1996 онд 50 орныг хамруулан хийж эхэлсэн. Харин энэ удаад 176 орны иргэдээс судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 900 хүн тутмын нэг нь эрүүл мэнд, боловсрол, шүүх цагдаа, аливаа зөвшөөрөл авах, улсын сургууль, эмнэлэгт авлига өгсөн гэж мэдэгджээ. Төсөөллийн индексээр орлого багатай иргэд хамгийн их авлига өгдөг болох нь тогтоогдсон байна.

Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индексээр 50-иас доош оноо авсан байна. Үүнд голлон нөлөөлж буй шалтгаан нь төрийн салбарын авлига их байгаатай холбоотой аж.

Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өөрөөр хэлбэл 15 байраар ухарсан байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байна. Манай улсын урд, хойд хөршийг онцлоход ОХУ-ын хувьд 131 дүгээр байр, БНХАУ 79 дүгээр байрт оржээ.

"Транспарэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Монгол Улсад өгч байсан оноо:

ОН

ОНОО

2012

36

2013

38

2014

39

2015

39

2016

38

 

“Транспарэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Монгол Улсад дараах зөвлөгөөг өгчээ.

  • Улстөрчид авлигыг бууруулах лоозон төдий биш бодит санаачлага гаргах хэрэгтэй
  • Улстөрчид амлалтаа биелүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй
  • Авлигатай тэмцэх газрыг улам бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага хэрэгцээ байна гэжээ.

Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Эдгээр оронд мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлтээр илүү оноо авсан аж.

Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ. Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ:news.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна