Хятад улс 2017 онд ДНБ-ий өсөлтөө 6.5 хувьтай байхаар таамаглаж байна. Энэ нь сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт юм. Энэхүү урьдчилсан таамаглалыг БНХАУ-ын 2017 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
“ДНБ 6.5 хувь орчмоор өснө. Гэсэн хэдий ч бид амьдрал дээр илүү сайн үзүүлэлтийн төлөө хичээх болно” хэмээх Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын нээлтийн өмнөхөн танилцуулсан шинэчлэл, хөгжлийн хорооны баримтад дурджээ.
БНХАУ-ын төрийн статистикийн хорооны мэдээллээр бол Хятадын ДНБ-ий өсөлт 6.7 хувь болж саарсан. Энэ үзүүлэлт 2015 онд 6.9 хувьтай байсан юм.
Албан ёсны таамаглалд дурдсанаар инфляци энэ онд гурван хувьтай байх бол хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн түвшин 4.5 хувьд хүрч, БНХАУ-ын улсын төсвийн алдагдал 2.38 их наяд юань буюу 346 орчим тэрбум ам.долларт хүрэх аж. Энэ нь ДНБ-ий гурав орчим хувь гэсэн үг юм.
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал өчигдөр өглөө Бээжинд нээлтээ хийсэн. Хятадын парламентын 3000 орчим гишүүн оролцож буй энэ их хурал гуравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Уг хурлыг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян үг хэлсэн. Түүнчлэн ардын төлөөлөгчдийн хуралдааны удирдах байгууллагууд, ардын прокурорын газар, ардын шүүх болон бусад газрууд тайлан, баримтаа танилцуулсан байна.
Энэхүү их хурал эхлэхээс өмнөхөн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын албан ёсны төлөөлөгч Фу Ин энэ онд улсын цэргийн төсвийг долоон хувиар нэмэгдүүлж, ДНБ-ий 1.3 хувьд хүргэж буй талаар мэдээлсэн билээ. Ийнхүү цэргийн зардлыг нэмэгдүүлэх болсон нь улсын аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм байна.
Дашрамд сонирхуулахад Хятадын цэргийн төсөв дэлхийд АНУ-ын араас хоёрдугаарт бичигддэг. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2015 оны есдүгээр сард мэдэгдэхдээ 2017 оны сүүлч гэхэд зэвсэгт хүчнийхээ тоог 300 мянган хүнээр багасгана гэж амлаж байсан билээ. Хэдий тийм боловч Хятадын арми дэлхийд хамгийн хүчирхэг буюу хоёр сая хүний бүрэлдэхүүнтэйд тооцогддог юм.
ЭХ СУРВАЛЖ:Өглөөний сонин
Сэтгэгдэл байхгүй байна